Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.14/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны 27 гишүүнээс 14 нь буюу Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, Дам.Цогтбаатар, Д.Ганбат, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нарын гишүүд ирснээр хуралдаан 11 цаг 35 минутад 51.9 хувийн ирцтэй эхэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Дам.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Тэд мэргэжлийн холбоо байгуулах нэрийдлээр тухайн салбарт эзэн суудаг, чөлөөт, шударга өрсөлдөөнийг хаах зэргээр саад учруулдаг байдлыг шүүмжилж, улс төрийн намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах, Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс гадна эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах, гишүүдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байлаа.
Байнгын хороо ийнхүү Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн заалт бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Санал, дүгнэлтийг илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинг томилов.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар уншиж танилцууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ.
Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Дам.Цогтбаатар, Д.Ганбат нар асууж, үг хэлэхдээ, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох болон хүүхэд хамгаалалд эцэг, эхийн оролцоо, хараа хяналт чухал гэдгийг онцолж байлаа.
Ийн хэлэлцээд, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов