“Nature reviews earth and environment” сэтгүүлд нийтэлснээр сүүлийн арван жилд мөсний массын жилийн дундаж алдагдал XX зууны төгсгөл үеийнхээс дөрөв дахин нэмэгджээ. Мөн Австралийн Монаш их сургуулиас гаргасан тайланд дурдсанаар 1975 оноос хойших ажиглалтын түүхэнд мөсөн гол хамгийн ихээр хайлсан зургаа дахь жил нь 2025 он болов.
Дэлхийн хэмжээнд хагас зуун жилийн турш нийт 9600 орчим тэрбум тонн мөс хайлсан нь далайн түвшнийг 26 мм-ээр нэмэгдүүлсэн байна. Нийт алдагдлын 80 хувь нь зөвхөн 2000 оноос хойш тохиосон нь дэлхий хэр хурдацтай дулаарч буйн бодит нотолгоо юм.
Ялангуяа Хойд Америкийн баруун хэсэг, Төв Европын нутаг дэвсгэр, Гималай болон Альпийн нурууны мөсөн голууд эрчимтэй хайлж, эх газрын цэвэр усны нөөцөд томоохон аюул учруулж эхэлжээ.
Агаар мандлын хэм өчүүхэн төдий хэлбэлзэхэд л мөнх цэвдэг гэсэж, хүлэмжийн хийн ялгарал улам бүр эрчимждэг байна. Эл үйл явц нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарт шууд нөлөөлөхүйц эрсдэл дагуулдаг гэнэ. Иймд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрстөрөгчийн хаягдлыг багасгах замаар энэхүү хурдацтай өөрчлөлтийг сааруулах зайлшгүй шаардлага тулгараад буйг онцолжээ.
Э.Сүйлэн