Улсын хэмжээний төслийг дурдахаа больё гэхэд нийслэл хотод одоогоор 10 гаруй мега төсөл хэрэгжүүлж эхлүүлээд байна. Эдгээрийг барагцаалбал 1.5 тэрбум ам.доллар буюу одоогийн ханшаар 5.1-5.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх тооцоо бий. Таван их наяд төгрөг гэдэг бол манай улсын нэг жилийн төсвийн бараг 20 хувьд дөхөх дүн юм. Нөгөөтээгүүр, ийм их санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон монгол компани оролцож, нэжгээд айл өрх “хоолтой залгах” боломж бүрдэх учиртай. Гэтэл томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мега бүтээн байгуулалтад дотоодын компаниудын оролцоо сул, монгол ажилчид хөлс хүчээ өргөх боломж багассаар байгаа аж. Энэ талаар цөөнгүй компанийн төлөөлөл дурдаж, сэтгэгдлээ илэрхийллээ.
Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй “Зэмст буйлдинг инженерс” компанийн захирал Д.Ганхөлөг “Манайх барилгын салбарт төрөл бүрийн ажил хийсээр 15 жил болжээ. Сүүлийн үед арматур зангидаж, төмөр хийцийн ажилд түлхүү оролцож байна. Бид гүйцэтгэл сайтай ажилладаг ч томоохон тендерт огт шалгарч байсангүй.
Хэрэв манайх өндөр дүнтэй, “том ажил” авбал ажилчдынхаа цалинг өсгөж, ашгаа нэмэгдүүлж, өр ширнээсээ салж чадна. Гэтэл “том ажлын” шалгуур өндөр, бас авлига ихтэй. Ерөөсөө том ажлуудын толгой компани хятадууд, эсвэл солонгосчууд байдаг. Нэмээд пакистан, филипин, бас энэтхэг хүмүүсийг ажиллуулдаг болчихсон. Монгол компани туслан гүйцэтгэгчээр нь ажиллая гэхэд баргийн аж ахуйн нэгж нийцэхээргүй шалгууртай. Тухайлбал, зөвлөх инженертэй, төмөр хийцийн салбарт дагнаж зургаагаас дээш жил ажилласан, татварын өр төлбөргүй, найдваргүй зээлгүй гэх мэт. Мэдээж ийм шалгуур байж болно. Гэхдээ барилгын салбарынхан дунд татварын өргүй компани бараг байхгүй. Учир нь манайхан өөр хоорондоо ажлаа бартердаж хийдэг. Бартераар орон сууц, оффисын барилга авчихдаг. Үүндээ нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулж, тухайн авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгийн 10 хувиар НӨАТ төлөх болдог. Нэг тэрбум төгрөгийн ажлын хөлс бэлнээр, эсвэл бартераар авахад 100 саяын НӨАТ заавал тушаана. Хэрэв дотоодын компаниудыг татварын өртэй, ажлын туршлагатай, эсэхээс үл шалтгаалж том бүтээн байгуулалтад заавал оролцуулна гэчихвэл байдал дээрдэнэ. Бид “хөл дээрээ зогсох”-ын тулд чадлаараа л ажиллана” гэлээ.
