Пакистаны зуучлалаар Америк, Ираны төлөөлөгчид нүүр тулаагүй, хоёр өөр өрөөнөөс зуучлагчаар дамжуулж Исламабад хотод хийсэн хачирхалтай ч гэмээр уулзалт 1-нд өндөрлөлөө. Урьд нь тэд харилцан биедээ болзол, үнэндээ бол шаардлага тавьцгаасан юм. Америкийн тал Ираны нутаг дэвсгэрт уран баяжуулахаа бүрмөсөн зогсоож, өмнө нь баяжуулсан уранаа (400 гаруй килограмм) МАГАТЭ-гийн хяналтад өгөх, цөмийн объектуудаа хяналтад байлгах, цөмийн зэвсэг боловсруулахгүй байх үүрэг авах, пуужингийн хөтөлбөрөө чанд хязгаарлах (тооны хувьд болон Европ хийгээд Америкт хүрэх холын тусгалтай пуужин хийх), Ливан, Йемен болон Иракт байгаа зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох, Ормузын хоолойг даруй нээх зэрэг түүнд багтсан байв. Иран болохоор энхийн зорилгоор уран баяжуулах эрхийг нь хүлээн зөвшөөрөх, хоригуудаа цуцлах, хөрөнгүүдийг царцааснаа зогсоох, дайнаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, Америк, Израилын тал Иран руу довтлохгүй байх баталгаа өгөх, Америкийн цэргийг Ойрх Дорнодоос гаргах, Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан. Гэвч аль ч тал нь эдгээр асуудлаар тохиролцоонд хүрэх бодолгүй байлаа.
Ираны парламентын спикер Мохаммадбагер Галибаф хэлэлцээ хийхээр Пакистанд ирмэгцээ “Бидэнд сайхан санаа байна, америкчуудад даанч итгэл алга” гэж хэлсэн нь энд болох яриа хөөрөөний эцсийн үр дүнг урьдчилаад хэлчихсэн гэлтэй. Тэгвэл Дональд Трамп “Олон улсын усан замыг ашиглаж шахалт хийхээс өөр хөзөр иранчуудад алга. Тэд одоо хэлэлцээ хийхийн тулд л амьд мэнд байгаа юм” гэж хэлжээ. Энэ нь Пакистанд Ираныг төлөөлж ирсэн Галибаф, Гадаад хэргийн сайд Аббас Араг чи нарын амь насанд хүрэхэд Израил бэлэн байгааг хэлэв үү.
Пакистанд АНУ-ыг Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс тэргүүлэн Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф, хүргэн Жаред Кушнер нар оч сон бол Ираны төлөөлөгчдийг Мохаммад Галибаф тэргүүлж байсан. Америкийн тавьсан хориг, Ормузын хоолой, цөмийн түлш баяжуулах, Ливанд Израилын явуулж буй цэргийн ажиллагаа эдний ярих гол асуудал байв. Ормузын хоолойг АНУ, Израилын довтолгоон эхэлмэгц Иран хаа чихсан бөгөөд үүгээр явж өнгөрөх хөлөг онгоцнуудаас төлбөр авахыг Иран санал болгосон ч АНУ зөвшөөрөөгүй. Персийн буланд болж буй дайн түүнийг дэлхийн эдийн засгаас айхавтар тастаж буй бүс нутгийн зургаан улсын дэд бүтцийг сүйтгэж, дэлхий дахинд нефтийн үнийг өсгөж байна. Энэ дайнд Иран 3000, Ливан 2000 шахам хүнээ алдсан гэх мэдээлэл байгаа. “Бид тохиролцоонд хүрэлгүй буцаж байна. Тэд бидний болзлыг хүлээн авсангүй” гэж АНУын төлөөлөгчдийн тэргүүн Жей Ди Вэнс эх орон руугаа буцахдаа хэлсэн байна. Трампын мэдэгдсэнээр Исламабадад болсон хэлэлцээний үр дүн чухал биш, учир нь америкчууд өөрсдийгөө ялсан гэж үзэж буй аж.
Энэ ташрамд тэмдэглэхэд, Умард Атлантын эвслийн холбоотнууд нь Ойрх Дорнодын асуудлаар гар хумхиж суугаад Америкийн Төрийн тэргүүн сэтгэл нэн дундуур байгаагаа илэрхийлээд авлаа. Исламабадад болсон хэлэлцээг ямар ч үр дүнд хүрээгүй, гацаанд ороод төлөөлөгчид буцацгаасан гэж товчоор хэлж болно. Америк чуудын хувьд онцлон чухалчилж буй асуудал нь Ормузын хоолойг нээлгэх. Учир нь хөлөг онгоцнууд чөлөөтэй нэвтрэх боломжтой болгохыг л тэд эрмэлзэж байгаа юм. Ормузын хоолойг бүслэнэ гэж Трамп мэдэгдсэн ч түүнийгээ хэрэгжүүлэх боломжгүй. Хэрэв бүсэлчих юм бол АНУ өөрөө дэлхийтэй дайтах болно. Америкийн цэргийн шинжээч Скотт Риттер “Бүслэх юм бол эвлэрэл байхгүй болно гэсэн үг. Энэ хоолойгоор чинь Кувейтийн, Эмиратын, Саудын Арабын, Бахрейн, Катарын нефть урсдаг юм. Ормузын хоолойг бүсэлбэл бид дэлхийтэй дайн зарласан явдал болно” гэж хэлсэн байна.
