Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр удахгүй тохионо. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт эл өдрийг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Үүний хүрээнд манай улс тавдугаар сарын 8-15нд бүх нийтээр мод тарьцгаадаг болсон. Тэгвэл мод үржүүлгийн газрууд айл өрх, албан байгууллагуудын гаднах зам, талбайн мод, бутыг арчлах, тайрах, хэлбэржүүлэх ажлаа хэдийн эхлүүлсэн байна.
Хаврын тариалалтын бэлтгэл улсын хэмжээнд ийн үргэлжилж буй энэ үед айл өрх, аж ахуйн нэгжүүд ч хашаа хороо, гаднах талбайгаа тордож, тарих мод, бутны эрэлд гарцгаажээ. Хэрэв та бүхэн ажиллаж, амьдрах орчноо гоёх, ногоон байгууламжаа шинэчлэх, тохижуулах гэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Мэргэжлийн үржүүлгийн газрууд модны үрсэлгээ, тарьц, суулгацуудаа бөөний үнээр худалдаж эхэлсэн байна шүү. Нэр, төрөл, хэмжээнээсээ хамаараад гоёлын моддын үнэ харилцан адилгүй байгаа аж. Тарихад бэлэн суулгацын үнэ ханшийг дор дундажлан үзүүлэв.

О.Ундрах