Улаанбаатар иргэддээ бус, авто зам, барилга байгууламж, метро, трамвайд зориулсан хот болж буйг олон хүн шүүмжилж байна. Энэ хотод өрнөж буй, цааш хэрэгжүүлэхээр зорьж байгаа бүхий л бүтээн байгуулалт нь хүндээ ээлгүйг олон жишээнээс харж болно. Хамгийн сүүлд гэхэд нийслэлээс Туул гол дээгүүр хурдны зам барих ажлыг эхлүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. ЖАЙКА олон улсын байгууллагын 2017 оны тайланд 2030 он гэхэд Улаанбаатар хот усны хомсдолд албан ёсоор орно гэж тэмдэглэсэн байдаг. Иймд “Ундны усаараа оролдох хэрэггүй” хэмээн цөөнгүй эрдэмтэн, судлаач сануулсаар.
“АСТМА”-ТАЙ ХОТ
Манай нийслэл Баянзүрх, Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан буюу дөрвөн уулын дунд, Туул, Сэлбэ голын бэлчир хөндийд байрладаг билээ. Голын сав, өргөн гудамж, замын сүлжээний нээлттэй орон зай нь агаарын урсгалын коридор болдог тул хотын салхины чигийг тооцож төлөвлөх шаардлагатайг судлаачид хэлж байна. Гэтэл манай хот салхины чигийг тооцож, төлөвлөх нь бүү хэл, хаа таарсан газартаа хэн дуртай нь газар ухаж, барилга, байгууламж барьдаг болоод удсан. Хотод зөвхөн зам, барилга, метро төлөвлөдөггүй, агаарыг ч бас төлөвлөдөг хэмээн хот судлаач Л.АнуҮжин манай сонинд ярьсан юм. Тэрбээр “Зам, барилга бол хөгжил гэдэг ойлголт хоцрогдсон. Улс орон зөвхөн зам бариад, хот өндөр барилга сүндэрлүүлээд хөгжчихдөг юм биш. Хотын зөөлөн болон хатуу дэд бүтэц гэсэн хоёр ойлголт байдаг. Хатуу дэд бүтэц нь шугам сүлжээ, барилга байгууламж зэрэг биет зүйлсийг хэлэх бол зөөлөн дэд бүтцэд нийгэм, соёл, эдийн засгийн биет бус зүйлсийг ойлгодог. Өөрөөр хэлбэл, засаглал, боловсрол, эрүүл мэндийн систем, дата мэдээллийн сүлжээ, түүх, үндэсний онцлог ч багтдаг. Товчхондоо хүний амьдрах орчныг таатай байлгах зорилготой. Хотыг байгальтай нь үлдээхгүй аваас “үхлийн хөндий” болно. Шинжлэх ухаан яаж ч хөгжсөн хүн ус ууж, агаараар амьсгална шүү дээ. Өнөөдрийн Улаанбаатарын иргэдэд цэвэр ус, агаар, эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүүхдээ салхилуулах ногоон байгууламж, сэтгэл хангалуун зорчих нийтийн тээвэр, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх нийгэм хэрэгтэй” гэсэн юм.
Мөн тэрбээр Улаанбаатар бол “астма”-тай хот гэв. Амьсгалын зам нарийсаж, хавдаж, улмаар амьсгалахад бэрх болдог өвчнийг ийн нэрлэдэг. Нийслэлчүүд өвөлдөө нийтээрээ амьсгалын замын өвчнөөр өвдөж, нялх балчир үрс уушгины хатгалгаа тусаж, эмнэлгийн шалан дээр хэвтсээр л байгаа. Хэрэв хотын бүтээн байгуулалтыг агаарын урсгалд тохируулан, зөв төлөвлөн барьж чадвал элдэв төрлийн харшил, өвчин, эмгэгээс сэргийлэх боломжтойг судлаачид хэлсэн. Олон улс, тэр дундаа өндөр хөгжилтэй хотууд “Air corridor” буюу агаарын урсгалын коридор (Хот дотор салхи чөлөөтэй нэвтэрч, агаарыг сэлгэж өгдөг зурвас, орон зай) гэдэг ойлголтоор хотынхоо бүтцийг зохион байгуулдаг юм байна.
