Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэн дээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн тө лөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Японд боловсрол эзэмшсэн, багш, судлаач Пүрэвсү рэнгийн Наранбаяр улс төрд “намын кнопчин” гэхээс илүү “ёс суртахуунтай хүн” гэсэн хүлээлт үүсгэсэн нэгэн. Монголын улс төрд нүдний гэм болж ховордсон ёс зүй, дэг жаяг, шударга ёс, сахилга хариуцлага гэдэг зүйлийг гэвч нэг хүн, нэг намаас нэхээд нэмэргүйг бид 126 гишүүнтэй парламентын “шинэ кадрууд”аас хангалттай харсаар байна.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр 1994 онд нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургууль төгсөн, 2000 онд МУИС-ийг олон улсын харилцааны бакалавр, 2007 онд Японы Киотогийн их сургуулийг эрх зүйн магистр, 2015 онд МУИСийг олон улс судлалын докторын зэрэгтэй дүүргэжээ. Ажлын гараагаа 2000 онд Байгаль орчны яаманд мэргэжилтнээр эхэлж, 2011 онд БОАЖЯ-ны Аялал жуулч лалын газрын орлогч дарга, 2011-2012 онд Токиогийн гадаад судлалын их сургуульд судлаач, 2012-2020 онд “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан байдаг. Тэр улс төрд хүчтэй популизм, хурц мэдэгдлээр биш, харин нам дотроо шат ахиж орж ирсэн гэхэд болно.
2020 оны нэгдүгээр сард улс төрд хөл тавьж, Хөдөлмөрийн үндэсний намын (ХҮН) бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон, улмаар УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн ч маш бага саналын зөрүүгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж ялагдсан удаатай. Гэвч тухайн жилдээ “даагаа нэхэн”, орон нутгийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулснаар 2020-2024 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын нийслэлийн хорооны даргаар ажиллажээ. Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллахдаа ХҮН сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж, “Ногоон автобусны хэрэг”-ийг илчилж олны анхааралд оруулсан нь үнэн. 2024 оны УИХ-ын сонгуульд баянзүрхчүүд түүнд итгэл хүлээлгэн төрийн эрх барих дээд байгууллагад илгээж, улмаар хамгийн их хүлээлт үүсгэсэн салбартаа “очиж”, Боловсролын сайдаар ажиллах завшаан тохиоход нь “Боловсролын реформыг бодит утгаар нь хийх болов уу” хэмээн олон нийт чамгүй найдлага тавьж байв. Гэвч Монголын улс төрийн соёлд их сургуулийн анги танхимд сурсан мэдлэг, ур чадвар, судалгааны талбарт туршсан арга барил, батлагдсан онол дангаараа хангалтгүй, түүнийг хөрсөн дээр нь буулгах, олон нийтэд хүргэх, тэдний дэмжлэгийг авах “нөлөөллийн хэл” хэрэгтэй болдог.
П.Наранбаярт цог заль, арга мэх, бас харизм дутагддаг. Манайх шиг улс төрийн зэрлэг балмад, хатуу, увайгүй тоглолттой орчинд түүн шиг “ноомой номтон” мэдлэгээ бодлого болгон хөрвүүлэх арга ухаанд суралцахгүй бол цаашид намдаа ч гадуурхагдах талтай. Нам доторх талцал хагарлаасаа болж, Б.Найдалаадаа цохиулчихаад ар дээр нь юу ч болоогүй юм шиг өнгөрүүлсэн нэгэн. Засгийн газарт ажиллахдаа боловсролын салбарт үнэндээ дорвитой өөрчлөлт хийж амжихгүй байсаар халаагаа өгсөн. Боловсролын шинэчлэл ярьж, сургалтын агуулга, үнэлгээ, багшийн хөгжлийн талаар идэвхтэй байр суурь илэрхийлдэг байсан ч бодлогын хэрэгжилтэд илүү тодорхой, хэмжигдэхүйц үр дүн гаргаагүй. Багш нарын цалинг хоёр дахин нэмсэн гэх боловч үндсэн цалингаас тооцсон, нэмэгдлүүдийг нь хассан гэх мэт маргаан өдгөө ч дуусаагүй.
Түүнийг Боловсролын сайд байхдаа “Сургуулийн менежмент” төслийн хүрээнд өөрийн урьд нь ажиллаж байсан “Шинэ Монгол” сургуульдаа 1.2 тэрбум төгрөг шилжүүлсэн үйлдлийг нь олон нийт ашиг сонирхлын зөрчилтэй гэж багагүй шүүмжилсэн юм. Тодруулбал, П.Наранбаяр Боловсролын сайдаар томилогдсоноосоо хойш хоёр сарын дараа буюу 2024 оны есдүгээр сард Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж, 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохыг үүрэг болгосон нь УИХ-ын гишүүн, түүний эртний хамтрагч Ж.Галбадрахын санаачилсан төсөл хөтөлбөр байв. Ерөөс П.Наранбаяр сайдын үед боловсролын реформ хийгдсэн үү, бодлогын туршилт төдийгөөр өнгөрсөн үү гэдэгт салбарынхан нь ямар дүгнэлт өгөхийг ирэх сонгуулиар харцгаах биз. Түүнд ганцаараа болон бусадтай хамтран санаачилсан олигтой хуулийн төсөл ч алга.
Л.Аргамжин