Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн Удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалтыг явуулсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв. Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигч дадаа хүргэж буй. 2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т “Өдрийн сонин”-ы албаны дарга Норовын Гантулга “Шинэдийн саран тунгалагших цаг дор” тэмдэглэлээрээ шалгарсан юм.
- Аян замын тэмдэглэл-
Н.Гантулга
Баянхангай хайрхны тэргүүн дээр арван тавны саран тэргэлтжээ. Дугуй цагаан сарны туяа Хөшөөтийн голыг дэлхэн бүрхэж, алсын уулсын сэрвээг ажихуйд тунгалаг хөх чулууд сүүнд булхагдан байна уу гэмээр. Тийм л үзэсгэлэн төгөлдөр хийгээд зөөлөн, дулаахан ажгуу. Сэтгэл ихэд хөхин баясаж, даанчиг амгаланаар Гозгорынхоо орой дээр зогсоход нутгийн салхи энгэр заамаар шургална.
Гозгорын өвөрт өвөлжиж буй аавын гэрээс нарийн цэнхэр утаа шөнийн саруулд эгц дээшээ олгойдож, тэрүүхэн дор хэрээстэй морьд тургилах нь нэг л дотныг яана. Хаврын тэргүүн сарын шинэдээр ус нутагтаа ирж, уулсынхаа салхи савирт алгадуулан, сарны гэгээнд сэтгэл цэнгэгших шиг агшин хором юутай ч зүйрлэмгүй билээ. Дүүгийн хамт хоёр морио чөдөрлөж орхичхоод, буцаад гэр рүүгээ алхсанаа санаа бодол нэг л тогтож ядан байсан учир шөнийн аниргүйд ийн зогсож байгаа хэрэг.
Шинийн арван таванд багтаж аавдаа ирж золгов. Аав минь Баянхангайн даваан дээгүүр машин гарч ирэн Хөшөөтийн голыг хөндлөн огтолж, Гозгорын өвөлжөөнд жолоогоо таттал гаднаа дурандан суудаг сан. Үр хүүхэд нь мөн ч бай, биш ч бай яг л тэгж хүлээнэ. Энэ удаа ялгаагүй. Үзүүр нь сэмэрч, гандаж хөхөрсөн алчуураар дурангаа ороосон шигээ зогсож байлаа. Аавдаа ирж үнсүүлэх бүр нэг зүйл санаанаас гардаггүй. Дээд сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа Цагаан сарын өмнөхөн гэртээ ирлээ. Хагас жилийн хичээлээ дуусаад амралтаараа ирж байгаа минь тэр.
Сумын төвд ирчихээд хэд хэдэн айлаар оров. Бас ч үгүй төв газар удсаных орох айл, уулзах хүн мундаагүй байлгүй. Аав хонио хариулангаа баз хүргэчүүдийн нэг болох Амаагийнхаар бууж л дээ. Гэрийн эзэгтэй цай өгөх зуур “Төвд хүү чинь ирсэн дуулдсан” гээтэхэж. Тэр даруй халуун цайг залгилах нь холгүй уугаад мордоод давхичихсан байгаа юм. Хар эрчээрээ гэрийн гадаа ирээд уяан дээрээс ээжийг дуудан, баяртай мэдээ дуулгая, төвд хүү ирсэн гэнэ гээд хоёр нүднийх нь харц ер бусаар гэрэлтчихсэн, манайхны хэлдгээр хөл нь газар хүрэхгүй орж ирсэн гэдэг.
