Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тус тайланд Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах асуудал, Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт болон Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал, Жендерийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал зэрэг зургаан бүлгээр судалгаа хийн, тайлан бэлтгэж, санал, зөвлөмж боловсруулсан байна. Эдгээр судалгаа, тайлангаас эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудлыг онцлон сонирхлоо.
Манай улсын хүн амын дундаж наслалт 72.7 байсан бол 2025 онд 71.7 болж нэг жилээр богиноссон. Улсын хэмжээнд эрэгтэйчүүд дунджаар 67.9, эмэгтэйчүүд 77.1 насалж байгаа аж. Эмнэлэгт үзүүлж буй эрэгтэйчүүдээс эмэгтэй нь 1.6 дахин олон байгаа бол насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь огт эмнэлэгт үзүүлж байгаагүй, 59 хувь нь өвчний хожуу шатанд оношлогдсон гэдгийг дээрх тайланд дурдлаа. Улмаар эрчүүдийн өвчлөлийн шалтгаанд архи, тамхины хэрэглээ, сэтгэл зүйн ачаалал, дарамт зэрэг нь нэрмээс болж буй аж. Нийт иргэдийн хувьд эмнэлгээр үйлчлүүлэхэд газар зүйн байршил, тээврийн хүртээмжгүй нөхцөл, өндөр зардал зэрэг нь бэрхшээл дагуулдаг гэнэ.
Түүнчлэн өрхийн орлогын 50 орчим хувийг эмчилгээний зардалд зарцуулж байгаагаас хэн нэгэн нь өвдсөн тохиолдолд айл өрхүүд санхүүгийн хүндрэлд орох, амьжиргааны түвшин доройтох нөхцөл үүсгэж буйг тайланд дурджээ. Мөн 10 000 хүн тутам дахь осол, гэмтэлд өртөгсдийн 59.8, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэгийн кабинетэд эмчлүүлэгсдийн 81.9 хувь нь эрчүүд байжээ. Өнгөрсөн онд амиа хорлосон 561 тохиолдол бүртгэгдсэний 85 хувь нь мөн л эрэгтэй гэнэ.
Энэ талаар болон эрүүл мэндийн системд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэбэл зохих асуудлын тухай ХЭҮК-ын дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Сүнжид, “Манай улс эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж болон эмийн чанарыг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд ахиц гарч буй ч эмнэлгийн үйл чилгээний зардалд өрхийн орлогын 50 орчим хувийг зарцуулж буй нь орлого багатай иргэд, эмзэг бүлгийнхэнд хүнд тусдаг. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдмал бүсэд амьдарч буй хүмүүс эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй хэвээр. Үүнээс гадна баталгаат бус эм бэлдмэл, аминдэм зэргийг олон нийтийн сүлжээгээр борлуулдаг, хуурамч мэдээлэл түгээдэг, энэ төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн ашиг олох зорилгоор наймаалцах асуудал түгээмэл болсон зэрэг олон асуудал бий. Тиймээс ХЭҮК-ын зүгээс иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор цөөнгүй санал гарган, зөвлөмж хүргүүлж, улмаар хууль батлуулах зорилгоор бүрэн хэмжээний судал “Эрчүүдийн эрүүл мэнд, боловсролд анхаарахгүй бол оройтох нь” гаа хийн, тайлан боловсрууллаа. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг хүн ам зүйн өөрчлөлт, өвчлөлийн бүтэц, бодит хэрэглээнд тулгуурласан актуар тооцоололд үндэслэн боловсруулах, мэргэжлийн чадавхыг бэхжүү лэх, иргэдийн төрөөс хариуцдаг даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бус, өмнөх оны улсын дундаж цалин, орлогоос тооцохоор хуульчлах шаардлагыг тусгав. Мөн эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц асуудлаар нийтэд төөрөгдүүлсэн мэдээлэл, зар сурталчилгаа түгээхийг хориглох, хяналт хариуцлагыг хуульчлах, эрүүл мэндийн салбарын худалдан авалтыг ил тод, цаг хугацаа хэмнэсэн, чанарт суурилсан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдлаар зохион байгуулах зэрэг санал оруулж, УИХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлж байна” гэлээ.
2024-2025 онд их, дээд сургуульд суралцагчдын 38.6 хувь нь эрэгтэй байсан бол ерөнхий боловсролын сургууль завсардсан хүүхдүүдийн 65.7 хувь нь мөн эрэгтэй байжээ. Улмаар хөвгүүд 2024 онд элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлд дунджаар 499.2 оноо авсан нь охидоос таван оноогоор бага дүн. Түүнчлэн унших чадварт 396 оноо авч 25, шинжлэх ухааны хичээлд 405 оноо авч 15 оноогоор эмэгтэй сурагчдаас доогуур үнэлүүлсэн байна. Боловсролын чанарын үндэсний үнэлгээ болох асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах, хамтран суралцах зэрэг суурь чадвар, гүйцэтгэлээр хөвгүүд охидоос 3.2 хувийн зөрүүтэй буюу багаар үнэлүүлжээ. Дүгнээд хэлбэл, манай улс хөвгүүд, эрчүүдийнхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарахгүй бол ноцтой түвшинд хүрснийг дээрх тайланд онцоллоо.
