Манай улс эрүүл мэндийн салбарын үйлчилгээгээ 2022 оноос гүйцэтгэлийн санхүү жилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Гэвч салбарын санхүүжилтэд ийм систем нэвтрүүлсэн 2022-2025 онд даатгалын сангийн орлого, зарлага тэнцэхээ больж, өчнөөн өр төлбөрт унасаар ирсэн билээ. Үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан эмнэлгүүдээс “худалдан авсан” тусламж, үйлчилгээнийхээ төлбөрийг дийлэхээ байж, сангийн өр бугшсаар өнгөрсөн онд 316.8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн энэ их өрийг төлөхийн тулд төсвийг нь 2025 онд л гэхэд түүхэндээ байгаагүйгээр буюу хоёр их наяд 293 тэрбум төгрөгөөр баталсан. Эмнэлгүүдийн өглөгийг барагдуулах гэсээр өнгөрсөн намартай золгож, арайхийн төлж дуусгасан байтал 2025 оны төгсгөлд дахиад л 200 орчим тэрбум төгрөгийн өрөнд унасан байх юм.
Тэгвэл ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар “2025 оны эцэст ЭМДС гэрээт байгууллагуудад 400 тэрбум төгрөгийн өртэй гарах байсныг харин ч бид сайн ажиллаж, 198.2 тэрбум болтол нь бууруулсан” гэж хэвлэлд гавьяа байгуулсан мэтээр ярьжээ. Түүний хэлснээр бол даатгалын сангийн санхүүжилтийн бодлогыг өмнөхөөс илүү оновчтой болгож, төсвийн сахилга батыг чангатгасны үр дүнд өр төлбөр нь багассан гэнэ. Үгүй л дээ, даатгуулагч та, бид өнгөрсөн жил татварын мөнгөнөөсөө сангийн өрийг давхар төлөлцсөн байтал 2025 онд эмчилгээ, үйлчилгээгээ авч чадсан бил үү. Улс даяараа урьдчилан сэргийлэх үзлэгтээ хүртэл хамрагдах эрхгүй болцгоосон шүү дээ. Тодруулбал, ЭМДСгаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог өнгөрсөн жилийн есдүгээр сарын 22-ноос зогсоосон. Нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилсээр 2026 он гарсан ч бид одоо болтол эл үйлчилгээгээ авч чадаагүй л байгаа.
Жил бүрийн намар гэхэд ЭМДС ийн модоо барьж, үүний уршгаар эрүүл мэндийн байгууллагууд ч тусламж, үйлчилгээгээ танадаг муу жишиг тогтоосон. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргалдаг гэгчээр эмнэлгүүд сүүлдээ бүр гаарч, иргэдэд хээвнэг төлбөртэй үйлчилгээ шахаж, “Хүсвэл та мөнгөө төлөөд эмчлүүл” гэх болсон. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн дампуурлыг далимдуулан сав л хийвэл үйлчлүүлэгчдээс мөнгө нэхэж, барагтай бол даатгалаар тусламж үзүүлэхээс зайлсхийсээр өдий хүрэв. Энэ бүхэн тэгээд даатгалын сангийн санхүүжилтийг оновчтой болгож, төсвийг сахилга баттай зарцуулсан байдал гэж үү, Ц.Батбаатар дарга аа.
2026 ОНЫ ЭЦЭСТ Ч ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛДАГДАЛ ХҮЛЭЭХЭЭР БАЙНА
Сангийн хөрөнгийг захиран зарцуулагч ЭМДЕГ-ынхан 2025 оны эхний хагас жилээс л даатгуулагчдыг өвчнийх нь түүхээр ялгаварлан гадуурхаж, тусламж, үйлчилгээг даатгалаас аль болох санхүүжүүлэхгүй байх бодлого баримталчхаад түүнийгээ менежмент хийсэн гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Сангийн төсвийг анхнаасаа баруун солгойгүй “цацчихаад”, адаг сүүлд нь бид өр төлбөрийг нь багасгасан гэж попрох нь үнэндээ хөөрхийлөлтэй. Санг угаасаа өр төлөөсгүй, өндөр ашигтай, хүртээмжтэй ажиллуулах нь ЭМДЕГ-ынхан, та нарын үүрэг биш үү. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг төв эмнэлгүүдийн хагалгааны утас, нэг удаагийн малгай, бээлийг танатлаа шалдаа бууснаа ийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь даанч хөөрхийлөлтэй.