Оройхон мотоцикльтой гэртээ давхин ирэхэд нохой дуугаар минь таньж, сүүлээ шарван ар өврөөс зүүгдээд, гэрт ээж “Чи гараач ээ, хүү чинь ирчихээд байна” гэх нь сонсогдоно. Яваад ортол аав эрэгнэгийн тэнд зогсож байх юм. Намайг үнсэж ч чадалгүй уйлаад байж билээ. “Алив хөгшөөн, айраг цагаа, хоол унд” гээд л. Бүх зүйл өмнө нь бэлэн байгааг анзаарах ч сөхөөгүй. “Хүүгийн минь хотод өнгөрүүлсэн таван сар аавд нь таван жил болох шиг удлаа. Ээж нь яах вэ, хаа нэг очоод уулзчих юм, төв ороод утсаар ярьчих юм. Аав нь хэдэн адууныхаа дэргэд хий дэмий санаж, сэтгэл дотроо л уйлж явлаа даа” гэж хэлэхэд л миний бие гэртээ ирэлгүй, аавдаа үнсүүлэлгүй удсанаа ойлгосон доо. Тэр цаг мөч өчигдөр мэт л санагдах авч даруй арван жил өнгөрчээ. Хөшөөтийн голынхон нэгнийд нь холоос гийчин ирэхэд морьтой нь морьтойгоо, машинтай нь машинтайгаа давхин ирдэг бичигдээгүй хуулийн дагуу нэг л мэдэхэд аавын гэр зочдоор дүүрсэн байлаа. Сар шинэ хэдий хуучирсан ч айраг цагаа бүх зүйл элбэг дэлбэг. Өвөлжөөн дээрх өвсийг дарсан цас үзүүрээсээ хайлмагтан урсаад, сүрэгтэйгээ алхаа нийлэх тэнхэлгүй болсон хэдэн борлон пин дотор бөөвийчихсөн зогсоно. Бас болоогүй ээ, ногоон өвс голдоо хаяулчихсан, хар “онгоц”-нд ус дүүргүүлчихэж. Тэгээд л санаа амар, хэвтэх нь хэвтээд, зогсох нь зогсож байгаа аж.
Цугласан олон Цагаан сарын бөх болон хол ойрын сонин сайхныг хуучилна. Доржсамбуугаа хоёрын даваанд унана гэж бодоогүй шүү. Тү рүүлэх л юм бодож байлаа гэнэ. Мөн залуу заан М.Өсөхбаярт нутгийнхан маань бас л найдлага тавьж байсан бололтой. Шигшмэл морьдын Дүнжингарав уралдааны төвийн бүсийнх нь манай сум (Булганы Хишиг-Өндөр)-д болно гэж байснаа больчихлоо. Яагаад больчхов. Уул нь “Авзага”-ын Мэндээ хийнэ л гэж байсан гэх яриа бас өрнөөдөх сөн. Мал хэдийгээр төллөж эхлэх, гүү унагалсан, эсэхийг малчдаас сонирхоход, гуравдугаар сарын аравдаар мал төллөнө. Гүү өнөө маргаашгүй болчхоод байгаа гэв. Намайг хөдөө гэртээ очдог тэр өдөр Тээг буюу гуравдугаар багийн хурал болжээ. Сумын Засаг дарга, багийн дарга гээд бүгд л ирцгээсэн аж. Энэ онд Хишиг-Өндөр сумын 80 жилийн ой тохиож байгаа. Багийн хуралд суусан хүмүүс бүгд манайхаар ирлээ. Өглөөгүүр тэд гөрөөнд гарч, Ар, Өвөр булаг, Ангалын эхийг үргээсэн гэнэ. Хоёр чоно гарсан даа, хаагуур явчихав. Шар жалгаар л дутуу эргэчихлээ хэмээн бууз жигнэх хооронд хөөрөлдөв. Тэр зуур Засаг даргатайгаа тусгайлан уулзаж, сум орон нутгийн талаар асууж сонирхлоо. Өнөө жил манай сум 148 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн жил 174 мянган мал тоолуулсан юм байна. Сумын хэмжээнд хоёрхон тэмээ байгаа нь анхаарал татав. “Шоо” Мягмарсүрэн хэмээх айлынх хэдэн жилийн өмнө арваад тэмээтэй Могодоос шилжиж ирж билээ. Манай сум тэмээгүй. Харин Мягмарсүрэн гуай ирсэн цагаасаа л сумын хамгийн олон тэмээтэй хүнээр ямар ч өрсөлдөгчгүй манлайлж байгаа. Арваад тэмээнээс нь одоо хоёр л үлдсэн хэрэг. Харин нэгдүгээр багийн нутаг болох Цагаан үзүүр, Тогтоогийн хөндийгөөр 200 гаруй тэмээ бэлчээрлэж байгаа гэнэ. Тэд бол даян аварга А.Сүхбатын тэмээ. “Аваргын тэр олон тэмээ манайд өвөлжлөө. Одоо хаваржих гэж байна. Бэл чээр тахаллаа гээд малчид дургүй байдаг. Тиймээс сумын удирдлагууд аваргын малыг нутагтаа байлгах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч тэмээнүүд өвөлжчихлөө” гэж М.Зоригт дарга өгүүлэв.
