Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюутолгой” компанийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулсныг БОУАӨЯ-наас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2010-2023 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлсэн аж. Ингэхдээ 2025-2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцон, нийт 9.9 тэрбум төгрөгийг байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулж дуусгажээ.
Зөрчлийг арилгуулах ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 39.4 дэх заалт, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагыг үндэслэн үе шаттай зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан гэнэ. Хуулийн дагуу уул уурхайн компаниуд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай дүйцэх хэмжээний барьцаа хөрөнгийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлэх үүрэгтэй. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх ажлыг тасралтгүй зохион байгуулах нөхцөл бүрддэгийг БОУАӨЯныхан мэдээлсэн. Иймд цаашид барьцаа хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх чиглэлээр хяналт шалгалт тогтмол хийнэ гэсэн юм.
О.Ундрах