Д.ГАН-ОЧИР Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор
Санхүүч, тэрбумтан Уоррен Баффеттын “Ядуурлаас хэрхэн гарах вэ” илтгэлийн үндсэн агуулгыг хүргэж байна. Энэ илтгэл нь ядуурлын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй, энгийн түвшинд тайлбарлаж, хувь хүний, өрхийн санхүүд авч хэрэгжүүлэх олон чухал санааг өгүүлснээрээ онцлогтой юм. Олон хүн ядуурлыг зөвхөн мөнгөгүйн зовлон гэж боддог. Ядуурал зөвхөн дансан дахь мөнгөний хэмжээ биш. Ядуурал яг л таталцлын хүчний үйлчлэлтэй адил, гарахад хүндрэлтэй урхи юм. Энэ нь хаалттай эргэх систем бөгөөд энерги дуусах хүртэл “тамын тогоо”-н дотроо байлгадаг. Ийнхүү доош татсаар байдаг нь ядуурлын “физик” шинж чанар. Хүмүүс яагаад эл тогоонд гацсан хэвээр байгааг ойлгохын тулд пуужингийн инженерчлэлийг мэдэх хэрэгтэй. Пуужин дэлхийгээс хөөрч тойрог замд хүрэхийн тулд таталцлын хүчтэй тэмцдэг, түүнийг давах хурданд хүрэх ёстой. Үүнийг зугатах хурд гэж нэрлэдэг. Хэрэв пуужин түлшнийхээ 99 хувийг зарцуулсны дараа тэр хурданд хүрэхгүй бол буцаад дэлхий рүү унана. Үүний адилаар зугатах хурданд хүрээгүй учраас ядуурлын урхинд гацдаг. Үнэндээ өмнөхөөсөө ч доош унах нь элбэг. Учир нь урам хугарч, ядарсан байх болно.
Энэ нь яагаад бага зэрэг хичээсэн ч ихэнхдээ үр дүнд хүрдэггүйг тайлбарладаг. Татах хүчийг давж гарахын тулд илүү их хүч гаргах хэрэгтэй. Үүнийг энгийн математик тооцоогоор харж болно. Үнэндээ ядуу байхад бараг бүх зүйл илүү үнэтэй санагддаг. Эд барааг бөөнөөр нь худалдаж авч чадахгүй. Тиймээс худалдан авалт бүрдээ жижиглэнгийн өндөр үнэ төлдөг. Сайн гутал авч чадахгүй. Тиймээс жил бүр чийг татдаг хямд гутал өмсөж, эрүүл мэндээ алддаг. Эмчийн үзлэгт орж чадахгүй. Тиймээс шүд цоорч, илүү өндөр төлбөртэй эм чилгээ хэрэгтэй болох хүртэл явдаг. Энэ бол ядуурлын “математик”. Уг систем ядуугийн “татвар” ногдуулдаг.
Ийм тойрогт удаан байвал тархи өөрч лөгдөж, мэдрэлийн холбоосыг дахин “програм чилдаг”. Байнгын “тэмцэх, эсвэл зугтах” горимд орно. Оюуны чадавх (IQ) хүртэл бодитоор буурдаг. 10 жилийн дараахыг төлөвлөхийн оронд 10 минутын дараахыг л бодож эхэлнэ. Урьдчилан төлөвлөхөөс илүүтэй нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэгч болно. Ядуурлаас гарахын тулд доош татаж буй таван урхийг ойлгож, таслах хэрэгтэй. Нийгмийн таталцал чамайг “тамын тогоо” руу буцаан татдаг, баялаг бүтээх боломжоос хол байлгадаг. Харин энэ орбитоос гарч чадвал бүх зүйл өөрчлөгдөнө. Үүний тулд эхлээд “хөөрөх” хэрэгтэй.
1. Эхний урхи бол ядуугийн “татвар” юм. Олон хүн ядууст зүгээр л мөнгө өгчихвөл асуудал шийдэгдэнэ гэж боддог. Гэвч үнэндээ энэ нь суурь асуудлыг шийддэггүй. Тиймээс сугалаанд их мөнгө хожсон хүмүүс хэдхэн жилийн дараа дахин хоосордог.
