“Хөмсөг гоё шивдэг, шивээс мэргэжлийн түвшинд хийдэг, эднийд гоо сайхны мэс ажиллавар хийлгэнэ. Тэднийх сайн” гэж хүмүүс хошуурдаг ч хамгийн гол шалгуур болох эрүүл, аюулгүй байдлын стандарт мөрддөг, эсэхийг нь мартаж орхидог. Орчин нөхцөл, багаж хэрэгслийн аюулгүй байдлыг анзаарахгүй өнгөрөөснөөс эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг нь харамсалтай. Гоо сайхны мэс ажиллавар хийлгэх, үгүй нь тухайн хүний сонголт хэдий ч стандартын шаардлага хангахгүй, хариуцлагагүй газраас халдвар авч, түүнийгээ мэдэлгүй өрөөлд халдаан, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол сүүлийн жилүү дэд нэмэгдэх болсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа ид хийж бүтээх хөдөлмөрлөх насны залуус бохир зүү тариураар дамжсан элэгний С, В вирусний халдвар авч, хэвтэн эмчлүүлэх болжээ. Арьс салстын бүрэн, бүтэн байдлыг алдагдуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болох мэс засал, шүд, төрөлт, зүү тариуртай холбоотой эмчилгээ, шивээс, чих цоолох, маникюр, педикюр зэрэг гоо сайхны үйлчилгээний үед эрүүл ахуйн стандарт зөрчих буюу бохир зүү, тариур хэрэглэснээс элэгний В, С вирусний халдвар авах эрсдэл үүсдэг. Тэр бүү хэл, сахлын болон хумсны хутга, сойз зэрэг хэрэгслийг дундаа хэрэглэх явцад арьс, салстаа гэмтээсэн бол халдвар дамждаг юм.
15.7 ХУВЬ НЬ ШИВЭЭС ХИЙЛГЭХДЭЭ ХАЛДВАР АВСАН
Улсын хэмжээнд өнгөрсөн онд элэгний гепатит С вирусний халдварын 107 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь 10 000 хүн амд тохиолдлын тоо 0.3 байгаа нь өмнөх оны мөн үеийн түвшинд, сүүлийн таван жилийн дундажтай ижил байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн хэлсэн. Гэхдээ нийт гепатитын дотор С вирусний халдвар 51.4 хувийг эзэлж, өмнөх оныхоос 2.6 хувиар нэмэгджээ. Эл вирусний халдвар 25-29 насны эрэгтэйчүүдэд, өвчлөл 40-44 насны эмэгтэй чүүдэд илүүтэй тохиолдсон аж. Халдвар авсан эрсдэлт хүчин зүйлийн 15.7 хувь нь гоо сайхны үйлчилгээ шивээс, 7.1 хувь нь шүд, амны хөндийн эмчилгээ, таван хувь нь тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсны улмаас байжээ. С вирусний халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг төдийлөн илрэхгүй байсаар өвчин архагшиж, элэгний хатуурал, хавдарт хүргэдэг байна. Мөн энэ вируснээс хамгаалах вакциныг хүн төрөлхтөн одоо болтол бүтээж чадаагүй тул халдварын асуудалд анхаарах шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд санууллаа.
Энэ талаар тус төвийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасгийн эрхлэгч, доктор М.Оюунгэрэл “Эмчлүүлж буй хүмүүс ихэнхдээ гоо сайхны мэс ажиллавар, шивээс, шүд, эрүү нүүрний эмчилгээ хийлгэх үедээ бохирлогдсон зүү тариураар дамжин халдвар авсан байдаг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 20-62 насны 19 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдож, манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэдний 10 нь эмэгтэй. С вирусний халдвар дамжсан байж болох эрсдэлт хүчин зүйлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ялгаагүй л гоо сайхны үйлчилгээ, шивээс, шүд, амны хөндийн эмчилгээ хийлгэсэн, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдол давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, парентерал (арьс цоолж орох) замаар дамжин халдварлаж буй элэгний В, С, Д вирусний халдвар дотор С вируснийх их байна. Энэ төрлийн халдвар архагшиж, хавдар болох эрсдэлтэй” гэв.