САЛХИНЫ УРСГАЛЫГ ХААЖ БАРИЛГА БАРЬСААР БАЙХ УУ
Агаарыг давхаргатай, урсгалтай, амьсгалтай систем гэж үздэг. Иймд хотыг буруу төлөвлөвөл барилга салхи хааж, гудамж, урсгалыг нь таслан, мод бут ч буруу ургаж, бохир агаар хотын дээр тогтдог байна. Тиймээс орчин үеийн хотууд салхины чигийг судалдаг, модыг хаана ч хамаагүй биш, урсгал дагуу тарьдаг, барилгын өндөр, зайг, агаар нэвтрүүлэхээр тооцдог юм. Гудамж, ногоон зурвас, голын урсгалыг салхины зам болгодог. Үүнийг “Urban ventilation corridor” гэж нэрлэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хот “амьсгалдаг” байна. Сонирхолтой нь гол мөрөн, өргөн зам, парк, ногоон зурвас бүгд нийлээд агаарын зам болдог аж. Гэтэл манай Улаанбаатар хотод бетонон ширэнгээс өөр өргөн зам, талбай, ногоон байгууламж, хотын дундуур урсах олон гол, мөрөн, хиймэл нуур, цөөрөм, цэцэрлэгт хүрээлэн бараг л алга. Хаашаа л харна явган хүн ч зөрөх зайгүй шахам барьсан өндөр барилгууд. Ялангуяа сүүлийн жилүүдэд 22-оос дээш давхар барилгуудыг олноор барих болсон. Тухайлбал, “Хүннү-2222” хороолол, “Шангри-Ла” зэрэг 20 давхраас дээш өндөр барилгуудын доогуур явахад хүчтэй салхитай байдаг. Энэ нь салхины урсгалыг хаасан, эсвэл чигийг нь тооцохгүйгээр барьсны балаг хэмээн хот судлал чиглэлээр ажилладаг нэгэн багш хэлсэн юм. Өндөр барилгуудад салхи цохигдсоноор орц, гарцын үүдэнд хүчтэй салхи үүсдэг байна.
Өвлийн улиралд Улаанбаатар “үхлийн хөндий” болдог. Хүн амьдардаг гэхэд итгэмээргүй нүүгэлтсэн хар утаа суунаглаж байдаг. “Утаа ихтэй байгаад салхи буруутай” гэж ярьдаг эрх мэдэлтэн, дарга, сайд нар жинхэнэ утгаар нь салхийг “ашигламаар” байна. Хотын салхины чигийг судалж, нийслэлийг “амьд” байлгах агаарын урсгалын коридорыг төлөвлөх шаардлагатай гэж юм үзэж, нүд тайлсан судлаач, мэргэжилтнүүд ярих боллоо. Улаанбаатар хотын төв зам дагуу утаа ихтэй байдаг нь мөн л салхины урсгалыг тооцоолоогүйтэй холбоотой гэнэ. Нүдэнд харагдаж байгаа нь утаа боловч агаар урсахгүй буйн илрэл аж. Хотын уур амьсгал, нарны тусгал, салхины чиг зэргийг тооцож барилга байгууламж барихгүй, хот төлөвлөлтийн нэгдсэн бодлогогүй байгаа нь иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хязгаарлаж буй явдал юм. Хотын агаарын урсгалын коридорыг хэрхэн төлөвлөх шаардлагатай, ач холбогдлын талаар судлаачдаас лавласан ч энэ талаарх судалгаа манайд байхгүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэв. Гэхдээ агаарын урсгалыг хааж боож, өндөр барилга замбараагүй барих нь буруу гэдэгтэй тэд санал нэгдсэн. Төв зам дагуух мод, бутыг тайрч, цэцэрлэгт хүрээлэн нэртэй цемент цутгах болсон нь нийслэлийн “амьсгалыг” улам нь боомилж байна.
Салхины чөлөөт урсгалын зураглал, хотын агаарын солилцооны стратеги, хотын сэрүү цүүлэх ногоон дэд бүтэц гэх мэтээр төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлдэг улс цөөнгүй. Хотын архитектур, экологи, инженерчлэлийг цогцоор нь бүрдүүлж, төлөвлөдөг гэнэ. Хотод агаар хэдий чинээ чөлөөтэй урсаж байна, тэр хэрээр цэвэр, сэрүүн орчин бүрддэг бол урсгал нь хаагдвал утаа, бохирдол хуримтлагддаг. Хот “амьсгалах” эрхтэй.
