Хувь эго, хурган амбиц нь даравч далдайж, булавч бултайсан “попын хаан” сайд нараас бүрэлдсэн Н.Уч ралын Засгийн газар хаврын тэнгэр шиг хуйсгануур улс төрийн хахир шуурган дунд хэр удаан тэсэхийг таашгүй. Хэдэн өдөр дуншиж байж арайхийн эмхлэн байгуулсан Засгийн газрын гишүүд нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тал руу харчхаад, эхний өдрийн хуралдаанаасаа л Ерөнхий сайдаа “базах”, танхимаа сөрөх оролдлого хийсэн гэдэг. УИХ дахь МАН-ын бүлгийн “30ын тал”-аас орж ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь дэд сайдтайгаа хамтран ажиллах боломжгүйгээ ил тод мэдэгдэж, салбартаа халаа сэлгээг хайр гамгүй хийнэ гэдгээ зарлав. Үндэсний эвслээс уригдаж заларсан Шадар сайд нь ч “холио солио”-гоо гүйцэлдүүлээд эхэлж.
“Хонь, чоно нийлсэн кабинет” гэгдэж буй тэд хувьсгалын тохироо нь бүрдвэл “голомтоо” самарч, Учралын биш, Хагацлын засаг болгохоос сийхгүй. Амаа мэдэхгүй агсам хүлэг шиг “попролоо” барьж дийлэхгүй хэнээтэй хэдэн сайдынхаа жолоо, цулбуурыг тогтоон татаж, нэг зүг рүү хамтдаа зуузай нийлүүлэн хоршуулах зангараг, харизм, нууц “түлхүүр” түүнд бий, эсэхийг ирэх өдрүүд харуулах биз.
Манай үе үеийн парламент, Засгийн газар төрөл бүрийн амлалтаар баян чинээлэг ч хэрэгжилт-гүйцэтгэл-хяналтаар дутуу гуцуу явж ирсэн түүхтэй. Улс төрчдийн хариуцлагагүй, хоосон амлалтуудын ард эх хэлний арвин баялаг үгс хүртэл үнэгүйдэж, монгол түмний төрөө хүндэтгэх итгэлцэл хөсөр хаягдах болов. Сүүлийн гурван спикер гэхэд л “Цэгцрэх хөдөлгөөн”, “Гурван төгөлдөршил”, “Чөлөөлье” санаачилга ярьж, гүйцэтгэх засаглал нь салбар бүрд шинэч лэл, өөрчлөлт, цэвэрлэгээ, үсрэнгүй хөгжил, шүүр ажиллагаа гэсээр зуны цэцэг шиг “зуурхан нас”-аа үддэг. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын танхим анхнаасаа л олон фракц, ашиг сонирхлын нэгдэл гэдэг нь тодорхой байсан. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх нь сонирхолтой. Тэрбээр “Ард түмэн бидний ажлыг ирээдүй цаг дээр, эхлүүлсэн яриагаар биш, дуусгасан ажлаар минь үнэлж дүгнэнэ” хэмээн чуулганы танхимын индрээс хэлэх мөртлөө популист амлалтын “марафон”-ыг өөрөө оройлон манлайлж, эхний дуут дохиог албан ёсоор тэнгэрт хадаасан юм даг. Засгийн газрын тэргүүн “Татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12 100 компани, аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна”, “2026 онд төлөвлөсөн 9376 хяналт, шалгалтыг цуцлав. Харин хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ төр хэрэгжүүлнэ”, “Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулна”, “Борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-аас чөлөөлнө”, “Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг хална” хэмээн хувь, хувьсгалын цахим хуудсаараа постууд шахсаар байна. Танхимынхаа тэргүүний постыг хэн хэн гэдэг сайд өөрийнхөө цахим хуудсаар түмэнд түгээж хувь нэмрээ оруулж буй, хэн нь хойш суух маягтай байгаагаас харахад багагүй “юм” уншигдана. Төрийн албан хаагчдыг амралтын өдрөөр ажиллуулахгүй, бүр ажлын таван өдрийн нэгэнд нь зайнаас ажилладаг болгох санаа чилга нь харин өчигдрөөс нийслэлийн хэмжээнд хэрэгжихээр албажиж байх шиг. Албан тушаалтайгаа үлдэх, эсэх нь Ерөнхий сайдын мэдэлд “очсон” хотын захирагч Х.Нямбаатар энэ удаад гүйцэтгэх засаглалын тэргүүний өөдөөс том толгойлохгүй тахимдуу байж гаргасан санаа чилгыг нь нийслэлд анхлан хэрэгжүүлж, “нэмэх оноо” авахаар шийдсэн гэлтэй.