Мөн тэрбээр “Манай тасагт сард 20 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Судсаар мансууруулах бодис хэрэглэж байгаад вирусний халдвар авсан хүн манайд ирдэг. Мансууруулах бодисын хэрэглээг илрүүлэхэд амаргүй, далд хэлбэрт байдаг. Гэхдээ ийм замаар халдвар авч, бүр донтох эмгэгтэй болсон залуус хандах болсон нь харамсалтай” гэсэн юм. Мансууруулах бодист донтсон залуус эмчилгээ хийлгэх үедээ ч тогтож сууж чадахгүй, эмч, сувилагчийн нүд хариулж, оргож зугтах явдал гардаг аж. Ингэж зугтаж гарсан нөхрийн мөрөөр мөшгөхөд эмнэлгийн гадна талбайн цасан дор хайрцагтай тариур нуу чихсан байсныг нэгэн сувилагч илрүүлж байжээ. Мансуурсан этгээдүүд нэг удаагийн зүү тариурыг дамжуулан хэрэглэж, халдварт өвчин тараах эрсдэл хотод төдийгүй орон нутагт ч нуугдаж буйг М.Оюунгэрэл эмч сануулсан. Элэгний вирусний халдвартай хүмүүс тус эмнэлэгт 21 хоног хэвтэн эмчлүүлдэг бөгөөд энэ хугацаандаа гам сайн сахиж, эмээ таслахгүй уувал эдгэрэх боломжтойг тэрбээр хэлэв. Мөн нэгэндээ тариа хийж байгаад бохирлогдсон зүүнд хатгуулж, халдвар авах тохиолдол гардаг тул эмнэлгийн орчинд л үйлчилгээ авахыг зөвлөсөн.
ЭЛЭГНИЙ ХАВДРААР НЭГ ЖИЛД 1656 ХҮН НАС БАРАВ
Монгол Улс элэгний хавдрын тохиолдол, нас баралтын тоогоороо дэлхийн 180 улсаас нэгдүгээрт бичигддэг. Улсын хэмжээнд хавдраар өвчилсөн 32 мянга гаруй иргэн эмчийн хяналтад байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик судалгаанаас харж болно. Үүнээс хамгийн олон буюу 7025 хүн элэгний хавдраар өвчилжээ. Өнгөрсөн онд гэхэд элэгний хавдраар 2157 хүн оношлогдож, 1656 иргэн нас барсан байна. В,С, Д вирусний халдвар нь монголчуудын олноороо өвчилдөг элэгний хавдрын гол шалтгаан болдог. Эл халдвараас сэргийлэх боломжтой юу. Нэг удаагийн зүү, тариур хэрэглэх, эмнэлгийн багаж хэрэгслийг ариутгасан, эсэхийг хянах, сахлын хутга, шүдний сойз зэрэг хувийн хэрэглээг хуваалцахгүй байх, шивээс хийлгэхдээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан газар сонгох, гоо сайхны үйлчилгээг зөвшөөрөлтэй, хяналттай байгууллагаас авахыг ХӨСҮТ-ийнхөн зөвлөсөн. Хэрэв ядарч сульдах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, шээсний өнгө бараантах, арьс, нүд шарлах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг ч сануулав. Вирусний халдвар авсан, эсэхийг цусны шинжилгээгээр л илрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тест болон лабораторийн шинжилгээгээр гепатит вирусний халдварыг илрүүлж, шаардлагатай эмчилгээг хийдэг юм.
“УГААЖ ЦЭВЭРЛЭСЭН БАГАЖ, ХЭРЭГСЭЛ, ЭД ЗҮЙЛСЭЭС Ч НЯНГИЙН БОХИРДОЛ ИЛЭРСЭН”
Манай улсад эрүүл мэндийн 5000 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Харин хэд нь эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан орчинд иргэдэд үйлчилдэг бол. Ялангуяа халдвар дамжуулах эрсдэл өндөр гоо сайхны мэс ажиллавар, шивээс, шүд, эрүү нүүрний тусламж үзүүлдэг байгууллагууд хууль, дүрмээ мөрдөж ажилладаг уу. Тийм биш гэдэг нь халдвартай хүний цусаар бохирлогдсон зүү тариур, багаж хэрэгслээс вирусний халдвар авсан хохирогчдын тооноос илэрхий харагдана.
Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тайлангаас үзэхэд 2025 онд гоёлын гоо заслын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 148 объектод төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ. Тодруулбал, “Үсчин, гоо сайхны газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”, “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Гоёлын гоо заслын үйл чилгээнд тавих шаардлага” MNS 5567:2025 стандартын хэрэгжилтийг хангаж буй, эсэхийг шалгасан байна.
Шалгалтад хамрагдсан газрын 8.9 хувь нь их, 57.4 хувь нь дунд, 33.7 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Тухайлбал, гоо сайхны үйлчилгээний газруудын 35 хувь нь зориулалтын, үйлчилгээний шаардлага хангахуйц өрөө тасалгаагүй, 52 хувь нь гоо заслын үйлчилгээ үзүүлэх өрөөнд гар угаагуургүй, 65 хувь нь багаж хэрэгслийг угааж цэвэрлэж, халдваргүйжүүлэх тусдаа өрөөгүй, 15 хувь нь шивээс болон арьс, салстыг цоолж гэмтээх үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж байжээ. Мөн 28 хувь нь гоо заслын үйлчилгээний багаж хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэх төхөөрөмжгүй, 38 хувь үйлчилгээ үзүүлж буй өрөө тасалгааны цэвэрлэгээ хангалтгүй, 64 хувьд нь ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хү рэлцээгүй зөрчил илэрсэн аж. Түүнчлэн гоо засалчдын 49 хувь нь тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, 30 хувь нь үйлчилгээний онцлогт тохирсон ажлын хувцас өмсөөгүй байжээ. Үүгээр ч зогсохгүй хяналт, шалгалтын явцад цагаан хэрэглэл, ал чуур, угааж цэвэрлэсэн багаж хэрэгсэл зэрэг эд зүйлсийн гадаргуугаас 1498 арчдас авч, нян судлалын шинжилгээ хийлгэхэд 16 хувьд нянгийн бохирдол (Escherichia coli, Staphylococcus aureus, Enterobacter spp.) илэрсэн байна.
Нийслэлд тав алхаад л үсчин, гоо сайхны газрууд тааралддаг. Зүү тариураас халдвар авсан хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байгаа нь ч анхаарал татна. Гоо сайхны үйлчилгээ авах эрэлт, хэрэгцээнд дөрөөлж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хүний эрүүл мэндээр “тоглож” байгаа газруудад хатуу арга хэмжээ авах цаг болжээ. Ихэнх газрууд нь түрээсний байранд, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй орчин үйлчилж байгааг салбар яамныхан нь тогтоочхоод байна. Үйлчилгээ эрхэлж буй хүмүүс нь хүртэл сургалт, дамжаанд хамрагдсан гэх үнэмлэх, гэрчилгээтэй боловч халдвараас сэргийлэх дэглэмийг чанд сахих талаар мэдлэг, ойлголт, хандлага дутмаг байгааг ч аудитын тайланд дурджээ. Үүний хүрээнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 34 аж ахуйн нэгж, иргэнийг нийт 9.6 сая төгрөгөөр торгосон байна. Энэ нь элэгний В, С вирусээс эхлээд элдэв нян, өвчний эх үүсвэр болсон газруудын толгойг илснээс өөрцгүй.
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/406 дугаар тушаалаар Үсчин, гоо сайхын газрын эрүүл ахуйн, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг баталсан. Гэвч ихэнх газар үүнийг үл ойшоодог нь үүднээс нь харагддаг. Албаныхны хийсэн хяналт, шалгалтад ч гоо сайхны газруудын ихэнх нь бүдэрсэн байна. Дээрх дүрэмд “Ариутгал, халдваргүйжүүлэлт хангалтгүй хийсэн үсчин, гоо сайхны ирмэг, үзүүртэй багаж (хайч, хутга, сахлын машин, сам гэх мэт) хэрэгслээр гепатит В, С, ДОХ/ХДХВ болон нян, мөөгөнцрийн халдварууд дамжин тархах эрсдэлтэй тул үсчин, гоо сайхны багаж хэрэгслийг зааврын дагуу угааж, халдваргүйжүүлэх, ариутгах шаардлагатай” гэж заасныг зориуд тэмдэглэе. Дүрэмгүй гоо сайханчдыг хазаарлахгүй бол вирусний халдвар тархсаар л байх нь.