Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Дуутын даваа орчимд өнгөрсөн баасан гаргийн 16.50 цагт зам, тээврийн ноцтой осол гарч, зургаан хүн нас баржээ. Тодруулбал, Оюун ухааны академиас Улаанбаатар хотод зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явах замдаа 29 хүүхэд тээвэрлэсэн автобус “Тоёота харриер” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Автобусанд зорчиж явсан нэг иргэн, суудлын автомашинд байсан таван хүн ослын улмаас амиа алджээ. Хэргийн газарт Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас шуурхай бү рэлдэхүүн очиж, үзлэг, шалгалт хийн, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй аж. Замын хоёр талд автобус болон автомашин шидэгдэн унасан нь хоёр жолооч хурд хэтрүүлсэн байж болзошгүй байгаа аж. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан газар дээр нь очиж, осолд өртсөн хүмүүст анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Уг ослын дараа Боловсролын ерөнхий газраас мэдэгдэл гаргасан юм. Үүнд “Автобусанд зорчиж явсан 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал нь хэвийн. Жаргалтхаан сумын эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа бөгөөд энэ талаар сургуулийн захирлаас нь мэдээлэл авлаа. Хүүхдүүд болон гурван багш, дөрвөн эцэг, эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан, хоол ундаар хангаж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Дараагийн элсэлтийн шалгалт болон улсын хэмжээнд батлагдсан бусад арга хэмжээнд сумын сурагчид цахимаар оролцох боломжийг хангаж ажиллах болно” гэжээ.
Ч.Туяа