Сошиал орчинд хэдэн мянган лайк, шэйр, сэтгэгдэл цуглуулах нь улс төрчдийн пиарт эерэг нөлөөтэй ч түмэн олны амьдрал ахуйд тэр нь ямар ч хүртээлгүй байдгаараа хяслантай. Сайд, гишүүд, дарга нарын сүржин амлалт, мэдэгдэл, супер тавилттай (рийл) богино бичлэгүүд, мэргэжлийнхнээс дутахгүй жүжигчилсэн тоглолтод монгол чууд итгэн, цаг заваа харамлахгүй сэтгэгдлээ илгээж, хандалтаар “булж”, дагагчийн тоог нь өсгөсөөр байдаг. Хоосон амлалт, хэдэн мянган лайк, сэтгэгдэл нь хоногийн хоолтой нь залгуулдаггүй нь харамсалтай. “19 толгойтой” Учралын Засгийн газрын хэтийдсэн амбицтай, хувийн тоглолттой сайд нарын популист амлалт өнөө хэр олон нийтийн хүлээлтийг өрдсөн хэвээр байна. Сайд нар нь заримдаа өөрсдөө ч мэдэлгүй хувийн тоглолт хийгээд байхад шүү дээ. Төсвийн тодотголыг хүлээлгүй Засгийн газар хэмнэлтийн горимд шилжинэ гэдгээ тэргүүн нь мэдэгдээд байхад тэндээс Ж.Алдаржавхлан соёл урлагийн салбарынхны цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ, энд Ц.Идэрбат нь тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн “хар жагсаалт”-ыг шийдвэрлэнэ, нөгөө талд Э.Батшугар “Миний бие эрүүл мэндийн салбарын нэг төгрөг бүрийг хүний эрүүл мэндийн төлөө зарцуулна”, хажууханд нь Л.Энх-Амгалан “Боловсролын салбарынхан хоёр өөр цалинтай болчихсон явж байна. Багш нар одоо жирэмсний амралтаа ч авч чадахгүйд хүрсэн. Хувьсах зардлынхаа тогтолцоог сайддаа ойлгуулж чадаагүйгээс болж өнөөдөр татвар төлөгчдийн халааснаас 700-800 тэрбум төгрөг гаргах шаардлагатай болчихсон сууж байна” гэх мэтээр олон талд хүлээлт үүсгээтэхлээ. Сайхан амлалтын хариуд бид чаддагаар нь эрхийгээ гозойлгож, санаатай зарим дээр нь уурласан сэтгэгдэл илэрхийлэхээ төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж байна хэмээн эндүүрсэн хэвээр.
2023 оноос хойш хэд хэдэн Засгийн газар солигдоход тогтож үлдсэн, “долоо буудуулсан чоно” Б.Дэлгэрсайхан хүртэл өчигдөр “Харбины гэрээг ил болговол урд хөрш хилээ хааж, нүүрс авахаа болино гэсэн шүү” хэмээн нийгмийн сүлжээгээр нэг тэвдэн сандчин ярьж байхыг үзэв. Туулын хурдны замын барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд байгаль орчны нөлөөллийн тооцоо, судалгааг нь үзэхийг шаардсан иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн шаардлагад Ерөнхий сайдаасаа түрүүлээд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь “хариу өгч” түр зогсоох шийдвэр гаргаснаа зарласан зэрэг нь Засгийн газрын бодлогын нэгдмэл байдал биш, харин олон эрх ашгийн түр эвлэрэл гэдгийг нь илчилж буй. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газрыг олон нийт “хонь, чоно нийлсэн” гэж тодорхойлж буй нь зүгээр нэг улс төрийн хоч төдий биш гэсэн үг. Энэ бол манайд институцийн бодит байдал ямар байгааг илэрхийлж буй явдал. Нэг талд нь нийгмийн халамж, тэгш байдал, татварын дарамтыг бууруулах шаардлага, нөгөө талд нь чөлөөт зах зээл, хөрөнгө оруулалт, бизнесийн ашиг сонирхол зэрэгцэн оршиж байна. Үнэндээ хоёр чиглэл онолын ч, бодлогын хувьд ч байнга зөрчилддөг.