Ядуурал зөвхөн мөнгөний дутагдал биш, энэ бол оюуны цар хүрээний дутагдал юм. Санхүүгийн стресс оюун санааг бүрэн эзэлчихвэл “процессор” чинь гэмтсэн мэт болдог. Амьд үлдэх горимд гацсан тархиар урт хугацааны асуудлыг шийдэх гэж оролдохтой адил. Ийм үед ирээдүйг харж чаддаггүй, учир нь одоогийн асуудалтайгаа ноцолдсоор байдаг. Энэ бол хомсдолын урхи юм. “Оюуны багтаамж” хязгаарлагдмагц гаргах шийдвэрүүд ч мууддаг. Мөнгө хэрэгтэй учраас өндөр хүүтэй зээл авна. Хямд, хурдан учраас эрүүл бус хоол авч иднэ.
Тиймээс хамгийн эхний санхүүгийн зорилго бол баян болох биш. Ердөө 1000 ам.доллар (3.6 сая төгрөг)-ыг хуримтлуулах явдал юм. Энэ мөнгийг тусдаа дансанд хийж, огт гар хүрэхгүй хуримтлуул. Ийм мөнгөтэй байвал өндөр хүүтэй богино хугацааны зээл авах шаардлагагүй болно. Яаралтай нөхцөл байдал бүрд ядуугийн “татвар” төлөхөө болино. Аливаа саад бэрхшээлд хариу үйлдэл үзүүлэх биш, харин удирдаж эхэлнэ. Энэ 1000 ам.доллар алтнаас ч үнэтэй нэг зүйлийг авчирдаг ба толгойгоо өргөөд алсыг харж чаддаг болно.
Санхүүгийн дарамттай үед олон хүн хөрөнгө оруулалт хийх гэж оролддог. Энэ нь намаг дээр тэнгэр баганадсан барилга барихтай адил. Эхлээд онцгой үед хэрэглэх сан, хуримтлалаа бүрдүүлэх ёстой. Эхлээд чанартай гутал худалдаж авах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй хэсэг хугацаанд маш хэмнэлттэй, бараг лам шиг амьдрах шаардлагатай болно. Гэхдээ энэ бүгд зорилготой. Үнэндээ ядуурлын “татвар”-аас өөрийн эрх чөлөөг худалдан авч байгаа юм.
2. Хоёр дахь урхи бол “допамины урхи” юм. Хүмүүс “Ядуу юм бол яагаад шинэ утас авдаг юм бэ. Яагаад гэрт нь хоол байхад гадуур хооллодог юм бол. Яагаад үнэтэй пүүз өмсдөг вэ” гэж асуудаг. Гаднаас нь дүгнэх амархан. Гэхдээ үүний биологийн шалтгааныг шууд ойлгоход хэцүү.
Ядуурлын мөчлөгт гацсан үед амьдрал хүнд санагддаг. Байнга стресстэй байна. Өөрийгөө жижиг, үл анзаарагдах нэгэн болсон мэт мэдэрнэ. Тэр үед тархи “амралт” хүсэж, ямар нэг ялалт мэдрэхийг хүсэж эхэлдэг. Тиймээс дэлгүүрт орж шинэ гутал, эсвэл брэндийн цүнх авахад тархинд допамин даавар ялгарна. Хэдхэн минутын турш шаналал алга болно. Хэсэг хугацаанд өөрийгөө амжилттай, үнэ цэнтэй мэт мэдэрнэ. Энэ бол зүгээр нэг хэрэглээ биш, бодит байдлын өвдөлт, шаналлыг намдаах “мэдээ алдуулагч” болж байгаа хэрэг.
Ядуу хүн мөнгийг тайвшрал, таашаал авах хэрэгсэл гэж хардаг. Харин чинээлэг хүн мөнгийг сонголт (боломж) бий болгох хэрэгсэл гэж хардаг. Ядуу хүн 500 ам.доллар (1.8 сая төгрөг)-той болбол “Юу авч болох вэ” гэж боддог. Харин чинээлэг хүн “Үүнийг яаж өсгөх вэ” хэмээн эргэцүүлэх магадлал өндөр. Дизайнер цүнх авбал тэр нь өр төлбөр болно. Харин хувьцаа авбал хөрөнгө болно. Орлого багатай олон хүн өр төлбөрт “живж”, ирээдүйгээ бараан болгон байж допамины хэрэгцээгээ тэжээж байдаг.
