Хар тамхины аюул хамжааргаа алдаж, хэрэглээ нь жилээс жилд өсөн нэмэгдэх боллоо. Хууль сахиулах байгууллагынхан нь мансууруулах бодисын хууль бус эргэлттэй чадлынхаа хэрээр тэмцэж, илрүүлж, хариуцлага тооцож буй ч хүүхэд, залууст сэрэмжлүүлэг болохгүй, тэднийг айлгаж ичээх ч үгүй байна. Цагдаагийнхантай хамтарч иргэдээ донтох эмгэгээс хамгаалах, сэргийлэх үүрэгтэй эрүүл мэндийн байгууллагын эмч нар нь сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг дамлан зарах болсон. Үүний тод жишээ нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч С.Бэгзжав хүнд өвчтэй хүмүүст олгох зориулалттай, мансууруулах бодисын агууламжтай, донтуулагч бэлдмэлийг худалдан авах жорыг иргэдэд бичиж өгдөг. Түүний бичсэн жороор мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг худалдан авч дамлан борлуулдаг бүлэг хүний хэргийг шүүх шийдвэрлэж, дээрх эмчид таван жил хорих ял шийтгээд байна. Албан ёсны статистик мэдээллээс үзвэл мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлэгсдийн 1.8 хувь нь төрийн албан хаагч гэнэ.
Эрүүл мэндийн байгуулллагынхан нь ийнхүү мансуурагчдад боломж бүрдүүлж өгч буйг яалтай билээ. Үүнтэй зэрэгцээд төрийн цэргийн байгууллагын хурандаа цолтой хүмүүс нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдан нэг нь шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх гэж байдаг.
Төрийн цэргийн байгууллага гэдгийг “Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг ойлгоно” гэж хуульчилсан. Тэгэхээр онцгой байдлын алба төрийн цэргийн байгууллага гэсэн үг. Энэ байгууллагын хоёр ч албан тушаалтан мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тодруулбал, ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа Л.Баярсайханд борлуулах зорилгогүйгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, “Мон та реп” хамтлагийн дуучин асан, хурандаа М.Пүрэвжавын албаны машиндаа дүрэмт хувцастайгаа мансуурсан гэх хэргийг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх албанд шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн. Прокурор хавтаст хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаачхаад буй аж.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис худалддаг, хилээр оруулж ирдэг явдал нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөнөөс мөн. Гэтэл шүүх нь үндэсний, үндэстний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдогчдын толгойг илж, ялыг нь хөнгөрүүлж байгаад хууль тогтоогчид анхаарч, өөрчлөлт оруулах шаардлагатай болов. Хэрэв тэгэхгүй аваас хөнгөн ял шийтгүүлэгсэд түүнийгээ эдэлж дуусаад дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсээр, улам нууц, далд хэлбэрт, маш нарийн зохион байгуулалтад орсоор байна. Тиймээс УИХ-д өргөн мэдүүлчхээд байгаа Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхдээ үндэсний аюулгүй байдлыг нэгдүгээрт авч үзэн, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа ял шийтгэлийн бодлогыг чангатгах, борлуулах зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн тохиолдолд ч хатуу хариуцлага тооцох ёстой болоод буй.
Өдгөө үйлчилж буй эрх зүйн зохицуулалтаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн тохиолдлыг зөрчил гэж үзэж буй нь мансуурагчид олшрох нэг гол шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч прокурорын байгууллагаас сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байдлын судалгаанд “Энэ төрлийн гэмт хэргийн объектив талын шинжийн 70 орчим хувь нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл эзэлж байна” гэж тодотгосон юм даг.