А.Сүхбат аварга малчид дээрээ хаа нэг л ирдэг гэнэ. Сум орон нутгийн удирдлагуудтай хоёр, гурван жилийн өмнө уулзаад, хэд хэдэн зүйл дээр санал солилцсон аж. Ухаандаа, танай сумд бөхийн дэвжээ байгуулна. Бөх төрүүлэх тал дээр ихээхэн анхаарна гэжээ. Тэр бүгдийнхээ хариуд малаа бэлчээрлүүлж байхаар тохирсон нь мэдээж. Бөхөө дээдэлдэг монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргын тийм санал тавихуйд хүн бүр дуртай хүлээж авсан нь тодорхой. Гэтэл аварга маань малаа эргэчхээд, өмнөх амлалтаа бол мартчихсан шиг байгаа юм. Тэмээ малыг нь байлгахгүй гэсэн шийдвэр гаргачихсан, хөөж туугаад байгаа болохоор өнөө бөхийн дэвжээ байгуулах ч өнгөрсөн байх даа гэж засаг ноён жаахан харамсангуй өгүүлж байсан.
Батлайн Төмөрхуяг хэмээх сайхан хүн бөхийн дугуйлан ажиллуулж байх үед Хишиг-Өндөрийн залуучууд орон нутагт байтугай улсад мөчөөгөө өгдөггүй байсан. Түүний нэг жишээ нь И.Доржсамбуу гарьд л даа. Гурванбулагаас наймдугаар анги төгссөн хүүхэд манай сумын сургуульд арван жил дүүргэх гэж ирээд Төмөрхуяг багшийн дэвжээнээс бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Мөн манай хүргэн. Ингэхэд манай сум хоёр бөх хүргэнтэй. Нөгөө нь сүүлийн үед олныг шуугиулж байгаа Ч.Санжаадамба юм. Цагаан сараар гарьд, цэргийн хурц арслан хоёулаа л Хишиг-Өндөрт очиж хадмындаа золгоцгоосон гэсэн. Хэд хэдэн фермерийн аж ахуй байгуулагдаж байгаа, сүүний үйлдвэртэй болж буй, Францын хөрөнгө оруулалтаар сум дундын хоёр давхар эмнэлэгтэй болсон гээд бүтээн байгуулалтын ажил багагүй өрнөжээ.