Тэгвэл энэ тойргоос яаж гарах вэ? Практикт “ламын горим” хэрэгтэй. Хэсэг хугацаанд бараг бүх илүү зардлаа танах шаардлагатай. Шаардлагагүй бүхнийг зогсооно. Жижиг “сэтгэл ханамж” өгөх худалдан авалтыг болих хэрэгтэй. Энэ амаргүй. Гэхдээ өөртөө үнэнч байх хэрэгтэй.
Хэрэглээнээс допамин авахаа больж эхлэхэд тархи чинь аажмаар өөрчлөгдөнө. Дансанд байгаа мөнгө чинь өсөхийг харахад л сэтгэл ханамж авч эхэлнэ. Энэ бол өөр төрлийн допамин ба хяналтын мэдрэмжийн допамин. Шинэ утас авахгүйгээр ч өөрийгөө амьд мэт мэдэрч чадна гэдгээ ойлгосон үед систем чамайг гялгар, түр зуурын зүйлсээр удирдаж чадахаа болино.
3. Гурав дахь урхи бол “шугаман орлогын урхи”. Олонх хүнд дараах энгийн томьёог сурЯдуурлын шинжлэх ухаан гадаг. Ажиллах цаг=орлого, мөнгө. Гэхдээ энэ томьёонд ноцтой алдаа бий. Өдөрт ердөө 24 цаг бий, бие махбод ч бас ядардаг. Энэ томьёо ёсоор бол орлого хязгаарлагдмал гэсэн үг. Эндээс ажилчин ангийн “чимээгүй дайсан” гарч ирнэ, тэр нь инфляц. Инфляц бол цагаа худалдаж амьдардаг хүмүүсийн хувьд нэг төрлийн татвар юм. Засгийн газар, төв банк мөнгө их хэмжээгээр хэвлэхэд үнэ өснө. Талх, шатахуун үнэтэй болно.
Гэтэл цалин шууд дагаж өсдөггүй. Цалин “уян хатан бус, хөшүүн” байдаг бөгөөд байгууллага 1-2 жил хүлээлгээд гурван хувийн л нэмэгдэл өгч магадгүй. Харин тэр хооронд инфляц үүнээс илүүг аль хэдийн “идчихсэн” байдаг. Илүү их ажиллахын хэрээр илүү ихийг золиосолж байдаг ба хүүхдийнхээ төрсөн өдрийг хүртэл хамт тэмдэхлэхгүй байж магадгүй. Гэвч инфляцын нөлөөгөөр жилийн эцэст өмнөхөөсөө ядуу болсон байх эрсдэлтэй. Уг тоглоомд илүү их хичээж ажиллаад ч хожих боломжгүй. Тиймээс тоглоомоо өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн цагаа зарахаа больж, “ур чадвар, үнэ цэн”-ээ худалдах хэрэгтэй. Олонх хүн нэг чиглэлд хамгийн шилдэг нь болох гэж оролддог. Энэ нь өрсөлдөөн ихтэй, хэцүү зам. Харин илүү ухаалаг арга бол хоорондоо холбоогүй 2-3 чадварыг дунд зэрэг эзэмшээд хослуулах явдал юм. Өөрөөр хэлбэл, хэрэв бага орлоготой ажил хийдэг бол хоёр дахь ажил хийх гэж яарах хэрэггүй. Ингэснээр “шугаман орлогын урхи” буюу ядарсны эцэст бага орлоготойгоо л үлдэнэ.
Харин тэр цагийг ашиглаад шинэ ур чадварт суралц. Хэрэв барилга дээр ажилладаг бол борлуулалтад суралц. Гал тогоонд ажилладаг бол маркетингт суралц. Үүний дүнд зүгээр нэг хөдөлмөр эрхлэгч биш болно. Гэрээ байгуулж чаддаг, үнэ цэн бүтээдэг нэгэн болно.
Илүү ашигтай байх меню зохиож чадна. Ур чадваруудыг хослуулснаар орлого чинь ажиллах цагаас шууд хамааралгүй болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, та “бараа” биш, “хөрөнгө” болж хувирна. Зах зээл хичээл зүтгэлээс илүү “ховор байдал”-д мөнгө төлдөг. Хэрэв хэн нэгэн, эсвэл робот орлож чадах ажил хийж байгаа бол орлого үргэлж эрсдэлтэй хэвээр байх болно. Тиймээс орлогынхоо эргэн тойронд “хамгаалалтын хэрэм” босгох хэрэгтэй.
