Орон сууц захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл өчигдөр жагсаж, төр засгийг анхааралдаа авахыг хүсэн мэдээлэл хийв. Орон сууцын төсөл хэрэгжүүлнэ хэмээн мөнгөө бүрнээр нь авсан, эсвэл урьдчилгаа төлүүлсэн ч үйл ажиллагаа нь “царцсан”, хугацаандаа ашиглалтад оруулаагүй, дампуурсан зэрэг шалтгаанаар барилгын компанийнхан олон иргэнийг чирэгдүүлж, хохироож байгаа билээ. Албан бус тоогоор ийнхүү залилуулж, хөрөнгө мөнгөөрөө хохирч, цаг хугацаа алдсан хүмүүсийн тоо 70 000 давсан гэдгийг жагсаалд оролцогчид хэлж байв. Тухайлбал, “Марч констракшн”, “Эрхэт монгол” групп, “Сүмбэр цамхаг”, “Их газрын жигүүр” зэрэг компанийг онцлон, иргэдийг хохиролгүй болгохыг шаардав. Тухайлбал, иргэн Б.Наранцэцэг “Манайх “Ажиндай” компанийн “Ред вил” апартментад орохоор 2021 онд захиалга өгч, мөнгөө бүрэн шилжүүлсэн. Эл компани 2019 оноос захиалга авсан ч долоон жил ажил хийсэнгүй. Дөрвөн блок аппартментын хоёрынх нь каркасыг босгосон, хоёрыг нь огт эхлүүлээгүй. Хамгийн гол нь эрх бүхий байгууллагаас барилгын компаниудад газар, тусгай зөвшөөрөл олгосон учраас л тэд ажлаа эхлүүлсэн. Тиймээс ХББОСЯ, Барилгын хөгжлийн төв зэрэг төрийн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Шинэ Засгийн газрынхан үүнд анхаарлаа хандуулж, иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэж өгөөч” гэв.
С.Цэрэн