Улс орны маань хөгжил хаашаа яваад буй нь тун ойлгомжгүй байна. Салбар бүр хямрал, будилаантай байгаа нь улам бүр тодорхой болсоор. Тэр ч бүү хэл, төр засаг, намууд хоорондоо, дотроо ч зөрчил хямралтай байгаа нь олон жил үргэлжилсээр улам л ээдрээтэй болж байх шиг. Бүр хэтрэхэд, УИХ хуралдаж чадахгүйдээ тулжээ. Итгэлээ хүлээлгэж сонгосон иргэд, сонгогчдынхоо найдварыг үл тоомсорлож байгаа нь даанч харамсалтай, дэндүү хуурамч хүн чанаргүйн тод илрэл.
Төр засаг бодлогоо ч зөв тодорхойлж чадахгүй, эх орон, ард түмнийхээ төлөө оновчтой ажил хийхгүйгээс болоод иргэдийн ядуурал даамжирч зудтай өвөл, хаврын эцэнхий мал шигээ туйлдаж байх шиг. Энэ бол улс төрийн гэх тодотголтой намуудаас л шалтгаалж байгаа нь ойлгомжтой. Гэтэл намууд юуных нь улс төр байх вэ, ашиг сонирхлын сэтгэхүй давамгайлсан нэр төр, алдар хүнд, албан тушаал, мөнгө хөрөнгөний төлөө улайран зүтгэгчдийн хуйвалдааны байгууллага болсон нь хэн бүхэнд илэрхий.
37 НАМ НЭРТЭЙ ХУЙВАЛДАГЧИД
Ер нь нам гэдэг үг 1920 онд сэм үгсэж, нам эвсэнэ гэсэн ухагдахуунаас үүссэн түүхтэй шүү дээ. Бүр хэтрээд зуун ямаанд жаран ухнын үлгэрээр гуравхан сая хагас хүн амтай Монгол Улсад 37 нам нэртэй хуйвалдагчид л байна гэнэ. Ард түмнийг дотор нь хагалган бутаргаж байгаа хэлбэр. Тэр ч бүү хэл, нэг гэр бүлийн гишүүд өөр өөр намд харьяалагддаг баримт бишгүй. Уг нь монгол хүн бүр эх орныхоо хөгжил дэвшил ард түмнийхээ сайн сайхан аж амьдралын төлөө гэсэн ганц л үзэл бодолтой баймаар. Үүнийг л хүн бүр ухамсарлаж чадвал хуйвалдааны байгууллагын хэрэг огт байхгүй.
Гэтэл төрийн гурван өндөрлөгийг хуйвалдагчид л ноёлж байгаа нь тодорхой. Тэд нар татвар төлөгчдийн хөлс хүчээр бүрдсэн улсын төсвийг зохицуулж, бас баруун солгойгүй зарцуулж байна. Бодоод үзье. УИХ-ын нэг гишүүн л гэхэд ядарч зүдэртлээ юу ч хийгээгүй, юу ч бү тээгээгүй байж сонин, хэвлэлд гарснаар сарын цалин нь 6.1 сая, дээр нь онцгой нөхцөлийн 1.8 сая төгрөгийн нэмэгдэл авдаг гэнэ. Нийт төрийн албан хаагчдын цалин 2025 оны аравдугаар сарын байдлаар гурван сая их наяд таван зуун сая төгрөг байсан нь ганцхан жилд 42.2 хувиар өсжээ. Үүн дээр урамшууллыг нь нэмбэл 5.1 сая их наяд төгрөг болсныг доктор Отгочулуун судалсан байна билээ. Энд гишүүн бүр 2-6 туслах ажиллуулж, улсын төсвөөс цалинжуулна гээд бод.
Бас болоогүй ээ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд гадаад, дотоодоор олон удаа “доншуучилж”, онгоцны зардал, өндөр үнэтэй зочид буудал, ресторанд тухлан, төсвөөс гардаг томилолтын мөнгөөр туйлна. Гадаад улсуудаас эх орон, ард түмэндээ хэрэгцээтэй зүйл мэдэж ирээд хэрэгжүүлсэн юм юу байх вэ. Тэгээд ч Монгол Улс, монголчууд бидний онцлогт тохирох нь юу л бол. УИХ-ын гишүүн байснаа дараагийн сонгуулиар дахин сонгогдохгүй бол цалингаа 36 сар авсаар байх ажээ. Түүгээр ч зогсохгүй өөр ажилд орлоо гэхэд цалингийн зөрүүг гурван жил авдаг юм байна. Эх орон, ард түмнээ бодох сэтгэлгүй, авч л байвал бусад нь хамаагүй гэсэн айхавтар эрх дархыг УИХ-ын гишүүд өөрсдөө хуульчилсан нь тодорхой.