Тэгвэл хотын утаа их байх тусам агаарын урсгал боомилогдсон гэж ойлгож болох нь. Тухайлбал, БНХАУ-ын нийслэл Бээжин 20152016 онд агаарын бохирдол хамгийн өндөр хотуудын нэг болсон. Түүхэндээ анх удаа агаарын бохирдол нь улаан түвшинд хүрч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаас эхлээд хичээл, сургалтын үйл ажиллагааг хүртэл түр хааж байв. Ингээд бохирдлыг бууруулахын тулд хот төлөвлөлтдөө агаарын урсгалын коридор тусгаж эхэлжээ. Хотын дундуур салхи чөлөөтэй нэвтрэх замыг зориудаар төлөвлөн, бохирдсон агаарыг тараасан байна. Тухайлбал, хотынхоо төвд 500 м өргөнтэй, агаарын таван том коридор үүсгэж, тэдгээрт холбогдох олон байгууламж барьсан аж. Эдгээр нь гол мөрөн, ногоон байгууламж, хурдны зам, нам дор задгай бүсүүдийг холбож, хотын доторх агаарын урсгалыг сайжруулах дэд бүтэц болжээ. Тэрхүү агаарын зурваст өндөр барилга барихыг хязгаарлаж, урсгалыг нь хааж буй байгууламжийг цөөрүүлж, ногоон бүс, усны сүлжээ ашигласан аж. Сүүлийн жилүүдэд судалгаагаар ийм агаарын коридорууд нь салхины хурдыг нэмж, хотын дулааны нөлөөг бууруулах боломжтойг тогтоосныг хот судлаач Л.АнуҮжин онцолсон. Ийм агаарын коридор зөвхөн Бээжин биш, Хятад даяараа, цаашлаад дэлхийн зарим улсад экологид суурилсан хот төлөвлөлтийн чухал арга болон хөгжиж буйг тэрбээр хэлээд зөв төлөвлөвөл салхи бохирдлыг өөрөө цэвэрлэдэг гэв.
АГААР “ГАЦАХ” ЭРСДЭЛ БИЙ
Хотыг буруу төлөвлөснөөс агаар хуурайшиж, иргэд нь утаанд хордож, олноороо амиа алдаж, гамшигт нэрвэгдсэн жишээ бий. 1952 оны өвөл Лондон хотод хэт их нүүрс түлсний улмаас агаар бохирдож, хүйтэн, салхигүй ор чинд энэ нь “таглагдаж”, утаа, хорт хий дотор иргэд нь гацаж орхисон. Лондоны “үхлийн утаан хөшиг” хэмээн нэрлэгддэг хар өдрүүд 12 мянга орчим иргэний амийг авч одсон эмгэнэлтэй явдлыг одоо ч хүмүүс мартаагүй биз. Үүний дараа тус улс агаарын бохирдлоосоо богино хугацаанд салж чадсаныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, тус улс 1956 онд Цэвэр агаарын тухай хууль баталж, нүүрсний хэрэглээг хязгаарлан, хотын агаарын бодлогоо бүрэн өөрчилснөөр нийслэлээ “амьсгалах” боломжтой болгожээ.
Манай улс энэ мэт олон улсын алдаанаас суралцаж, сургамж авч хотоо төлөвлөхдөө салхи хаашаа салхилахыг чухалчилж, барилга байгууламж, дэд бүтцээ бүрдүүлэхгүй бол нийслэлийн “амьсгал” боогдож мэдэх нь. Хотынхоо төвд ногоон байгууламж, зурвасгүй, мод бутгүй Улаанбаатарт авто замын агаарын бохирдлыг барьж, сааруулах ч зүйл алга. Замынхаа хоёр талаар ургасан мод бутыг тайрч хядаад байвал автомашинаас ялгарах хорт утаанд хүүхэд, багачууд, хөгшид, явган зорчигчид хордсоор байх нь. Мод бол хотын “уушги”, агаарын шүүлтүүр гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байгааг дурдахад илүүдэхгүй. Уулсаар хүрээлэгдсэн Улаанбаатарт агаар “гацах” эрсдэл байсаар. Нүүрс түлж өвөлждөг манай улсад барилга байгууламжийг салхины урсгалыг хааж барьсаар байх уу. Хэдэн их наядаар тоологдох мега төслүүд, Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөө, бодлогоо хотын “амьсгалах” замыг чөлөөлөхөд чиглүүлж өгнө үү.