Усны газраас Туул голын өнөөгийн нөхцөл байдал болон бохирдлын түвшний талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус байгууллагаас голын усны чанарыг тодорхойлох хяналт, шинжилгээг улирал тутамд хийдэг аж. Энэ удаагийн шинжилгээний үр дүнг “Усны чанар, ерөнхий шаардлага” MNS 4586:2024 стандарттай харьцуулахад зарим үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна.
Усны газрын дарга З.Батбаяр “Бид Туул голын мөс дөнгөж ханзарч эхлэх үед буюу өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Яармаг, Маршал, Биокомбинат, Шувуун фабрик, Сонсголон болон Сонгинын гүүр орчмоос уснаас дээж авлаа. Ингэхдээ нэг цэгээс хайлсан усны болон мөсний хоёр төрлийн дээж авч шинжилсэн. Улмаар мөсний дээжийг усныхтай харьцуулахад хамаагүй цэвэр байв. Шинжилгээг Баянзүрхийн гүүр орчмоос эхлүүлсэн бөгөөд усны бохирдлын индекс 44.97 буюу бага зэрэг бохирдолтой гэсэн хариу гарсан. Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч болон савханцар нян илрээгүй нь сайн үзүүлэлт. Гэвч нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их гарлаа. Тодруулбал, стандартад 10 мянгаас доош байхаар заасан нянгийн тоо бодит байдалд 20 мянгад хүрчээ.
Харин Маршалын гүүр орчимд эл үзүүлэлт Баянзүрхийнхээс гурав дахин их буюу 138.64-т хүрч, маш их бохирдолтой гарсан. Мөн гэдэсний бүлгийн савханцар нян илэрсэн. Яармагийн гүүр орчимд усны чанар харьцангуй сайн байсан бол Сонсголон орчимд бохирдлын индекс 136-д хүрч, нянгийн тоо 30 мянга давж, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч болон савханцар илэрсэн. Ийм усыг ахуйн болон бусад зориулалтаар шууд хэрэглэх нь аюултай. Гэдэсний халдварт өвчин дэгдэх гол шалтгаан болдог. Түүнчлэн Биокомбинатын гүүр орчимд усны бохирдлын индекс 459.64 буюу маш их бохирдолтой гарсан. Нянгийн тоо 300 мянга, сульфат задлагч агааргүйтэн 5000 илэрсэн нь шинжилгээний явцад тогтоосон хамгийн өндөр үзүүлэлт” гэсэн юм.

Шинжилгээгээр Улаанбаатар хот орчмын Туул гол нийтдээ ийн бохирдолтой гарсан бөгөөд Маршал, Сонсголон, Биокомбинат, Сонгинын гүүр орчимд нүхэн жорлонгоос үүдэлтэй гэдэсний бүлгийн савханцар үүсгэгч нян стандартаас давсан байгаа аж. Түүнчлэн бүх цэгт химийн болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хүлцэх хэмжээнээс давжээ. Өөрөөр хэлбэл, Туул гол руу ямар нэгэн гаднын биет ороход химийн урвал явагдах бүрэн боломжтой гэсэн үг. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг стандартад нийцүүлж, нүхэн жорлонгийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэв. Шинэ болон хуучин цэвэрлэх байгууламж нийлээд хоногт 420 мянган шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай. Гэвч бодит байдалд бүрэн цэвэрлэж хүчирдэггүй гэнэ.
Түүнчлэн Усны газрын дарга З.Батбаяр “Улаанбаатар хотод мал байхгүй атал гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн, савханцар илэрсэн нь гэр хорооллын айлуудын нүхэн жорлонгийн бохирдолтой шууд холбоотойг харуулж байна. Хүүхдийн эмнэлгүүд өнөөдөр ачааллаа дийлэхгүй, XXI зуунд аль хэдийн устах ёстой цусан суулга зэрэг халдварт өвчин салахгүй байгаагийн гол шалтгаан нь ердөө л энэ юм. Монгол Улс 10 мянган хүнд ногдох эмнэлгийн орны тоогоороо дэлхийд дээгүүр жагсдаг ч хүүхдүүд эмнэлэгт багтахгүй болтлоо өвчилж буй нь нийгмийн эрүүл мэнд буюу усны бохирдол аюултай түвшинд хүрсний илрэл. Бид хөгжил дэвшил ярьж, өндөр барилга, тансаг хэрэглээнд анхаарлаа хандуулах хооронд үр хүүхдүүд маань гадаргын усны бохирдлоос үүдэлтэй өвчлөлд нэрвэгдсээр байна. Тиймээс зөвхөн өвчнийг эмчлэх бус, түүнийг үүсгэж буй гол шалтгаан болох усны бохирдолтой тэмцэх ёстой. Мөн усаа хэмнэж, дахин ашиглах соёлд суралцах шаардлагатай. Хүүхдийнхээ уудаг цэвэр усаар хэдий болтол шал, машинаа угааж, арьс, шир боловсруулсаар байх юм бэ. Хэрэглэж буй усныхаа 50-иас доошгүй хувийг дахин ашигласнаар цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах боломжтой” хэмээв.
Мөн Сэлбэ гол дээр нийт 36 гүүр байдаг ч тэдгээрийн нэг нь ч албан ёсны нэршилгүй. Үүнээс нийслэлийн болон дүүргүүдийн ИТХ голоо хамгаалах, гүүрээ тордох асуудалд хэр хойрго хандаж, төсөв хөрөнгө харамлаж ирснийг харж болно гэлээ.

У.Цэцэг