“Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх асуудалд анхаарал хандуулахыг хүсэж, Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Уч рал шаардлагын хариуг өчигдөр өгсөн байна. Тус хөдөлгөөнийхөн Туул голын бургасыг устгаж байгааг даруй зогсоох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дүгнэлтийг зохих ёсоор гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудалд анхаарал хандуулахыг хүссэн билээ. Үүний дагуу дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалтын ажил зохион байгуулж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт даалгасан байна.
Ташрамд, “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний Маршалын гүүрэн дээр эхлүүлсэн цуглаан төв талбайд 20 гаруй хоног үргэлжилж буй юм. Тэд энэ сарын 2-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын тэргүүн Н.Учрал нарт Туулын хурдны замыг түр биш, бүр зогсоохын зэрэгцээ хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлсэн билээ.
Ч.Цэлмэг