Туркийн зүүн өмнөд бүсийн Кахраманмараш мужийн Оникишубат дүүрэгт орших “Айсер Чалык” дунд сургуульд 14 настай сурагч уржигдар (лхагва гарагт) зэвсэгт халдлага үйлдэж, есөн хүн амиа алджээ. Халдлагын улмаас найман сурагч, нэг багш газар дээрээ нас барж, 13 хүн шархадсанаас зур гаагийнх нь биеийн байдал хүнд байна. Хэрэгтэн цагдаагийн алба хаагч аавынхаа галт зэвсэг, их хэмжээний сумыг сургууль руугаа нууцаар авч орсон бөгөөд хоёр ангид гал нээснийхээ дараа өөрийгөө буудаж амиа хорлосон байна.
Энэ нь тус улсад сүүлийн хоёр хоногт сургуулийн орчинд гарсан зэвсэгт халдлагын хоёр дахь тохиолдол юм. Үүнээс ердөө нэг хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Шанлыурфа мужийн нэгэн сургуульд ижил төрлийн халдлага гарч, 16 хүн шархадсан бөгөөд хэрэгтэн мөн амиа егүүтгэсэн юм. Үүссэн нөхцөл байдалтай хол богдуулан Кахраманмараш болон Шанлыурфа мужийн бүх сургуулийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
Туркийн Засгийн газраас дээрх мужид гурав хоногийн гашуудал зарлаж, хохирогчдын ар гэрийнхэнд бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Мөрдөн шалгах ажиллагааны хү рээнд хэрэг үйлдсэн сурагчийн аав болох цагдаагийн алба хаагчийг галт зэвсэг хадгалах журам зөрчиж, аюулгүй байдлыг хангаагүй гэх үндэслэлээр саатуулаад байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Хууль зүйн яамнаас галт зэвсэг эзэмших эрх бүхий албан хаагчдын зэвсэг хадгалах журмыг шинэчлэн, сургуулийн орчны хяналтыг чангатгах талаар хэлэлцэж эхэлжээ.
Мөн иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан сургуулиудын хамгаалалтыг чангатгах, сурагч дын цүнхэнд үзлэг хийхээс гадна хүүхэд, залуусын дунд хүчирхийлэл үйлдэх сэдэл төрүүлж буй цахим тоглоом, контентод хяналт тавихыг шаардаж байна. Сэтгэл зүйчид ч мөн эдгээр хэрэг нь “даган дуурайх үйлдэл” (copycat effect) байж болзошгүйг анхааруулсан тул улс даяар сурагчдад үзүүлэх сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг бууруулах ажиллагааг эхлүүлжээ.
Э.Сүйлэн