Хонконгийн тэрбумтан 78 настай Чарльз Хён хөвгүүдийнхээ хэнд нь ч хөрөнгөө өвлүүлэхгүй хэмээн энэ оны хоёрдугаар сард мэдэгдэв. Тэрбээр олон жил Хонконгийн кино үйлдвэрлэлийг бараг бүхэлд нь хянаж байсан болохоор хөрөнгө нь тийм ч бага биш аж. Олны ярих нь хөрөнгийн өөр ч эх үүсвэр бас бий бололтой. Чарльзын эцэг нь олон улсыг, тэр дундаа Оросыг зэвсэглэж байсан дээрэмчдийн хүчирхэг бүлгийг толгойлж байжээ.
Монголын үзэгчдэд “Хөзрийн хаан” киноны дүрээр танигдсан Чарльз Хён хүүхдүүдээ өлсөж үхэхгүй байхад нь хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө тасдаж өгнө хэмээн мэдэгдсэн байна. “Би тэдэнд хөрөнгөө үлдээвэл нохойн замаар орно” гэсэн тайлбар тэр хийв.
Түүнийг ийн мэдэгдэхээс нэг сарын өмнө гэргий Тиффани Чэнь нь компаниа худалдаж хүүхдүүддээ бизнесээ өв болгон үлдээнэ гэж ярьсан байх юм. Хён болохоор гэрээслэлээ эрт хийж болох ч хөрөнгөө эрт хувааж болохгүй. “Хөрөнгөө хуваагаагүй байхад хөвгүүд минь хүү байна, хөрөнгөө хуваасны дараа бол эцгийнхээ эзэн болно” гэж хэлсэн байна.
Киномагнатын бүх хөрөнгө ууган хүүгийнх нь гэргий, Хёны бодлоор мөнгийг захиран зарцуулж чадах Би Хейдений удирдлагад байх тусгай сангийн мэдэлд очих бололтой. Гэрээслэлд дурдсанаар амьдрах гэж зүдрэхээргүй хүн бол хөрөнгөнөөс юу ч авахгүй, түүнээс гадна ач нараа Америк руу явахыг хориглоно. Цагаачилж болохгүй, тэр ч бүү хэл гадаад оронд суралцаж ч болохгүй. Үүнийг зөрчвөл мөнгөгүй хоцорно.
Хён хэдий хэр мөнгөтэй нь яг тодорхой бус, ямар ч байсан багагүй хөрөнгөтэй нэгэн. Тэрбээр гэргийдээ дэлхийд хамгийн үнэтэй нил яагаан алмааз эрдэнэ худалдан авч өгөхдөө гар татаагүйг нь хэлэхэд л бүх зүйл тодорхой. Хонконгийн “South China morning post” сонин 2022 онд түүний хөрөнгийг 1.2 тэрбум ам.доллар гэж үнэлж байжээ. Тайваний хэвлэлд энэ онд 500 тэрбум хонконг доллар (64 тэрбум ам.доллар) гэсэн тоог дурдсан байх юм.
2025 онд Хён 50 тэрбум ам.доллар алдаж, дампуурах шахсан гэсэн яриа дуулдаж байсан нь түүний хөрөнгө чинээний цар хэмжээг илтгэх бөгөөд ийм тооны мөнгөөр мөрийтэй тоглохын тулд ихээхэн чинээлэг байх ёстой нь эргэлзээгүй. Тэгэхдээ энэ яриаг Хён өөрөө үгүйсгэдэг.
Түүний хөрөнгө баялгийн албан ёсны эх сурвалж нь кино бизнес. Тухайн цагтаа Хонконг дэлхийд зартай өөрийн гэсэн кино үйлдвэрлэлтэй байсан юм. Түүнийг нь Америкийн “The New republic” сэтгүүл Азийн Холливуд, кино экспортоор Америкийн дараа хоёрт ордог гэж 1997 онд бичиж байв. Хён энэ бизнесийн голд нь зогсож, бараг бүх ододтой ажилладаг Хонконгийн томоохон кино компанийн нэгийг нь удирдаж явжээ. Үүнээсээ өмнө 1970-аад онд тэрбээр дайтах урлагийн сэдэвтэй Тайваний кинонуудад тоглож байсан аж. Түүний тоглосон дүрүүдээс олонд хамгийн танил болсон нь дээрх “Хөзрийн хаан” киноны гол баатрын дуу цөөтэй бие хамгаалагч Лун У юм.