“ГАДААДЫН КОМПАНИЙГ ТЕНДЕРТ ШАЛГУУРГҮЙ ЯЛУУЛДАГ”
Баянгол дүүрэг дэх “Төгс хийц бүтээмж” компанийн төлөөлөл “Манай компани 10 аймагт дулааны цахилгаан станц (ДЦС) барих төсөлд оролцохоор боллоо. Нийт 150 сая ам.долларын санхүүжилттэй том төсөл бөгөөд Завханд ажиллахаар бичиг баримтаа бүрдүүлж эхлэв. Тэр бичиг баримт, шаардаж буй зүйлсийн ихтэй ярих ч юм биш. Ямартаа ч барилга, угсралтын салбарт 20-иод жил ажилласных төсөв, санхүүгийнхэн болон тендерийн материал төлбөртэй хийдэг хү мүүсээр “хүч нийлүүлээд” бэлтгэж өглөө. Тэгээд бүх зүйлээ бэлэн болгон, гэрээгээ байгуулаад, кэмпээ аваад нүүх дөхтөл “ДЦС барих төсөл явцгүй боллоо, гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын компани нь дампуурсан гэнэ” гэсэн яриа гарав. Удсан ч үгүй “Төсөл зогслоо, түр хүлээнэ үү” гэж Эрчим хүчний яамнаас мэдэгдсэн. Эндээс нэг л юм маш тодорхой харагдсан. Улсын хэмжээнд том төсөл хэрэгжүүлэх компанийг сонгохдоо маш хөнгөн хуумгай ханддаг юм байна. ДЦС бариулахаар сонгосон БНСУ-ын компанид ямар шаардлага, шалгуур тавьсан болоод тийм амархан дампуурав. Монгол компаниудад болохоор маш өндөр шалгуур тавьж, бас туслан гүйцэтгэгч хийлгэхэд зуучилж өгсөн хүн, эрх мэдэлтэн нь авлига авдаг нь нууц биш. Ерөөсөө чөтгөрийн тойрогт бид орчихсон. Улс л бэлэн мөнгөтэй учраас өндөр дүнтэй том төсөл авбал хувийн хэвшлийнхний санхүүд нэмэр болно. Ингэхийн тулд авлига өгнө, “яриулна”. Бас том төсөлд туслан гүйцэтгэгч хийхийн тулд “гоё түүхтэй” байх ёстой. “Гоё түүх” бү тээхийн тулд ашигтай ажилладаг, ядаж нэг удаа томоохон төсөлд ажилласан байх ёстой гээд эргэлдчихдэг” гэлээ.

“ГАДНА ТОХИЖИЛТОО ХЯТАДУУДААР ХИЙЛГҮҮЛГЭЭД ЭХЭЛСЭН”
Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй “Perfect green space” компанийн менежер С.Алтан “Манай улсад барилга, бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажлыг улирлын чанартайгаар, богино хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай болдог. Ялангуяа ногоон байгууламж бий болгох, үрслэгээ бойжуулах, суулгац үржүүлэх, ойтой болоход их хугацаа, хөдөлмөр бас цаг агаарын таатай нөхцөл шаардана. Сүүлийн жилүүдэд хотхон, хорооллыг ашиглалтад оруулах, барилгын томоохон төслүүдэд гадаад орчны тохижилт, ногоон байгууламжийн хүртээмж зэрэг нь чухал үзүүлэлт болсон нь олзуурхууштай. Гэтэл эл салбарт БНХАУ-ын компани, ажилчдыг түлхүү ажиллуулах хандлага үүсжээ. Урд хөршийн цаг агаар нь үр, үрслэгээ бойжуулж, суулгац бэлтгэхэд тохиромжтой байлгүй яах вэ. Тиймээс урдаас их хэмжээгээр ийм бүтээгдэхүүн оруулж ирж, бас газар тариалангийн ажилд гаршсан хятад хүмүүсээр хийлгүүлэхийг зорьдог болж. Томоохон хотхон, хорооллууд гадна тохижилтоо хятадуудаар хийлгүүлээд эхэлсэн байна. Ингэхээр яаж дотоодын аж ахуйн нэгжүүдэд ажил олдох билээ. Яаж үр, үрслэгээ, суулгац нийлүүлж, хэрхэн хамтран ажиллах болж байна. Газар тариалангийн олон зуун жилийн түүх, давуу талтай хятадуудад бид ажил, амьжиргаагаа булаалгаж буй л хэлбэр. Хэрэв зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдээ ажиллуулна, дотоодод ургуулсан үрслэгээ, суулгац авна гэсэн журам баримталбал экологид ч, эдийн засагт ч үр өгөөжтэй. Уг нь улсын хилээр мод, тарьц, суулгац зэргийг оруулахыг хориглодог юм. Гэсэн ч БНХАУаас гацуур болон зарим модны тарьц, суулгац их хэмжээгээр нийлүүлсээр л байдаг” хэмээн ярив.