Нүдний хэмээгддэг ардын эмч Ж.Баасанхүү нутагтаа ахмадын сувилал байгуулсан байна. Манай сумд “Орхон гол” төсөл хэрэгжиж байгаа. Тэр тухай нутгийн удирдлагаас лавлахад, сум орон нутгийнхан 100 хувь дэмжиж буй гэж байсан. Тэшүүрийн олон улсын хэмжээний мастер Доржийн Цэнддоо тэргүүтэй үе үеийн шилдгийг төрүүлсэн Асгатын хүрэм нэг үе мөс нь хайлаад тиймхэн байсан ч одоо хуучиндаа орсон гэнэ. 2001 онд тэшүүрийн улсын аварга манай сумд болж байсан түүхтэй. Тэр уламжлал дахин сэргэх бололтой. Уг яриа хөөрөө багийн хурлаас ирсэн зочдын дунд өрнөсөн юм. Сар шинийн үеэр нутагт маань нэгэн явдал болжээ. Тэр тухай уулзсан бүхэн л ярьж байв. Юу гэвэл наян саяын үнэтэй хөөрөг хагарсан байгаа юм. Бүр тодорхой өгүүлье л дээ. Намдагийн Бадарч хэмээх бүхий л насаараа сумдаа эмч байсан хүнд ид шидтэй гартаам хөөрөг өвөг дээдсээс нь уламжлагдаж иржээ. Өвдөж хавдан, хариугүй л явдгийн даваан дээр уг хөөрөг аминд орно.
Хэдэн жилийн өмнө тэрхүү хөөргийг ховор үнэт эдлэл хэмээн улсын сан хөмрөгт бүртгэж, үнийг нь наян сая хэмээн тогтоож, батламж өгчээ. Гэтэл өнөө наян саяын хөөргийг сумын цагдаа залуу эхнэрийн хөх хавдаад гэж хэдэн өдөр гуйгаад, өгөхгүй болохоор нь сүүлдээ уурласан байгаа юм. Бадарч эмч гэргийдээ хандан, юуг нь нуух вэ дээ, хэдэн хүүхэд минь бор дарс хаа нэг хүртдэг. Наад цагдаад хөөргөө өгчих. Тэр хэдийг “зуучихвал” хэцүү шүү дээ гэж эцэг хүний хувиар хэлсний хүчинд гэргий нь өгчхөж. Хөөрөг чухам яаж хагарсан нь мэдэгдэхгүй, ёотон шиг хэдэн хэсэг болчхож. Өнөө цагдаа залуу болон гэргийнх нь яриагаар аягатай усанд хийгээд цонхны тавцан дээр хонуулсан гэж байгаа. Ийм л нэг зохиол шиг зүйл болсон байгаа юм. Бадарч эмч “нэгэнт хөөрөг маань үгүй болжээ. Шүрэн толгой, алтан нуух нь байгаа учир би наян сая гэхгүй, дөчин саяыг л авъя даа” гэсэн дуулдсан. Хөдөө гэртээ ирснийх морь унаж, Хөшөөтийн голоо өгсөв. Цэцэг-Өндөр хайрхны орой тэртээд хөхрөн цэнхэртэж, тэнгэрийн хаяатай алсран цэлийнэ. Наагуур нь Хөх асганы хад эрвийн сэрвийн харагдаж, Бавуу ажаагийн минь нутаглаж байсан Ханхын өвөлжөө, Хавтгайн бэл сэтгэлд дотнохон үзэгдэх ажгуу. Чин зүрхнээсээ хайрлан хүндэтгэж, амь шүтээн хэмээн дээдэлж явдаг Арцын улаан хад минь нэг л энхрий дотно харцаар ширтэх шиг болж, бодлын үзүүрт тунгалагшина. Нар баруунаа хэвийх ахуйд Өвөрбулагийн орой дээр гарлаа. Өвөрбулаг бол төрийн шагналт зохиолч Зундуйн Доржийн нутаг. Ерэн таван онд манайх Өвөрбулагт зусаж, аав минь арав гаруй морьд уяж байсан сан. Доржпалам гуайн олон цагаан нохой морьд үсэргэхэд барьж идчих гээд хэцүү байдгийг санав. Дорждаваа гэж Өвөрбулагаас гардаггүй хөгшин байлаа. Ус нутгийн олон “Том агаа” гэж авгайлна. Том дурангаа зургийн аппарат гэж хүүхдүүдийг хууран гэрийнхээ гадаа зогсоож байгаад зургийг нь авдаг сан. Нэг удаа хаяа айлынх нь бүсгүй дуран гэж мэдэхгүй, шинэ дээлээ өмсөн зургаа авхуулчихаад “Та ямар муухай юм” гээд уйлсан гэдэг шүү. Энэ бүгдийг эргэцүүлэн байх ахуйд хэдийн мал хотолж, шинэдийн сарны туяа асгарч байлаа. Агаарт цохиулаад гээд хэн хүнгүй ярьдаг даа, түүн шиг л юм болжээ. Хар үүрээр босох юм болоод унтсан чинь нэг мэдэх нь нар ханын толгойтой уулзчихаж. Бараг дуудуулан байж сэрлээ. Хөл нүцгэн босон харайж гэрээс гарахуйд өөдөөс асгаран гийх нарны туяа бүхий л биеийг зүү шиг шивж, хэрвээ нарны энерги гэж байдаг бол бүрэн цэнэглэгдлээ дээ гэсэн ойлголтыг төрүүлээтэхэв.
