ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудал хариуцсан гишүүн Г.Нарантуяа “Хотула” аппликэйшн, “Таван богд Нура” компанийн эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний систем болон АН-ын цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Хотула” аппликэйшний хэрэглэгчийг бүртгэх, танин баталгаажуулах горим нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн үндсэн зарчмуудыг хангахгүй байна. Тухайлбал, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахдаа хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөвхөн хуульд заасан үндэслэлээр, эсвэл мэдээллийн эзний зөвшөөрөлд тулгуурлах зэрэг зарчимд нийцээгүй. Тус аппликэйшн нь төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг нэгтгэхдээ “Хамуга”, “ДАН” систем болон царай таних технологийг ашиглаж буй бөгөөд хэрэглэгчдийг гурван түвшний баталгаажуулалтаар давхар бүртгэж байна. Түүнчлэн үйлчилгээ авахад хэрэглэгчийн ажил, албан тушаал, орлогын эх үүсвэр зэргийг шаардах нь үндсэн зорилгоосоо хэтэрсэн, хэт өргөн хүрээний мэдээлэл цуглуулж буй үйлдэл юм. Мөн иргэний үнэмлэхийн зурагт үндэслэн нүүр царайгаар баталгаажуулж байгаа нь хүний биометрик мэдээлэлд халдаж буй хэрэг. Тиймээс “Хотула” аппликэйшний үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Засаг даргаас шаардаж, уг шаардлагыг хэрэгжүүлэх 30 хоногийн хугацааг ХЭҮК-оос өгөөд байна” гэсэн юм.
Мөн АН-ын албан ёсны цахим хуудсанд иргэний регистрийн дугаарыг оруулснаар тухайн хүний оршин суух хаяг болон бусад хувийн мэдээлэл ил харагдаж буй асуудал өнгөрсөн хоёрдугаар сард нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан. Уг асуудлаар иргэний гаргасан гомдлын дагуу ХЭҮК-оос шинжээч томилж, шалгалт явуулжээ. Энэ талаар Г.Нарантуяа гишүүн “АН-аас гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг бий болгох зорилгоор хөгжүүлсэн www.an.mn цахим хуудсанд иргэний регистрийн дугаарыг оруулмагц оршин суугаа хаяг, тухайн намын гишүүн, эсэх зэрэг хувийн мэдээлэл автоматаар гарч ирсэн тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд бүртгэгдсэн. Улмаар маргааш нь буюу хоёрдугаар сарын 26-нд тус цахим хуудасны бүртгэлд манай улсын нэг сая орчим иргэний мэдээллийг 650 ам.доллароор худалдах зарыг олон улсын хууль бус мэдээллийн сайтад байршуулсан байв. ХЭҮК ажлын хэсэг томилж, тухайн цахим хуудасны серверт технологийн шинжилгээ хийж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, мэдээлэл технологи хариуцсан ажилтан болон сайтыг хөгжүүлсэн компанийн удирдлагуудаас тайлбар авсан. Улмаар АН-ын дотоод өгөгдлийн санд иргэдийн регистрийн дугаар, хүйс, овог, нэр, төрсөн огноо, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг агуулсан 2.1 сая орчим бичлэг хадгалж байсныг тогтоож, аюулгүй байдлыг хангах, зөрчлийг арилгах чиглэлээр гурван багц зөвлөмжийг тус намын даргад хүргүүлсэн” гэлээ.
Харин “Таван богд Нура” компанийн үйлчилгээний системийн талаар “Хүний эрүүл мэнд, тэр дундаа биометрик, генетик мэдээлэл дахин давтагдашгүй шинжтэй. Тиймээс алдагдсан тохиолдолд хүний эрхийн ноцтой эрсдэл учруулна. Иймд тус системд эмнэлгийн мэргэжилтний бодит хяналт тогтоож, мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай” хэмээв.
У.Сүрэн