Улс төрчид, ялангуяа Засгийн газар олон талд таалагдах гэж оролдох тусмаа бодит ажил, бодлого, үнэнээс улам холдож, хэзээ хэзээгүй хагарахад бэлэн хөөсөн бөмбөлөгт орно. Гэвч Н.Учралын Засгийн газар энэ зөрчлийг зоригтой шийдэхээс илүүтэй “эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй” зэрэгцүүлэн барьж явахыг оролдох бололтой. Ийм нөхцөлд сайд нарын байр суурь бодлогын шинжтэй байхаа больж, улс төрийн дотоод зөрчлийг намжаах “энх тайвны гэрээ” болж хувирдаг. Засгийн газрын гишүүдийн санал бодитоор хэрэгжих боломжтой бодлого, төлөвлөгөө гэхээс илүү фракцуудын хоорондын түр тохиролцоо гэж унших нь үнэнд илүү дөхнө. Учир нь татвар бууруулна-халамжийг нэмнэ, төсөв хэмнэнэ-хөрөнгө оруулалтыг өсгөнө гэх мэт зэрэгцэн орших амлалтууд нь ашиг сонирхлын тэнцвэрийг хангах, эв эеийг хадгалах л зорилготой. Иргэдийн хүлээлттэй зөрчилдсөн энэ мэт хоосон амлалтууд нь нийгэм дэх итгэлцлийн хямралыг улам гүнзгийрүүлдэг уршигтай. Дайн дажинтай, түлш шатахууны үнэ өсөн, нийлүүлэлт тасалдаж, хомсдол нүүрлэсэн, уул уурхайн бүтээгдэхүүний ханш огцом хэлбэлзэж, инфляц хөөрөгдсөн эгзэгтэй цаг үед эрх баригчдын ил цагаандаа гарсан тэмцэл юунд хүргэхийг таашгүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эхлээд олон нийттэй харилцах улс төрийн мэдээлэл харилцааны арга технологи нь төр засгийн бодлогыг тайлбарлах биш, өөрсдөө урт удаан хугацаанд оршин тогтнохын төлөөх “амьд үлдэх стратеги” болж хувирсан. Тодорхой амлалт зөрчил үүсгэдэг учраас тодорхойгүй байдал руу шилжиж, нэг өгүүлбэр нь олон утгатай байх тусам олон талд зэрэг таалагдах боломж нэмэгдэх тул сайд нар нэг мэдэгдлээр хэд хэдэн өөр дохио өгч төөрүүлдэг. Нэг асуудлыг шийдэхийн оронд өөр амлалт гаргаж ирэх нь илүү амар бөгөөд аюулгүй сонголт болж хувирна. Үр дагаварт нь зөрчил арилдаггүй, зөвхөн шийдэл хойшлогддог. Тархи угаалт нь ихсэх тусам бидний анхаарлыг удирдах улс төрийн технологи ажиллаж байдаг. Г.Занданшатарын засагт ч энэ “өв” өвлөгдөж, “экспорт өслөө”, “валютын нөөц нэмэгдлээ”, “гадаад өр буурлаа” гэх мэтчилэн янз бүрийн тоо ярьж, олон нийтийг баахан төөрөгдүүлсэн.
Нөгөө талдаа “Засгийн газар”, “Бидний хэдэн нөхөд”, “Манай салбарынхан” гэх ерөнхий нэр томьёоны цаана хэн хариуцах нь тодорхойгүй болж, хариуцлагыг уусгаж эхэлдгийг бид хангалттай харсан. Хэн ч хариуцахгүй учраас амлалт нь хамгийн чанга, хамгийн зоригтой дуулддаг. Харин бодит хэрэгжилт, биелэлтэд тулаад ирэхэд бүгд нуугдчихна. Энэ бол манайд шинэ үзэгдэл биш ч улам тод хэлбэржиж буй улс төрийн “соёл”. Олон эрх ашгийн эвсэл дээр тогтсон Засгийн газрууд бодлогоор нэгдэх боломжгүй үедээ амлалт хэмээх “хэл”-ээр нэгддэг. Өөрөөр хэлбэл, бодлогын зөрчлийг шийдэхийн оронд коммуникацын аргаар нөхдөг. Тиймээс тэдний “хэл” тодорхой бус, олон утгатай, хэнд ч эсэргүүцэл төрүүлэхгүй байдаг нь хоржоонтой. Энэ нь богино хугацаанд тогтвортой байдлыг хадгалдаг ч урт хугацаанд юу ч хийгээгүй хоосон орон зай үлдээдэг.
Амлалт бол улс төрийн хамгийн хямд “валют”. Харин олон нийтийн итгэл хамгийн үнэтэй. Энэ Засгийн газар аль валютыг сонгохоо удахгүй харуулах биз. Хоосон амлалт ходоод цатгахгүй, Ерөнхий сайд аа. Харин хоосон амлалт итгэл ч цатгахгүй. Итгэл алдсан Засгийн газар богино настай байдгийг мартуузай.
Ялангуяа энэ гүйцэтгэх засаглал шиг “олон толгойтой” бол бусдын олз болох шиг амархан зүйл үгүй. Оюуныг нээгч “Оюунтүлхүүр” сургаалд “Олон хүн эвгүй бол оорцог хүний идэш болно” хэмээсэн байдаг даа.
Л.Аргамжин