Ээж өвөлжөөн дотор ганцаараа чанга чанга ярина. Гаднын хүн бол олуулаа байна даа гэж андуурахаар. Хэзээнээс хэдэн хурга ишиг, тугал бяруутайгаа ийн ярьж, бодол санаагаа тулган илэрхийлчхээд гэртээ айван тайван орж ирдгийг нь мэдэх учир огтхон ч гайхсангүй. “Хэдэн тогжгор минь (тэжээж буй борлонгуудаа хэлж байна) аятайхан л байж үзээрэй. Хэд хоногоос би төв орчихвол та хэдийг Ноов өдөр бүр над шиг асарч байхгүй дээ” гээд хүүхдүүддээ хэлж байгаа мэт, ойлгохгүй нэгд нь дахин хэлэх нь бий. Өвөлжөөндөө хотолсон мал гэртээ хоносон хүүхэд шиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Хээлтэй цүдгэр үнээнүүд хураалттай хүйдэсний дэргэдээс босон, хэвтэр дээрээ нуур болтол шээснээ бяруу шүдлэнгээ бараадах нь бий.
Голын адагт сул зогсох хэрээстэй морьдыг аав авчирч, морьд ойрхон хоносон байна хэмээн амандаа бувтнан гэрийн хажуу дахь хоёр ухаа шонд уяж зогсоно. Тэр бүх ажлаас миний бие хоцорч, эргэн тойрныг ажин, дотоод ахуйдаа зөвхөн гэрэл гэгээ л цуглуулах ажгуу. Өчигдөр орой сарны туяанд бодсон бодол шөнийн зүүдэнд нэг ирж, нэг буцан тухайн цаг мөчид холын тэртээд зэрэглээтэх уулсын гүдэн шиг өндөрсөж намснам билээ. Аав хуучивтар чисчүү тэрлэгний гадуур ногоон цэмбэн хүрэм давхарлан өмсөж, намайг ухаан ороход л байсан үнэгэн лоовуузаа духдуулсан нь дотно санагдаж байлаа. “Шинийн нэгний өглөө Баянхангай хайрхныхаа орой дээр гараад, нар мандахыг хараад” гэж нэгэн амьсгаагаар утга төгөлдөр яриа эхэлсэн юм.
