Үндэсний номын баярыг жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Эл арга хэмжээ жилээс жилд хүрээгээ тэлсээр 250-300 зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани болон номын худалдаа эрхлэгчид оролцож хэвшжээ. Тэр хэрээр нийслэл, бүс нутгийн олон мянган уншигч зорин ирдэг соёлын томоохон өдөрлөг болон өргөжөөд буй.
Тэгвэл 39 дэх удаагийн номын баярын товыг зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас тавдугаар сарын 1517-нд гэж зарлалаа. Одоогоор хаврын номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Энэ үеэр шинэ номын нээлтүүд болохоос гадна уншигчид өөрийн хүндэлж, хайрладаг зохиолчидтойгоо уулзаж, зургаа татуулах, авсан номон дээрээ гарын үсэг зуруулах боломжтой. Мөн иргэдэд зориулсан номын бөөний худалдаа, хүүхэд, залууст чиглэсэн төрөл бүрийн соёлын үйл ажиллагаанууд болох гэнэ.
Сонирхуулахад, жил бүрийн тав, есдүгээр сард болдог номын баярыг нийслэлээс гадна аймгийн төвүүд, сумуудад хүртэл өргөн тэмдэглэж, уншигчдад шинэ зохиол, бүтээлийг танилцуулах, боловсролын болон соёлын бусад арга хэмжээ өрнүүлдэг болоод байна.
М.Гэгээ