УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “2024 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын бичсэн тайланд БНХАУ-ын тал 250 сая тн нүүрсийг 16 жилийн турш биржийн үнээр авах саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ таван хувийн хөнгөлөлт өгөөч гэсэн байна. Биржийн үнэ нь 100 ам.доллар гэж бодоход 95 ам.доллароор зарах боломж байсныг үгүй болгон, хоёр дахин бага үнээр борлуулж, Монголын баялгийг 16 жилийн турш хямд үнээр худалдахаар болсон асуудлыг иргэдийнхээ өмнөөс хянах зорилгоор түр хороо байгуулъя гэсэн юм. Гэрээг засаж сайжруулж, ард иргэдэд ашигтай хэлбэрээр өөрчилье. Оффтейк болон нууцалсан бүхий л том гэрээний ард дандаа хулгай, авлига, мөнгөний цавчаа явж байна. Нэг тн нүүрсээс хэдэн ам.доллар цавчиж байгааг бид мэдэхгүй. Энэ их дүнтэй гэрээний ард заавал нэг асуудал бий. Манай эрх мэдэлтнүүд төрийн өмчит компани байгуулж, ууж иддэг асуудлыг хянаж шалгаж, тогтоох хэрэгтэй. УИХ-ын гишүүд түр хороо байгуулахыг дэмжинэ гэж итгэж байна” гэсэн юм.
Харин УИХ-ын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч дэмжсэнгүй. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Үүний дараа мөн Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Иргэдийнхээ баялагтаа эзэн байх эрхийг хязгаарласан гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар Цэцэд өргөдөл гаргана” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Харбины гэрээг бид цуцалъя гээгүй, сонсъё гэсэн. Ямар нөхцөлөөр зарж байгааг яагаад сонсож болдоггүй юм. Нам, тэдний ард байгаа хүмүүсийг тэжээж буй эх үүсвэр нь болохоор нууцалж байна” гэсэн юм. Мөн Ж.Баярмаа “Хэлэх ч муу үг олдохгүй байна. 250 сая тн нүүрсний асуудлыг яагаад ард түмнээс нууцлав. “Баялагтаа эзэн Монгол” гэж ярьсан нь яав. Хулгай, дээрэм хийсэн хүмүүс нуудаг. Яагаад түр хороо байгуулахыг 126 гишүүн дэмжсэнгүй вэ, юу нуугаад байгаа юм” гэв.
Ч.Болор