Идэр залуу насаа морин дэл дээр өнгөрөөж, ус нутгийн олон түмэндээ “адууны салхин дунд яваа Норов эрдэнэ” хэмээн хүндлэгдсэн аав минь адууны хишиг уул гэгддэг Баянхангай хайрхныхаа орой дээр хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд анх удаа гарсан нь өнөө жил юм байна. Мань хүн зүгээр нэг гараагүй аж. Хэд хоногийн өмнөөс хулсан уурга бэлдэн, унаганы ногт зангидаж юм юм л болжээ. Баянхангай бол өвөлжөөний минь өөдөөс дүнхийн ширтэж, Хөшөөтийн голоо зорьсон бүхнийг угтаж, үдэх уул бөлгөө. Сумын төвөөс аавын минь ижий, мөн дүү нар нь ирлээ. Мөөм (Хишиг-Өндөрийнхөн ижийгээ мөөм, аавыгаа ажаа хэмээн авгайлдаг) манайд сар шинэ хийгээгүй юм байна. Сар шинэ хийж буйг нь далимдуулж олон ч хүн ирлээ. Ихэвчлэн аавын дүү нар ирэв. Батсүхийн Жаргалсайхан ах сумын аварга малчин болжээ. Өнгөрсөн онд мал сүргээ толгой бүрээр нь өсгөж, сум орон нутгийнхаа ажил үйлсэд идэвхийлэн оролцсон амжилтаараа нэр бүхий гурван малчныг сумын аваргаар тодруулсан байна. Тэдний нэг нь Жагаа ах. Аавын минь төрсөн дүү нарын нэг л дээ. Мань хүн намайг очдог өдөр гэртээ хариагүй. Эхэндээ би анзаараагүй юм. Гэтэл тэднийд малыг нь харах хүн байхгүй байсан аж. Гэргий нь хот явчихсан юм байна. Дараагийн өдөр мөн л манайд өнжив. Төвөөс ирсэн хүмүүстэй хамт шинэлээд л. Мөөм түүнд хэлж байна аа. “Жагаа минь, чи одоо харина байгаа. Өнөө мал хуй чинь юу болж байна. Хэдэн хонийг чинь чоно хөөгөөд алга болж байгаа юм биш биз. Ер нь ингэхэд аварга малчныд чинь сар шинэ хийх гэж байгаа хүмүүс малын бэлчээр дээр нь очин зөвшөөрөл авдаг уламжлалтай. Чам шиг ингэж айл хунараар хэдэн өдөр шинэлэн малаа хаячихаад явдаг хүн хаанаас байх вэ дээ” гэхэд, жаахан халамцсан эр ижийнхээ өөдөөс “аяандаа болно” гээд сууж байх. Гэрт байгаа хүмүүс аварга малчны хонинд чоно ордоггүй юм гэх зэргээр хөгжөөн наргиа үүсгэнэ. Урин цагийн наран өвөлжөөний хормойд дуниартсан аястай налайн, уулсын энгэрт цоохортох хэсэг хэсэг цасыг нарны шил шиг төөнөнө. Их арцын амыг уруудан хэсэг морьтон наашлах, гэрийн хойхно хураалттай хус модон дээр шаазгай хаа нэг буух зэрэг нь хөдөөгийн дүр зураг мөн байлаа. Гэрт өрнөж буй яриаг анзаарахуйд Мөөм аавынхаа тухай ярьж байв. “Ажаа маань “Алтангадас” Жамбалжав хэмээх бөх, зодоонч хүн байсан” хэмээн өгүүлэх буюу. Нас сүүдэр ная шүргэж яваа буурайгийн ухаан шинэдийн сарны гэгээ шиг тунгалаг байсан даа.
