Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)”- ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулах тухай А/87 дугаар захирамжийн дагуу суррон, мопед, скүүтерийг энэ сарын 10-наас авто замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Ингэхдээ мопед, скүүтерийг 16, сурроныг 18 насанд хүрсэн хүн унах юм. Тодруулбал, суррон нь мотоциклийн ангилалд хамаарч байгаа тул зөвхөн 18 насанд хүрсэн, жолооны А үнэмлэхтэй, улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдал хангасан, хамгаалалтын малгай, хувцас хэрэгсэлтэй хүн унаж, хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч буй юм. Гэхдээ явган хүний замаар зорчихыг хориглосон төдийгүй дугуйн замаар хөдөлгөөнд оролцоно. Хэрэв тухайн газарт нь дугуйн зам байхгүй бол зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах юм.
Насанд хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг, эхийг 100 мянган төгрөгөөр торгож, скүүтер, мопедыг нь ачиж журамлана. Харин насанд хүрээгүй хүүхэд суррон унасан бол эцэг, эхийг 400 мянган төгрөгөөр торгох юм. Мөн 16 нас хүрснээ “И-Монголиа” апликейшнээр баталгаажуулах аж. Энэ мэт дүрэм, журмаар зохицуулсан боловч бодит байдалд насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер, мопед, суррон хөлөглөж, явган хүний замаар зорчсон хэвээр. Эдгээрийг зорчуулах тусгай зам, талбайг нь гаргаж өгөөгүй байж авто замаар яв гэж буй нь илүү эрсдэлтэй гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Түүнчлэн автомашин, автобусны жолооч нар “Зорчих хэсгээр суррон, мопедыг явуулах болсон нь осол гаргахад нөлөөлнө” гэв. Учир нь эдгээр нь дуу чимээ багатай тул мэдэгдэхгүй гэнэт зам дээр гарч ирж, жолооч нарыг “айлгадаг” байна.
Улаанбаатар хотод өдөрт 600 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож буй бөгөөд 37 мянга гаруй суррон, мопед, скүүтер зэрэг цахилгаан моторт тээврийн хэрэгсэл зэрэгцэн оршиж байна. Урин дулааны улиралд өсвөр насныхан эдгээр тээврийн хэрэгслийг түрээсэлж, замын хөдөлгөөнд оролцох нь ихэсдэг. Цахилгаан моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэмтлийн улмаас ГССҮТ-д 2024 онд 412 хүн тусламж, үйлчилгээ авсан бол 2025 онд 2770 болж, эрс нэмэгдсэн байна. Эл осолд өртсөн хүмүүсийн 72 хувь нь 10-29 насныхан. Ялангуяа 46.6 хувийг 10-19 настай хүүхдүүд эзэлж байна. Иймд эрсдэлээс хүүхэд, залуусаа хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүднээс суррон болон бусад төрлийн тээврийн хэрэгсэл ашиглуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн алба болон ХЭҮК-оос эцэг, эх, асран хамгаалагч нарт сануулж, Боловсролын ерөнхий газар, Монголын хувийн сургуулиудын холбоотой хамтран ажиллах албан бичиг хүргүүлжээ.
Мөн скүүтер, суррон, мопедыг тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий талбайд байршуулахгүй, хаа дуртай газраа орхихын зэрэгцээ, хориглосон байхад явган хүний замаар дайрчих шахам давхиж буйд явган зорчигчид ихээхэн бухимдаж байна. Түүнчлэн иргэд өөрсдөө баруун гарын дүрэм баримтлахгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас хоорондоо мөргөлдөх, шүргэлцэж, гэмтэх тохиолдол гарсаар. Дээр дурдсан хотын даргын захирамжид унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх талаар тусгасныг сануулахад илүүдэхгүй биз. Үүнийг ч мөн холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Ч.Цэлмэг