ЭМДС-гийн энэ оны төсөв ч мөн л нэмэгдэж, 2.4 их наяд төгрөг болсон билээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2026 оны шинэчилсэн тогтоолоор 669 эм, 700 бүлэг нэршлийн 15 мянган өвчний оношийг даатгалаас санхүүжүүлэн, иргэд хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй үйлчилгээ авах ёстой. Тэгвэл 2026 оны I улиралд ЭМДЕГ-аас 609.6 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагууд руу зарлагаджээ. Хэдхэн жилийн өмнө энэ мөнгө эрүүл мэндийн салбарын нийт зардалтай дүйж байлаа шүү дээ. Тэгтэл гүйцэтгэлийн санхүүжилт нэрийн дор сангийн зардал жил бүр гэрлийн хурдаар ийнхүү нэмэгдэж, өр төлбөрт унахаас гадна даатгуулагчид тусламж, үйлчилгээгээ үнэ төлбөргүй авч чадахаа байсанд л гол учир оршино.
Даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн 2300 байгууллагатай энэ онд ЭМДЕГ гэрээ хийжээ. Үүнээс I улиралд төрийн өмчийн 83 байгууллагад 384.1, хувийн хэвшлийн 243 эмнэлэгт 33.5 тэрбум төгрөгийг гүйцэтгэлд нь тулгуурлан олгосон бол 1450 эмийн санд 56.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн 225 төвд 38.4, сумын эрүүл мэндийн 329 төвд 96.3 тэрбум, найман сувилалд 147 сая төгрөг тус бүр шилжүүлээд байгаа аж. Даатгалын сангийн өнөө жилийн төсөв дээр дурдсанчлан 2.4 их наяд. Ганцхан улиралд 600, 700 тэрбумаар нь зарцуулахдаа ЭМДЕГ-ынхан огтхон ч санаа зовдоггүйн дээр түүнийгээ бахархалтай нь аргагүй тайлагнадаг уламжлалтай. Гэтэл цаана нь ЭМДС-гийн төсвөөс цөөнгүй үйлчилгээг энэ онд нэмж санхүүлжүүлэхээр ЭМДҮЗ-ийн тогтоол, шийдвэр гарсан.
Өнгөрсөн жилийн 200 тэрбум төгрөгийн өрөө яая гэж байхад 2026 оны эцэст даатгалын сан дахиад л их хэмжээний алдагдал хүлээхээр байгааг дээрх зарцуулалтууд нь гэрчилж буй бус уу. Мөн эмч, ажилтны цалингийн нэмэгдэлд зориулан сангийн 2026 оны төсвийг 190 орчим тэрбум төгрөгөөр тэлсэн ч бодитоор 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол бий. Тиймээс зохицуулалт хийж шаардлагагүй тусламж, үйлчилгээний багцыг хасах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг “богиносгох” зэргээр өнгөрсөн жилийнх шиг иргэдийг эртнээс “чангалах” бололтой.
ЭМДҮЗ-ийн тогтоол, шийдвэрүүдэд энэ жил “салхи” оруулж, тухайлбал, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад олгодог нэг иргэнээр тооцсон тариф, эмийн үнийн хөнгөлөлтийн хэмжээ, мөн оношийн хамааралтай бүлгийн суурь тариф, өртгийн жинг насны ангиллаас хамаарч 30-120 хүртэлх хувиар нэмэгдүүлж, 2026 онд санхүүжих дүнг 53 тэрбум төгрөгөөр нэмсэн нь 03 дугаар тогтоолын онцлох өөрчлөлт юм.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ИРГЭНЭЭС ГАРАХ ЗАРДАЛ ӨСВӨЛ ЯДУУРАЛ НҮҮРЛЭНЭ
Ерөөс Эрүүл мэндийн сайд, ЭМДЕГ-ын дарга нарын иргэдэд, салбарынхандаа таалагдах ганц арга нь энэ мэт санхүүжилт нэмэх. Гэвч ард нь хяналтын систем ажилладаггүй, өнгөрсөн хугацаанд буюу эрүүл мэндийн үйлчилгээг гүйцэтгэлээр санхүүжүүлснээс хойш аудитын шалгалтаар өчнөөн тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил ЭМДС-гаас илрүүлсэн ч хариуцлага хэн ч хүлээгээгүй. Тухайлбал, нэг иргэн жилд амбулаторид 346 удаа үзүүлсэн зөрчлийг хүртэл Үндэсний аудитын газраас ил болгож байлаа. Үүний дагуу ЭМДС-гийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг эхлүүлсэн л гэсэн. Гэвч одоо болтол дээрдсэн зүйл алга. Аудитын дүгнэлтээр, 2022- 2025 онд эрүүл мэндийн 124 байгууллага 16 150 удаагийн хуурамч нэхэмжлэл илгээсэн гэдэг бол ЭМДЕГ-ын чадавх, бүртгэл мэдээллийн болон хяналтын тогтолцоо нь муу вэ гэдгийг илчилсэн нааз захын л жишээ юм. Тэр дундаа амбулаторийн тусламж, үйлчилгээг одоо болтол нарийвчлан хянаж дэд бүтэц бүрдээгүй. Цахим хяналт нь зөвхөн үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, овог, нэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, онош нь зөв, эсэхийг л бүртгэдгээс биш, хуурамч нэхэмжлэл илгээх “орон зай” эдүгээ ч байсаар буйг ЭМДЕГ-ынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн байна лээ.
