Монгол оюутнууд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнг Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл олны хүртээл болгоно. Эл үзэсгэлэнд 100 жилийн өмнө хилийн чанадыг зорьсон залуусын хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлс, гар бичмэл зэрэг 300 гаруй ховор нандин үзмэрийг нийтэд анх удаа толилуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, төрийн архивуудын сан хөмрөгт хадгалж буй албан бичиг, гадаад паспорт, гэрэл зураг, хэлмэгдсэн багш, сурагчдын хавтаст хэрэг, хувийн эд зүйлс, аян замын тэмдэглэл зэргийг дэлгэсэн аж. Мөн үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургуудыг судлаач, сэтгүүлч Ч.Болдын цуглуулга, хувийн архиваас бүрдүүлжээ.
Тэртээ 1926 онд дунд сургуулийн боловсролтой 35 сурагч хээрийн галуу нисэн үл хүрэх газарт эрдэм сурахаар Герман, Франц улсыг зорьсон билээ. Тэдний бага нь 13, ахмад нь 25 настай байв. Сурагчдын 31 нь Германд, дөрөв нь Францад 1926-1930 онд төрөл бү рийн мэргэжлээр суралцсан бөгөөд өрнийн соёлтой танилцаж байсан ч ЗХУ болон Коминтерний шахалтаар эх оронд нь эгүүлэн татжээ. Харамсалтай нь, эрдэм номын мөр хөөсөн залуусын олонх нь улс төрийн хар шуурганд өртөж, зарим нь амиа алдсан. Тэднийг удирдаж явсан багш нар ч хэлмэгдүүлэлтэд өртөж, цаазаар авхуулсан байдаг. Мөн гурван сурагч цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь сэжиг бүхий нас баржээ.
Цаг төрийн ороо бусгаа үед тийнхүү хэлмэгдсэн оюутан, залуус эх орныхоо боловсрол, нийгэм, соёл, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбарт түүчээлсэн тэргүүлэх сэхээтнүүд болж, ажилласан салбар бүрдээ анхдагч болон алдар нэрээ мөнхөлсөн юм. Тухайлбал, орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, Төрийн хошой шагналт, нэрт зохиолч Д.Намдаг, Төрийн шагналт, анхны академичдын нэг, Гавьяат мал зүйч Т.Аюурзана болон анхны Ардын багш Г.Батсүх нарын Монголын сор болсон алдартнууд тэдний дундаас төрөн гарчээ.
У.Цэцэг