Монгол Улсад хөрөнгө оруулсан хэмээн оршин суух виз авчихаад хууль зөрчсөн өмнөд хөршийн нэг бус иргэн бий. Тэднийг уг нь албадан гаргах хуультай ч оршин суусаар байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын “Шинжаан шинфа” ХХК-ийн захирал Сун Гуан Чен гэх эр удаа дараа бусдад хахууль өгсөн хэрэгт ял шийтгүүлсэн. Эхнийх нь Төрийн банкны удирдлагад хахууль өгснийг шүүх тогтоож, хоёр жил хорих ял оноосон юм. Удаад нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байцаагчид хахууль өгсөн, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгтээ мөн л ял шийтгүүлсэн байдаг.
УИХ 2010 оны долоодугаар сард баталж, мөн оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11-д “Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон бол албадан гаргана” гэж заасан. Гэвч дээрх хүн манай улсад оршин суусаар буй. Мөн эл хуулийн 37.1.7-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол албадан гаргана” хэмээсэн байдаг. Гэтэл ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тодорхой болсон өмнөд хөршийн иргэн Гао Линжон гэгчийг албадан гаргаагүй л байна. Түүнийг албадан гаргуулахгүй байхын тулд өмгөөлөгч нь болон Хууль зүй, дотоод хэргийн яамны хоёр дахь хүн ихэд нөлөө үзүүлж буй гэх мэдээлэл бий.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жинша-Өргөө” ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмшигч, гүйцэтгэх захирал Гао Линжон хөрөнгө оруулагчийн визээр манай улсад оршин сууж байгаа юм. Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дахь нэгэн барилгад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа нууцаар явуулж, орлогыг нь хувийнхаа дансаар авч, татвар төлөхөөс зайлсхийснийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгаж тогтоосон байна. Энэ нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.5-д “Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах” зөрчил үйлдсэн учраас 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны дотор Гао Линжоныг Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн аж. Гэвч энэ хятад эр болон түүний өмгөөлөгч нар албадан гаргах шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Хамгийн сүүлд Улсын дээд шүүх 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гао Линжон болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон юм. Тэгэхээр уг хятад иргэнийг албадан гаргах шийдвэр хүчин төгөлдөр болсон гэхэд хэтийдсэн болохгүй. Гэтэл шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш даруй таван сарын хугацаа өнгөрчхөөд байхад албадан гаргах шийдвэр хэрэгжихгүй, хэрэгжүүлэх гэхээр улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан элдэв арга саам хийж хууль сахиулах байгууллагын ажилд саад учруулж байгаа бололтой.
Д.Дайчин