Манай улсын зах зээл жижиг, бүтээн байгуулалтын улирал богино. Ийм хязгаарлагдмал нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй бүх компани л ашигтай ажиллаж, өсөж дэвжихийг бодно. Нөгөөтээгүүүр, томоохон төсөл, хөтөлбөрийг туршлагатай, чадвартай ажилчидтай компанид даатгаж, хугацаанд нь хэрэгжүүлэхийг бүгд хүснэ. Ажил, үйлчилгээ бүр зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуульд захирагдаж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн нь тунаж үлдэнэ. Дотоодын аж ахуйн нэгжүүд томоохон гүүрэн байгууламж, цахилгаан станц, аж үйлдвэр барьсан туршлагагүй нь ч үнэн. Тиймээс төрийн ч бай, хувийн хэвшлийн ч бай хийж буй, хийх бүтээн байгуулалтыг хамгийн туршлагатай, хөрөнгөтэй, ажилсаг, гадаадын компаниудад алдаад байгаа хэрэг үү. Гэтэл үнэндээ гүүрэн байгууламж, цахилгаан станц барьж үзээгүй хэр нь өндөр төсөвтэй гэгдэж буй “Туулын хурдны зам”, “ДЦС-V” зэргийг барихаар БНХАУ, Камбожийн компаниуд ажлаа эхлүүлсэн ч байх шиг. Хэл ам татлаад буй “Туулын хурдны зам” төслийн эхлэлээс нь харахад л ганцхан монгол хүн шөнийн цагаар, дизелийн түлш савлаж зөөх ажил хийж байгаа нь инээдэмтэй.
Үүнээс гадна манай улс дахь, ялангуяа нийслэлийн томоохон ресторан, зоогийн газруудын дийлэнх нь БНСУ, БНХАУ-ын эзэдтэй болсон. Нэмээд том зочид буудал, эмнэлэгүүд нь мөн гадаад хөрөнгө оруулагчидтай байх нь түгээмэл. Ямар сайндаа иргэд “БНСУ-ын жуулчдаас олигтой мөнгө олддоггүй. Тэд ирээд солонгос зочид буудалд байрлаж, хангүг эзэдтэй зоогийн газрынхаа хоол иддэг. Бас солонгосчууд ажиллуулдаг алжаал тайлах төв, шөнийн клубээр үйлч лүүлээд буцдаг” хэмээдэг. Энэ нь ч бид жижиг, дунд үйлчилгээний салбарыг гадаадынханд “булаалгасаар” байгаагийн илрэл.
“ЗААВАЛ МОНГОЛ ХҮН АЖИЛЛУУЛАХ ХУУЛЬ БАЙХГҮЙ”
Тэгвэл Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд заавал монгол хүмүүсийг ажиллуулна, давуу эрх олгоно, дэмжинэ гэсэн хууль, журам, зохицуулалт байдаггүй аж. Төрийн худалдан авалт, тендерийг голчлон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулиар зохицуулдаг. Уг хуулийн дагуу дотоодын компаниуд үнийн санал өгөхдөө 10 хүртэлх хувиар илүү үнэ “дуугарах” давуу эрхтэй. Мөн уул уурхай, дэд бүтцийн чиглэлээрх томоохон төслүүдэд “Local content” буюу дотоод оролцоо гэсэн заалт байна. Үүнд ажилчдынх нь тодорхой хувь монгол, туслан гүйцэтгэгчдэд заавал дотоодын компани оролцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдээс бараа, үйлчилгээ худалдан авна гэж заажээ. Гэхдээ эдгээрт ямар нэгэн хувь, хэмжээ байхгүй, оролцоог нь хангах байдлаар зохицуулна гэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд гадаадаас ажиллах хүч авахад зөвшөөрөл шаардаж, гадаад ажилчдад квот