ХЭРЭГЛЭГЧИД УЛАМ ЗАЛУУЖСААР БАЙНА
Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас хийсэн дээрх судалгааны дүнгээс авч үзвэл, 2021 онд 153 хэргийн 229, 2022 онд 156 хэргийн 237, 2023 онд 179 хэргийн 263, 2024 оны 178 хэргийн 248, 2025 онд 208 хэргийн 320 хүнийг шүүх гэм буруутайд тооцжээ. Өөрөөр хэлбэл, эл хугацаанд нийт 874 хэрэгт 1297 иргэн ял шийтгүүлсэн гэсэн үг. Энэ тоон мэдээллээс харахад гэмт хэрэг жилд найм, холбогдогч 8.7 хувиар өссөн байгаа юм. Шүүх дээрх хэргүүдийг шийдвэрлэхдээ 65 хувьд нь хорих, 24.7-д нь зорчих эрх хязгаарлах, 9.2-т нь тэнсэн харгалзах, 1.1-ийнх нь хорих ял оноосон шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг насанд хүрээгүй гэх мэт шалтгаанаар хойшлуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдогчдын 69 хувь нь 15-30, 24.3 нь 30-40, 5.8 нь 40-50, 0.6 нь 50-иас дээш насныхан бөгөөд эрчүүд олонх (88.9 хувь) аж. Үүнээс дүгнэхэд, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн нас улам залуужиж, өсвөр үеийнхэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэрэг үйлдэх, өөрсдөө хэрэглэх нь нэмэгдсэн гэсэн үг. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй хүмүүсийн тоо ч тогтмол өссөөр байгаа нь анхаарал татсан, нийгмийн тулгамдсан асуудал болжээ.
Прокурорын байгууллагаас хийсэн судалгаагаар 18-30 насныхан бүлэглэж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх нь өсөж буй нь тогтоогдсон байна. Уг нь цагдаагийн байгууллагаас их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, удмын санд учрах нөлөөллийн талаар урьдчилан сэргийлэх яриа, таниулга байнга хийж буй ч гэмт хэргийн болон холбогдогч хүүхэд, залуусын тоо төдийлөн буурахгүй байгаа нь харамсалтай. Түүгээр ч зогсохгүй оюутан, сурагчдын тоо нэмэгдэх хандлагатай болсон нь сэтгэл эмзэглүүллээ.
НҮБ-ЫН КОНВЕНЦЫГ САЙТАР СУДАЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭВ
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж, хүмүүс олноор холбогдож буйн шалтгааныг прокурорын байгууллагын судалгааны багийнхан “Иргэдийн сэтгэл зүй, мэдлэг, мэдээлэл дутмаг, сониуч занд хөтлөгдөх, гадаад орчин болон технологийн нөлөөнөөс болж хэрэглэх сонирхол бий болох, нийгэм, эдийн засгийн буюу ажилгүйдэл, ядуурал зэрэгтэй холбоотой” гэж үзсэнээ илэрхийлэв. Ял шийтгүүлсэн хүмүүсийн олонхыг залуу үеийнхэн эзэлж байгаа бөгөөд тэдний 38 хувь нь “ганц бие амьдардаг” гэж шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны үед өгдөг биеийн байцаалтдаа өгүүлсэн байх юм. Энэ нь эцэг, эхийн хараа хяналт сул, ямар нэг ажил хийдэггүй, цахим хөгжлийн муу үр дагавар нь ч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж дүгнэж болохоор.
Хар тамхины өмнө Монгол Улс ийн хүчин мөхөстөх гээд байгаа учраас холбогдох байгууллагууд нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах нь чухал болоод буйг дээр өгүүлсэн. Тиймдээ ч хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр УЕПГ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгийн зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, аргачлал, зөвлөмж боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад уламжлах, мөрдөх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн юм билээ. Үүний үр дүнд хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж, хуулийг нэг мөр хэрэглэх, хэрэгжилтийг хангуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлаар хамтарсан зөвлөмж гаргасан байна. Түүгээр ч зогсохгүй хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодисын хүний бие махбодод хор хөнөөл учруулах чадвар нь ямар болох, НҮБ-ын Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцод заасан “хүний биед нөлөөлөх чадвараар ямар ангилалд багтсан” талаар тодорхой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлдэг байх саналаа прокурорын байгууллагынхан илэрхийлжээ.