ЭМДЕГ-т гэрээт байгууллагуудаас жилд дунджаар 26 сая гаруй нэхэмжлэл ирүүлдэг гэнэ. Эдгээр нэхэмжлэлийн гуравны нэгийг нь л хянах технологийн дэд бүтэцтэй гэвэл та итгэх үү. Тийм мөртлөө тус байгууллагынхан хэвлэлээр “санхүүжилтээ ил тод тайлагнадаг болно, хиймэл оюунд суурилсан хяналтын тогтолцоо бүрдүүлэхээр ажиллаж байна” гэж мянгантаа ярьж, түмэнтээ сурталчлаад ч сангийн “цоорхой”-г нөхөх юу л бол. Өдий хүртэл өвчтөний түүхээ ч цахимжуулж чадаагүй үндэстэн хэзээ санхүүгийн сахилга баттай болох юм, бүү мэд. Тиймдээ ч эмнэлгүүдээс ирүүлж буй нэхэмжлэлийн өвчний түүх, бүртгэлийн маягтууд нь цахимжаагүй, цаасан суурьтай учраас заавал эмнэл зүйн удирдамж, шалгуур үзүүлэлтийг хангасан, эсэхийг нэг бүрчлэн хянах шаардлагатай. Гэвч нэгбүрчлэн шалгах хүний нөөцгүй гэдгээ ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар ч шулуухан хэлж. Товчхондоо, хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж, үйлчилгээ болон өртөг өндөртэй мэс заслыг түүвэрлэж, нийт нэхэмжлэлийн гурван хувийг буюу үнийн дүнгийн 22 орчим хувьтай тэнцэхүйц нэхэмжлэлийг санамсаргүй түүврийн аргаар сонгон давхар хянадаг аж. Санхүүжилтийн ийм үрэлгэн систем, зарцуулалтын хяналтгүй тогтолцоог юуных нь “шинэчлэл” гэх билээ.
Даатгалын дампуурлаас болоод иргэд сүүлийн 3-4 жил эмнэлгийн үйлчилгээ, эм, тарианы зардалд халааснаасаа тухайн оношийн өртгийн 50 хувиас ч их төлбөр төлөх болсон. Тэгвэл олон улсын судалгаагаар, хөгжингүй орнуудад эл үзүүлэлт дунджаар 18-20, 15 хувиас бага байвал санхүүгийн маш сайн хамгаалалт болдог байна. Европын даатгалын шилдэг системүүд иргэнээс эмчилгээний төлбөрийнх нь 10-25 хувийг гаргуулдаг нь ДЭМБ-ын стандарт, зөвлөмж хэмжээгээр “боломжийн” ангилал юм. Тэгвэл даатгуулагч иргэнээс гарах тухайн оношийн өртгийн жин 30 хувиас хэтэрвэл эрсдэлтэй, 40-өөс дээш бол ядууралд оруулах үндэс болдог гэж үздэг.
Уг жишгээр, бодит нөхцөл байдлаа харсан ч монголчууд эрүүл мэндээс үүдэлтэй ядуурал, санхүүгийн дарамтад өртөөд өчнөөн удаж буй билээ. Өнөө жил ЭМДС-г үр ашигтай ажиллууж чадах болов уу гэсэн олны горьдлого ч одоо хэр нь биеллээ олоогүй, салбар нь тэр чигтээ сайд, дарга нарын халаа сэлгээтэй. Саяхан томилогдсон шинэ сайдынх нь “танилцах дадлага” ч дуусаагүй байдаг. Энэ бүхэн хэзээ цэгцэрч, иргэд даатгал төлсөн хэрээрээ тусламж, үйлчилгээгээ сэтгэл амар, хүлээгдэл, чирэгдэлгүй авах юм бол доо.