Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хү рээнд улаанбуудайн үрийн нөөцийг бүрдүүлэх, дутагдлыг нөхөх, тариалан эрхлэгчдийг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж буйгаа ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ. Тухайлбал, 2026 оны хаврын тариалалтад нийт 50 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатайгаас аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэгцээнд 28 мянгыг, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 11.2 мянгыг, нийт 39.2 мянган тонн үрийн нөөц бүрдүүлээд байна. Үлдсэн 12 мянган тонн үрийг импортоор хангахаар шийдвэрлэж, 22 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ. Одоогоор 13 аж ахуйн нэгж ОХУ-аас 5250 тонн улаанбуудайн үр оруулж ирээд буй гэнэ.
Түүнчлэн “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК нь тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгохоор болжээ. Төмсний үрийн нөөцийг бүрдүүлэх хүрээнд нийт 3000 тонныг нийлүүлэх гэрээг үр импортлогч гурван аж ахуйн нэгжтэй байгуулсан байна. Мөн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, дотоодын хангамжийг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор улсын төсвийн 900 сая төгрөгөөр шар, хүрэн манжин, лууван, байцааны үрийг худалдан авч, тариалан эрхлэгчдэд зээлээр олгохоор шийдвэрлэжээ. Худалдан авалт зарлагдсан бөгөөд үрийг хаврын тариалалтаас өмнө нийлүүлэх аж.
О.Оргилох