Манай сумынхан, ялангуяа Хөшөөт, Баянголынхон Ш.Даш, Ц.Банзрагч заанаа үргэлж дурсдаг юм. Булганы “Гүйдэг цагаан” хэмээх Ширчингийн Даш заан 1938 оны улсын баяр наадамд “Буур” Жамъян аваргаар долоо давж, заан цол хүртсэн байдаг. Арван гурван жилийн дараа буюу 1951 онд “дэрэн бор” Сүнрэвийн Самданжигмэд арслангаар долоо давж, заан цолоо баталсан түүхтэй. Даш заантай холбогдуулж нэгэн дурсамжийг сөхөхөд, гучин найман оны наадмын долоогийн даваанд “Буур” аварга ам авахаар гарын даа нарын зүг хандахад, Жамбаагийн Хорол заан угтаж очоод, Булганы “гүйдэг цагаан”-ыг л битгий аваарай гэжээ. Буур аварга хариуд нь “Чи түүнд тавын даваанд уначихаад тэгж хэлж байгаа байлгүй. Унасан бөхөд шалтаг мундах биш” гэж хэлээд авсан байгаа юм. Жамъян аварга хоёр хөлдөө барьцгүй гүйлгэн уначихаад “Хоролын хэлдэг ч үнэн байжээ” гээд шогширч байсан гэдэг. Даш заан тэгж л Халхын их аваргуудын зүрхэнд шар ус хуруулж явсан түүхтэй. Гэхдээ тэрбээр Банзрагч заан (аймгийн арслан цолтой)-аа сумдаа давдаггүй байсан гэх юм билээ. Хөшөөтийн голд чонон Дондол гэж яггүй хөгшин байлаа. Ганц охинтой. Охиноо багад нь өвөртлөөд хаанаас ч юм бэ дээ манай нутагт хүрч ирсэн гэдэг шүү. “Авгайгаа үнээндээ гарсан хойгуур нялх охиноо өвөртлөөд давхичихсан даа” гэснээс өөр тодорхой зүйл ярьдаггүй. Хишиг-Өндөрт идэр залуудаа тэгж ирсэн ч өөр хүнтэй ханилаагүй, тийм л нэг хөгшин. Одоо хотод байгаа дуулддаг. Мань хүн “Даш зааныг хав дөрвөлжин барьцнаас лавхан бариад авахад хөдөлж чаддаггүй байсан” гэж багад аавтай минь хуучилсныг санаж байна.
Хөдөө гэрээсээ сумын төвд ирэв. Эхлээд Чимидийн Батдэлгэр ахынхаараа буулаа. Утга зохиолын амт шимтэнд анх автаж, тэрүүхэн тэндээ л шүлэг найргаар өвчилж байхад минь хамгийн түрүүнд ойлгож, хайлган сэтгэлээ хадаг шиг дэлгэн угтсан хүн бол Батдэлгэр ах минь юм. Нутгийн олон түүнийг “толь” эсвэл “халзаадай” гэх нь бий. Тийн хочлох нь ч аргагүй. Яриа байхгүй халзан нөхөр л дөө. Хашаанд нь дунд гарын жийп гэхээр цагаан машин сойлттой байна. Ер нь бүдүүн Суурь дарга, Баагий ах хоёроос өөр олон машин сольсон хүн тэр сумд л лав байхгүй байх. Мань хүн ирэх бүр л нэг харж үзээгүй машин сой чихсон байдаг. Гэрийнх нь босгоор алхсан хэн бүхэн Оросын шилдэг зохиолчдын номуудыг хараад биширнэ. Мань хүний номын сан олон ч хүний нүдний мананг арилгасан даа.
Гэр бүлийнх нь хүн сумын цаг уурч. Тэрхүү ажлын хажуугаар хоёр охинтойгоо хамжин бууз хийж, нутгийн олныхоо гэдсийг цатгадаг. Сар шинийн үеэр гуанзаа ажиллуулахгүй байгаа юм байна. Гэрийн эзэн сумынхаа Соёлын төвийн эрхлэгчээр олон жил ажилласан. Харин Засаг даргатайгаа маргасан юм уу, яасан юм бүү мэд. Ажлаасаа халагдчихсаан гээд халзан толгойгоо илж сууна. Алимаа (гэргий нь)-гийн туслах тогоо чоор орох санаатай гээд наг наг инээнэ. Унаган орос хэлтэй, орос “школ”-той түүнийг томоохон таван ханатай гэрт асаагаад орхичихсон дэнлүү гэдэг. Тийн нэрлэдэг хүн нь сургуулийн захирал Цэнд-Аюушийн Дашзэвэг ажгуу. Сумд элитүүд гэж байдаг бол тэр хоёрыг хэлмээр санагддаг. Уулзах бүрдээ ном зохиол ярьж, сайхан хүмүүсийн дурсамж дурдатгалаас хуучилна. Батдэлгэр ахтай Дашзэвэг захирлынд очлоо. “Нууц товчоо”-ны нууцад нэвтэрсэн нэрт эрдэмтэн Шанжмятавын Гаадамба түүний ээжийн төрсөн дүү юм гэдэг. Гаа багшийг Төрийн шагналт нэрт эрдэмтэн гэдгийг манайхан мэднэ дээ. Мөн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж болбоос Гаа багштай тун ойрын садан төрлүүд. Дашзэвэг захирлын ярианаас нэг зүйл ихэд анхаарал татлаа. Тэр нь Төрийн гурван удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай Хишиг-Өндөр сумын сургуульд, түү гээр барахгүй мань захирлынд зочилсон явдал. 1981 онд юм билээ. Хаврын нэгэн орой гэртээ сууж байтал сумын хийдийн хамба лам, эргэн тойрны сумдын олны шүтээн болсон С.Цэрэндагва гуайтай хамт Ц.Дамдинсүрэн гуай ороод ирж.