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ЛАБОРАТОРИЙН БАРИЛГЫГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монгол дахь шүүх шинжилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, шүүх шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдын эрх зөрчигдсөн, үгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй, эсэх талаар судалжээ. Үүнд шинжилгээний арга зүйн заавруудыг төрөл тус бүрээр үндэсний стандарт болгон баталгаажуулах, нээлттэй байдлыг хангах талаар хоцрогдолтой байна гэв. Мөн хүний халдашгүй, чөлөөтэй, хүнлэг бус харицаанаас ангид байх болон хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулаагүй, нэн тэргүүнд болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох болон цогцост хийх шинжилгээний үед дуу, дүрсийг бичих, шинжилгээний объектыг хамгаалах, зөв ашиглах, архивлах, устгах журмыг мөрдөгдөхгүй байгааг дурдлаа. Үүнээс гадна шүүх анагаах ухааны шинжилгээний лабораторийн барилга, байгууламжийг барихад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, дүүргүүд дэх Шүүх шинжилгээний хэлтсүүдийг стандартын шаардлага хангасан бие даасан байртай болгоход анхаарах хэрэгтэй аж. Энэ тухай ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ууганбаатар “Шүүх шинжилгээний байгууллагын хүрээнд стандартын шаардлага хангасан, шинжилгээ хийх зориулалтын лаборатори цөөн. Хүний биед шинжилгээ хийх зориулалттай болон алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцөл бүрдээгүй. Өвөрхангай, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв, Сүхбаатар, Увс, Завхан зэрэг долоон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн барилгыг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй. Зориулалтын хөргүүр, лабораторийн өрөө, тусгай орчингүйгээс шүүх шинжилгээнд зориулсан эд, эсийн дээжийг алба хаагчид өрөөндөө хадгалдгийг болиулах сан. Үүнээс гадна тусгай мэдлэг бүхий мэргэжилтнийг сонгон шалгаруулж ажиллуулах, нийгэм, эдийн засгийн баталгааг нь хангах, шинжээч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх тогтолцоо, сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлагатай. Шүүх шинжилгээний байгууллагын хэмжээнд автомашины парк шинэчлэл хийх, тусгай тоноглогдсон явуулын лаборатори, бусад техник, хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байна” гэв.
Манай оронд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай асуудал хурцаар хөндөгддөг. Тэгвэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Төрийн болон албаны нууцын, Байгууллагын нууцын болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, харилцан уялдаагүй байгааг тайланд бичжээ. Тиймээс Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зарим мэдээллийг төрийн нууцад үндэслэлгүйгээр хамруулахыг хориглох, мэдээллийг төрийн нууцад хамруулахад иргэний шинжтэй, хараат бус хяналт бий болгох, төрийн нууцаас гаргах зохицуулалтыг мэдэх эрхийн зарчимд нийцүүлж тусгах хэрэгтэй гэнэ. Мөн мэдээлэл авах хүсэлтэд заавал хариулт өгөх, мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдолд үндэслэлээ тайлбарлах юм байна.
Түүнчлэн шийдвэр нь эрх зүйн үндэслэлтэй, зайлшгүй болохыг нотлох үүргийг төрийн албаныхан хүлээх ёстой гэжээ. Мэдээлэл өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, мэдээллийг хууль зөрчин хязгаарлалттай, хаалттай ангилалд оруулсан, мэдээлэх хугацааг үндэслэлгүй хэтрүүлсэн зэрэг тохиолдлыг Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатай аж. Эл асуудлаар ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг “Мэдээллийн ил тод байдлыг зөвхөн мэдээллийг нийтэлсэн, үгүйгээр бус, иргэдийн хэрэглээ, мэдээллийн хүртээмж, ойлгомжтой байдлыг харгалзан үнэлэх шаардлагатай. Мөн нээлттэй мэдээллийн сан, систем, нийтийн мэдээлэл хариуцагчийн цахим хуудсанд авагдсан өгөгдөл нь олон нийтийн мэдэх эрхийг бодитой хангаж буй, эсэхийг хянах, цахим сан, системүүдийг нэмэгдүүлэх шаардлага байна.
Нөгөөтээгүүр, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүрэг”-ийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газрын тогтоол гаргуулах хэрэгтэй. Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, дэмжих, хамгаалах үүргийг тусгаж, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, үнэлгээтэй нь уялдуулах зэргээр нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангуулах, мөн хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд тэдгээрийн удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх шаардлага бий” гэсэн юм.
Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны бүтэц, нэгж тус бүрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг нарийвчилж төлөвлөх, төсөвт тусгах, тогтвортой санхүүжилтээр хангах хэрэгтэйг мэдээллээ. Хүүхэд хамгааллын салбарын хүний нөөцийн хомсдолыг шийдвэрлэх, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах хэрэгтэйг дурдав. Мөн хүүхэд хамгааллын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн орчин нөхцөлийг сайжруулж, ялгаатай хэрэгцээтэй үйлчлүүлэгчид хүртээмжтэй болгох, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хохирогчидтой тусгайлан бэлтгэгдэж, мэргэшсэн ажилтан харилцах, төлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг асуудлыг хөндөн, шаардлагатай тоо мэдээллийг тусгасан санал, зөвлөмж бүхий дэлгэрэнгүй тайланг ХЭҮК-оос танилцууллаа.
С.Дулам