Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-оос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2, тэнцвэржүүлсэн орлого нь 6.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс дунджаар долоон хувиар өсжээ. Харин нийт зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наядын алдагдалтай гарчээ. Тэнцвэржүүлсэн тэнцэл ийнхүү 1.4 их наядын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн татварын нийт орлого 2026 оны эхний улиралд 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны энэ үеийнхээс 75.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Уг өсөлтөд нийгмийн даатгалын сангийн орлого жилд 19, нэмэгдсэн өртгийн албан татвар 12.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин орлогын албан татварын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 343.5, онцгой албан татварынх 93.3 тэрбум төгрөгөөр буурсныг ҮСХ-ны тайланд бичжээ.
С.Дулам