Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг нь өчигдөр гардуулав. Тэрбээр Элчин сайд нарт хандаж ёс зүй, сахилга хариуцлагыг чанд сахин, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэхийг үүрэг болгосон юм. Мөн суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг даалгалаа. Түүнчлэн хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж ажиллахыг захисан юм.
Энэхүү томилгоогоор Бүгд Найрамдах Франц Улсад Ц.Мөнх-Оргил, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Ж.Оюунбаатар, Бүгд Найрамдах Казахстан Улсад Г.Батжаргал, Бүгд Найрамдах Итали Улсад Д.Булган, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Г.Хулан нар суухаар болжээ. Мөн Унгар Улсад Н.Энхтайван, Бүгд Найрамдах Чех Улсад Б.Болормаа, Бүгд Найрамдах Турк Улсад О.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Австри Улсад Д.Мөнхтөр, Бүгд Найрамдах Киргиз Улсад Д.Тэгшжаргал, Бүгд Найрамдах Сингапур Улсад Г.Уянга, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад Д.Баттөр, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад Д.Бямбадорж нар суухаар итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа.
У.Цэцэг