4. Дөрөв дэх урхи бол нийгмийн таталцлын хүч. “Та хамгийн их цагийг хамтдраа өнгөрүүлдэг таван хүнийхээ дундаж нь болдог” гэсэн хуучны үг бий. Хэрэв хамгийн ойрын найзууд ядуу, гутранги, хүсэл тэмүүлэлгүй бол тэр орчин нөлөөлнө. Бид эргэн тойрныхоо хүмүүсийн хэл яриа, зан авир, сэтгэлгээний хэв маягийг хуулбарладаг. Ядуурлаас гарах гэж оролдож байхад эргэн тойронд чинь ядуурлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс байвал хэцүү. Энэ нь “тамын тогоо”-ны үлгэртэй яг адил. Үнэнийг хэлэхэд, “лам төлөв”-ийг эхлүүлж, мөнгө хэмнэж, шинэ ур чадвар сурахад хуучин найзууд чинь алга ташихгүй байж мэднэ. Тэд “Систем шударга биш, яах гэж хичээх юм бэ” гэж хэлж магадгүй. Энэ бол нийгмийн таталцлын хүчний уриа үг юм. Таныг “тамын тогоон”-доо байлгах гэсэн эсэргүүцэл. Тиймээс оюун санаагаа хамгаалах хэрэгтэй. Ном, ярилцлага, намтар, лекцээр дамжуулан илүү ухаантай хүмүүсийн орчинд орж болно. Ингэснээр тархиндаа шинэ “үйлдлийн систем” суулга.
5. Тав дахь урхи бол хуримтлагдсан хоосрол юм. Сэтгэл зүйн орчин нь ихэвчлэн физик орчноосоо өмнө өөрчлөгддөг. Хэрэв ядуурлын мөчлөгт гацсан бол тэгшитгэлийн буруу талд зогсож байна гэсэн үг. 20 хувийн хүүтэй зээлийн өртэй бол өглөө бүр өмнөх оройноосоо илүү ядуу сэрнэ. Нэг ч төгрөг зарцуулахгүй байсан ч урсгал сөрж сэлж байгаатай адил. Тэгвэл зарим хүн унтаж байхдаа ч улам баяжсаар байдаг. Хэрэв бага орлогын тойргоос гарахыг хүсвэл мөнгөө зээлийн хүүд алдахаа больж, харин хөрөнгө өсгөдөг нэгэн болох хэрэгтэй. Үүний тулд гурван үе шатыг дамжих ёстой.
Нэгдүгээр шат: амьд үлдэх үе. Зардлаа хамгийн доод түвшинд хүртэл бууруулна. “Лам төлөв”-т бий болгосон хуримтлалаа ашиглан өндөр хүүтэй өр, зээлээ дарна.
Хоёрдугаар шат: хөрөнгө хуримтлуулж эхлэх үе. Энэ бол ашиг өгдөг хөрөнгө худалдан авч эхлэх үе юм. Өдөрт 10 ам.доллар (35000 төгрөг)-оор бага шимтгэлтэй индекс сан (lowcost index fund)-д хөрөнгө оруулж эхэл. Шуугиан, трэнд дагалгүй, бодит эдийн засгийн нэг хэсгийг худалдан авч, түүнийгээ өсөхийг хүлээ. Энэ бол өөрийн “цасан бөмбөг”-ийг бүтээж буй хэлбэр юм. Эхэндээ энэ нь маш жижиг, өчүүхэн мэт санагдана. Гэхдээ өгөөж бодогдох математикийн хүчинд итгэх ёстой. Гуравдугаар шат: эрх чөлөөний үе. Эл үед таны хөрөнгө амьдралын тань суурь хэрэгцээг даах хэмжээний орлого бий болгох боломж бүрдэнэ. Энэ нь ядуурлын таталцлын хүчнээс гарч буй мөч. Амьд үлдэхийн тулд заавал цагаа худалдах шаардлагагүй болох үе юм. Эцэст нь ядуурлын мөчлөгийг бүхэлд нь харвал дээрх таван “урхи” давтагддаг. Гэхдээ уг “тор”-ны хаалга бүрмөсөн түгжигдээгүй. Хэн бүхэн үүнээс гарч чадна. Танд зөвхөн гарах зориг, бодит үйлдэл хэрэгтэй.