Гаадамба ахындаа олон удаа уулзаж, нутгийн айргаараа дайлж байсны хувьд ихэд танимхайран уулзсан аж. Дамдинсүрэн төвд судар хайж манай сумд очсон гэдэг шүү. Өвгөнтэй ном эрдмийн тухай багагүй хуучилж, гарахад нь сургуульдаа урин, багш нартайгаа уулзахыг хүсчээ. Тэрхүү хүсэлтийг нь нэрт эрдэмтэн уриалгахан хүлээн авсан гэдэг. Эрхэм захирал Да багшийн хуучин монгол үсгээр үлдээсэн гэрээс үгсийг ихэд нандигнан хадгалдаг нь илт. Баринтагласан судар мэт л дэлгэж үзүүлсэн. Мөн З.Дорж зохиолчийнд оюутан ахуй үедээ очихдоо Дорнын билэгт найрагч Бэгзийн Явуухуланг гэрт нь харснаа дурслаа. Дорж зохиолч С.Оюун найрагчтай амьдарч байхдаа Явуугийн нэг өрөөнд байсныг нь утга зохиолын хүрээнийхэн гадарлана. Тэр үед нь мань эр очсон аж. Ингэхэд сумын орон нутгийн удирдлагууд Бишрэлт гүн Д.Сундуйнхаа хөшөөг сумын захиргааны өмнө босгохоор болжээ. Сундуй гүнийг манайхан өнөө алдарт Барон Унгерныг барив чилсан түүхт нэгэн гэдгийг мэдэх билээ. Бишрэлт гүн Сундуй Ардын хувьсгал ялсны дараа тухайн үеийн Гадаад яам болон Цэргийн яаманд бичээч, Дотоод яаманд туслах түшмэлээр ажиллаж байж. Дараа нь буюу 1924 оноос Авзага хайрхан уулын хошууны анхны захирагчаар ажиллаж байсан түүхтэй.
Сумын захиргааны өмнө Сундуй гүний хөшөөг байгуулахын зэрэгцээ Зундуйн Дорж найрагчийн “Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян Монгол баян
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй,
Монгол эмгэнэлтэй” хэмээх алдарт мөрүүдийг томоохон боржин чулуун дээр сийлэн, хөшөөний ойрхон байрлуулах юм байна. Уг ажилд оролцохоор Дорж найрагч нутагтаа очих гэж байгаа сурагтай. Бодоход, хөөрч баярласандаа хэд хоног хэлгүй, хөлгүй явах байлгүй.
Энэ мэт олон зүйлийг нутгийнхаа тэнгэрээс олж сонсон, шинэдийн сарны туяанд тунгаан болгоолоо. Гүү унагалахаас дөнгөж өмнөхөн, хаврын тэргүүн сарын тийм нэг торгон цагаар ус нутгаа зорьж, уулсынхаа барааг харж, адууч аавын хийморь, адууны салхинд түрхэн зуур саатан морин хуур шиг хөг орсон минь ийм буюу.