Исламабадад энхийн хэлэлцээрт хүрээгүй нь АНУ-ын буруугаас болсон хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Араки мэдэгдэв. Америк Израил хоёр Иран руу довтолсноор АНУ бүх түншээ алдаж, үндсэндээ НАТО-г “ал чихлаа”, Арабын орнууд ч нүүр буруулав гэж Риттер мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол стратегийн алдаа. Эзэнт улсыг эцэслүүлэх үйл явдал боллоо” гэж нэмж хэлжээ. Түүний үзэж буйгаар Иранд сар гаруй явуулсан цэргийн ажиллагаа холбоотон хайсан, ялангуяа Персийн булангийн араб улсуудаас түнш олох гэсэн АНУ-ын 40 жилийн хүчин чармайлтыг үгүй хийсэн үйлдэл болж буй аж. Австрали, Британи, Франц, Япон зэрэг түнш орон нь Ормузын хоолойг бүслэн хаахад АНУтай хамтрахаас татгалзав. Түүгээр ч барахгүй Америкийн цэргүүдэд нисэх хүчний баазаа ашиглуулах, Иранд цохилт өгөхдөө агаарын орон зайг нь дамжихыг дайны эхнээс л Европын орнууд зөвшөөрөөгүй. Тэгээд Трамп “Та нар цагтаа бидэнд яаж хандсан шиг бид тэгж хандах болно” хэмээн өнгөрсөн сарын 31-нд бичсэн байдаг. Европчуудын эл хандлага Иранд АНУ-ын хийж буй түрэмгий үйлдлийг нь хэрхэн үнэлж буйн илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Мөн улс орноо дайнд татан оруулахаас сэрэмжилсэн нь эргэлзээгүй.
Хариуд нь Трамп Европт өөрийн араншиныг гаргаж, НАТО-гийн үнэнч гишүүн Данид л гэхэд Гренландыг нь авна гэж айлгав. Ардчиллаас ухарлаа гэж Европын олон Засгийн газарт гоморхов. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте НАТО-той ам мурийх нь юуны урьд өөрт нь ашиггүй гэдэгт итгүүлэхээр энэ сарын 8-нд Вашингтонд очиж Трамптай уулзжээ. Гойд амжилт олоогүй. Харин ч Европ үндэсний аюулгүй байдлынхаа хувьд АНУ-д цаашдаа найдах юмгүй болж байх шиг. Гишүүнийх нь аль нэгэнд хэн нэгэн дайрвал эвсэлд бүхэлд нь довтолсон гэж үзэх дүрмийн заалт нь хүчингүй болоогүй ч НАТО 77 жилийнхээ түүхэнд одоогийнх шиг сул үлбэгэр байсангүй. Вьетнам, Ирак дахь дайн гээд хурц хямралтай үе түүнд тохиолдож байсныг дэлхий дахин мэднэ. Түүнийг хамтын хүчээр даваад л гарсан.
...Тун ойрын үед Ормузын хоолойг бүслэх ажиллагаа эхэлнэ гэж энэ сарын 12-ны ням гарагт Дональд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд бичив. Түүний үгээр бол Иран руу болон Ойрх Дорнодын улсууд руу чиглэсэн хөлөг онгоцууд үүгээр өнгөрөхийг хориглох аж. Хоолойг бүслэх ажиллагаанд бусад улс ч нэгдэнэ гэж тэр бас тэмдэглэжээ. Ийнхүү Ормузын хоолойг бүслэн хаах АНУ-ын ажиллагаа маргааш өглөө нь эхлэв. Нефтийн үнэ ч тэр дороо нэмэгдэж нэг баррель нь 100 ам.долларт хүрчээ. Трамп ийм шийдвэр гаргасан нь Пакистаны нийслэлд Америк, Иран хоёр хэл амаа ололцоогүйтэй, тодруулбал Тегераны цөмийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрээгүйтэй шууд холбоотой. Түүнчлэн Ормузын хоолойгоор явж өнгөрснийхөө төлөө мөнгө төлсөн хөлөг онгоц бүрийг олон улсын уснаас хайж ол. Хууль бусаар гаалийн татвар төлсөн хэн ч задгай тэнгист аюулгүй нэвтрэх учиргүй гэж өөрөө тайлбарласан байна лээ. Энэтхэгийн далайн зүүн хойд хэсэгт байдаг Персийн буланг зүүн, баруун өмнө талаараа Оманы буланг Арабын тэнгистэй цаашаа задгай далайтай холбодог, стратегийн чухал ач холбогдолтой нарийхан хоолой байдаг нь Ормуз юм.
Түүний умард эрэг нь Ираны нутагт хамаарч, өмнөд эрэг нь Арабын Нэгдсэн Эмират Улсад харьяалагддаг. Энэ хоолой 195 километр урт. Хамгийн нарийн газраа 39, өргөн нь 96 километр, гүн нь 229 метр юм. Одоогийн байдлаар Персийн булангийн орнуудад олборлосон нефть, хийг гурав дахь орнууд: Япон, АНУ, Өрнөд Европт гаргах цорын ганц усан зам нь болж байна. Усан замаар экспортолж буй нефтийн бүтээгдэхүүний 40 хувийг нь тус хоолойгоор тээвэрлэж буй. “Bloomberg”-ийн үнэлгээгээр 2025 онд Ормузын хоолойгоор өдөр тутам 16.7 сая баррель хуурай нефть зөөж байв.
Р.Жаргалант