тогтоож, ажиллуулсан компаниуд төлбөр төлөхөөр хуульчилжээ. Энэ тухайд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)ны төлөөлөл “Томоохон төсөл, хөтөлбөрт заавал монгол компани, монгол хүн ажиллуулна гэсэн хатуу заалт байхгүй. Монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, давуу эрх олгох, худалдан авалтыг дэмжих гэсэн зохицуулалт бий. Монголд сүүлийн 4-5 жилд жил бүр 20-30 мянган гадаад ажилчин ирж ажилласан дүн бий. Энэ нь нийт ажиллах хүчний 1.3-1.4 хувь бөгөөд олон улсын жишгээр өндөр биш үзүүлэлт. Гадаад ажилчдын дийлэнх нь уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт ажилладаг. Улирлын чанартайгаар зарим жилд 30 000-аас давсан тохиолдол байна. Энэ бол гадаад ажилчид олширлоо, монголчуудын ажлын байрыг булаалаа гэж хэлэх үндэсэлэл болохгүй” гэлээ. Тэгвэл БНХАУ-ын хөрөнгө оруулалттай барилга, угсралтын нэгэн компанийн менежер Ч.Дэлгэрсанаа “Монголд бүтээмжтэй ажиллах, ажил хийлгүүлэх боломж бага шүү дээ. Ялангуяа авто зам, дэд бүтцийн салбарт орон нутагт, гадаа ажиллах хүн олддоггүй. Ажилладаг хүмүүс нь хариуцлагагүй, цалингаа аваад хэдэн өдрөөр ажил таслаад алга болчих нь цөөнгүй. Залуучууд буюу 20-30 насныхан эл салбарт тогтдоггүй. 35аас дээш насныхан нь найдваргүй. Ийм байдал лав сүүлийн 10 жил өөрчлөгдсөнгүй. Барилга, дэд бүтцийн салбарын цалин бага, эздүүд нь цалингаа тавьдаггүй, иргэдийг хууран мэхэлдэг гэх нь бий. Манай компанийн хувьд тийм зөрчил гаргаж байгаагүй. Одоо бол барилгын туслах ажилчин өдрийн 200 000 төгрөгөөс буухгүй цалинтай болсон. Бас арматур зангиддаг хүмүү сийн өдрийн цалин таван саяд хүрсэн. Гэсэн ч бид ажилчид хайсаар, тогтвор суурьшилтай, бү тээмжтэй, чадварлаг ажилчдын эрэл болсоор л байна. Миний хувьд монголчууд эхлээд хариуцлагатай, бүтээмжтэй ажиллаад сурах сан” гэсэн юм.
Эндээс харахад монголчууд ажилд хойрго, бүтээмж муутай, найдваргүй гэсэн ойлголт хэвээр аж. Иймээс ч бид зарим зах зээлээ алдаж, гадаадынхны “гар харах” болсныг үгүйсгэшгүй. Үүнд анхаарахын зэрэгцээ төсвөөс санхүүжүүлэх төдөн тэрбумаас дээш төгрөгийн төсөл, бүтээн байгуулалтын ажлын тэдэн хувийг монгол компани гүйцэтгэнэ, монголчууд ажиллана гэж оруулбал зохино. Бас зах зээлд байр сууриа олсон томоохон групп, компаниудын туслан гүйцэтгэгчээр дотоодын аж ахуйн нэгж, монгол хүмүүс ажиллана, дотоодын компанид зарцуулсан хөрөнгийг татвараас чөлөөлнө гэвэл нэг нэгнээ дэмжих магадлал өснө. Тэгж гэмээнэ монгол хүмүүс туршлага сууж, Монголдоо хөрөнгө нь үлдэнэ. Хэрэв монголчууд залхуу, бүтээмжгүй, чадваргүй, туршлагагүй хэмээн өөр хоорондоо хамтрахаас татгалзаад байвал хэдэн зуун жилийн дараа ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй болов уу.
С.Дулам