УИХ-ын гишүүн ямар нэгэн хууль санаачлан боловсруулж, батлуулбал 35 сая төгрөг авдаг байсан нь одоо ч хэвээр биз. Хууль боловсруулах нь нэлээд судалгаа шаардсан чухал ажил боловч туслахууд нь болон тухайн салбарынхан гол үүргийг гүйцэтгэж таарна. Гишүүн өөрөө судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулаад, баталуулсан ч тийм их мөнгө авах шаардлага байж болохгүй. Яагаад гэхээр зөвхөн санаа бодлоо хэлээд суух биш, тийм ажил хийх зориулалттай цалин хангамжийг хангалттай авч байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэд ажлаа л хийж байна гэсэн үг.
50 ГИШҮҮНИЙГ “ЦОМХОТГОХОД” ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭХ ЮМ БИШ ҮҮ
УИХ-д суудалтай нам, эвслүүдийг 2026 онд улсын төсвөөс 7.8 тэрбум төгрөгөөр санхүү жүүлж буй юм байна. Ийм зохисгүй зүйл яавч байж таарахгүй. Олон гишүүн хуралдаа ч ирэхгүй, өндөр цалин аваад туйлж л яваг уу. 76 гишүүнтэй болоод байсан УИХ-ыг 126 хүнтэй болгочхоод юу хийж гийгүүлэв дээ. Тиймээс цаашид 50 гишүүний цалин хангамж хэмнэж, хуульдаа дахин өөрчлөлт оруулж, 76 гишүүнтэй болгох, түүнээс ч цөөлөхөд болохгүй гэх газаргүй. 50 гишүүнийг “цомхотгоход” дөрөв, таван тэрбум төгрөг хэмнэж л таарна. Тэр их мөнгийг эх орныхоо үйлдвэржилт, эрүүл мэнд зэрэг зайлшгүй хэрэгцээт салбарт зориулбал ямар их ач холбогдолтой байх вэ.
Эрүүл мэндийн салбараа төлбөргүй болгосон ч аштай юу. Түүгээр ч барахгүй үйлдвэр, уурхай, барилга, хөдөө аж ахуйн ажилчид шиг биш болохоор УИХ-ын гишүүдийн цалинг сайндаа л гурван сая болгоход бүрэн хангалттай. Хуйвалдааны тод илэрхийлэл болсон гишүүнийг жагсаалтаар сонгодог гаж тогтолцоог бүрмөсөн болиулах хэрэгтэй.
Хуйвалдааны намууд өрсөлдөн төр засгийн эрх мэдлийг гартаа аваад л байвал авлига, хулгай, луйвар, улс төрийн болоод улс орны хямрал, иргэдийн ядуурал арилахгүй, даамжрах нь ойлгомжтой болж байна. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийг намууд нэр дэвшүүлж сонгодог тогтолцоог зогсоож, орон нутгаас нэр дэвшүүлэн сонгодог журамд шилжих нь зүйд нийцнэ.
Тэгж чадвал орон нутгийн иргэд ашиг сонирхлын зөрчилгүй, шударга, эх оронч, зөв сэтгэхгүйтэй хүнийхээ нэрийг дэвшүүлж, сонгодог болох бүрэн боломжтой. Тийм хүмүүс төр засгийн эрх барьдаг болбол эх орны хөгжил дэвшилд өөрчлөлт гарч, ард иргэдийн амьдрал ч дээшлэх нь дамжиггүй. Энэ талаар олон нийтийн санал асуулга явуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүнд намууд ихэд дургүйцэх биз. Тэглээ ч ард иргэд ялангуяа аль нэг намд хамааралгүй зөв үзэл бодолтой хүмүүс санал, сэтгэгдлээ илэн далангуй илэрхийлэх л учиртай. Үүнийг өгүүлэгч би бээр хот, хөдөөний эрдэмтэн, сэхээтэн, ажилчин, малчин чамгүй олон хүний сэтгэгдлийг цөөнгүй жил сонссоны үндсэн дээр ийнхүү тэрлэв. Болгоогтун.
Ц.Намсрай