“Туул гол дээгүүр хурдны зам барихыг эсэргүүцсэн иргэд “Хатан Туулаа аваръя” хөдөлгөөн өрнүүлж, 20 гаруй хоног Сүхбаатарын талбайд жагсаж буй. Тэднийг дэмжиж, иргэний нийгмийн байгууллагууд нэгджээ. Үүнд “Агаарын харуул” нийгэмд үйлчлэх ТББ, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Глоб интернэшнл төв”, “Гүнж”, “Монголын эмэгтэйчүүдийн сан”, “Оюу толгой хяналт”, “Оюуны инновац”, “Хүний эрх, хөгжил төв”, “Хөөрхөн зүрх” зэрэг 20 орчим байгууллага нэгдэж, “Туулын хурдны зам” төслийг нэн даруй зогсоохыг шаардсан байна.
Уг шаардлагад Усны тухай хуульд яаралтай горимоор нэмэлт, өөрчлөлт оруулж, төслийн байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээг хуульд заасны дагуу хийгээгүйгээр төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн, Үндсэн хууль, байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжууд, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмууд, түүнчлэн олон улсын хүний эрх, байгаль орчин мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэм хэмжээг үл хүндэтгэсэн гэж үзэж буйгаа тусгасан байна. Монголчуудын ус, гол, мөрнөө дээдэлж ирсэн үнэт зүйлд нийцэхгүйгээс гадна сөрөг нөлөөлөл нь иргэд, ирээдүй хойч үе, Туул голын экосистемд шууд нөлөөлж болзошгүй тул төслийг бүрэн зогсоож, цаашид үргэлжлүүлэхгүй байж, сүйтгэсэн экосистемийг яаралтай нөхөн сэргээх шаардлагатай хэмээн тэд байр сууриа илэрхийлэв. Мөн эл үзэл бодол, байрь суурьтай санал нэгдэж буй хэн бүхнийг дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалжээ.
Ч.Болор