Брюс Лигийн нууц амраг байсан жүжигчин Бетти Тин Пэй гэгч Хёны анхны гэргий байж. Хёныг кинонд тоглохоос бүр өмнө гэр орныхныг нь Хонконгод мэддэг байв. Эцэг нь Италийн Сицильтэй дүйцүүлдэг, гэмт хэргээрээ нэрд гарсан Хятадын нутгаас гаралтай бөгөөд Хонконгод очиж “Саньион” хэмээх мафи, нууц нийгэмлэгийн аль нь ч гэж хэлж болох бүлэглэл байгуулсан байна. “Саньион” олон мянган гишүүнтэй, дэлхий дахины гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоо сүлбээтэй болжээ. Дараа нь Нигерийд ч юм уу, хаа нэгтээ нуугдах боломж олдохгүй бол Хёныхны талаар мэдүүлэг өгөх гэрч ер олдохгүй байна гэж цагдаагийн ажилтан гомдоллож байсан гэх баримт байдаг. Түүгээр ч барахгүй Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх товчооны нэг офицер энэ гэр бүлийн талаар ярих нь амиа хорлосонтой адил хэмээн хүлээн зөвшөөрсөн гэдэг. Чарьлз Хён гэр бүлийнхээ өнгөрсөн үеийн мафийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг ч дээрэмчин тонуулчидтай хэлхээ холбоотой байсан гэх яриаг үгүйсгэдэг аж. Үүнд итгэх хүн тийм олон байдаг болов уу даа. Хёны эцгийн үүсгэн бий болгосон гэмт бүлэглэл Хонконгийн кино бизнесийг атгаж байдгийг бүгд мэднэ. Продюсерын олон компани гэмт хэрэгтнүүдийг удирдан чиглүүлж, тэд нь ямар ч арга хэрэглэхээс буцахгүй, жүжигчдийг заналхийлж, хулгайлж, хүчиндэж, хүчээр албадан тоглуулж байв. Эсэргүүцэгчдийг залхаан цээрлүүлнэ. 1992 онд нэрт жүжигчин Жет Ли-гийн менежерийг зэвсэглэсэн хоёр хүн буудсан байдаг. Түүнээс хойш Ли зөвхөн Хёны кинонд л тоглох болж. Хонконгийн кино од Энди Лау танил эмэгтэйнх нь гэрийг тэсрэх бөмбөгөөр дэлбэлсний дараа Хёны удирдлагад ажиллах болсон байна. Энэ хоёр хэргийг илрүүлж чадаагүй аж.

Хёноос хүмүүс айдаг хэрнээ түүнээс хамгаалалт хүсдэг нь түүний өрсөлдөгчид илүү аюултай байсных. “Биднийг бүгд үзэн яддаг, удалгүй гэмт бүлэглэлийнхэн бизнес рүү орж, над дээр хүрч ирээд “Туслаач” хэмээн хашхирцгаадаг” гэж Чарльз Хён ярьдаг байна. Ийм өрсөлдөгчдийнх нь нэг, Чан Чимин гэгчийг 1992 онд эх газрын Хятадад баривчилсан бөгөөд үүнийг Хён зохион байгуулсан гэлцдэг. Эхлээд түүнийг зэвсэг дамласан хэмээн буруутгаж сүүлд нь биеэ үнэлэгчидтэй холбосон байдаг. Дүү Жимли нь Хёнтой хоршиж ажиллаж байснаа дээрмийн чиглэл рүү хазайгаад явчихснаас тэд 1990-ээд оны эхээр хоёр тийш болжээ. Айлгах, ичээх аргаар бизнесээ явуулаад байж болохгүй нь Хёнд мэдрэгдээд ирсэн гэнэ. Түүний сонирхол ч киноноос халив. Британийн “The Guardian” 2015 онд түүнийг Макаогийн мөрийтэй тоглоомын нэг гол хүн, “Хятадын шинэ дээд хүрээллийнхний загвар” хэмээн нэрлэжээ. Тэрбээр 1990-ээд оноос Бээжинтэй ходий болж, олз ашиг ч чамлахааргүй хүртэж байв. Гэрээслэлдээ АНУ руу цагаачлахыг хориглосон нь ч санамсаргүй юм биш, Хён гэргийтэйгээ Хятадад төрөөгүй ч эх орончийн дүрийг чадмаг эсгэж байлаа. Бээжин ч тэдэнд найрсаг хандав. 1993 онд Хён шөнийн “Top ten” клубийг Олон нийтийн аюулгүй байдлын товчооны тэргүүнтэй буюу Хятадын НАХЯ-ны сайд гэж хэлж болох хүнтэй хамтран эзэмших болжээ.
Чарльз Хёноос ялгаатай нь түүний хоёр дахь гэргий, загвар өмсөгч байсан Тиффани Чэнь бүр хамгийн “ёроолоос” амьдралаа эхэлжээ. Энэ эмэгтэй Тайваньд өсөж, зургаадугаар ангид байхаасаа үйлдвэрт ажилласан байна. Хожим нь эцэг, эх нь түүнийг нэг сая тайвань доллароор зарчихжээ. Гэвч шөнийн клубт бүжигчин байж, ядуу зүдүү байдлаасаа гарч, загвар өмсөгч болоод 1980 онд Хёнтой гэрлэсэн байна. Хёны ууган хүү Жеки нь эцгийнхээ замаар явахыг хичээж жүжигчин болсон ч үзэгчдэд төдийлөн үнэлэгдсэнгүй. Жеки хоолоо киноноос биш, нийгмийн сүлжээнээс олжээ. Эмэгтэй хүний хувцас өмсөж стрим хоёр удаа хийгээд 52 сая гаруй юань олох нь тэр. Бага хүү Жонатан нь шоу бизнест сураг ч байсангүй. Тэрбээр гадаадад сурч байхдаа утсаар ярихад нэг сард 20 мянган хонконг доллар үрдэг байсан хэрнээ эцэг, эхээ утасдахад харилцуураа авдаггүй байсан гэж байгаа. Эх нь түүнд нууцаар мөнгө явуулж бизнесийн төслийг нь санхүүжүүлэхийг оролддог байсан ч үр дүнд хүрээгүй гэдэг. Энэ хүү 2015 онд таксины жолоочийг зодсон хэргээр зургаан сар торны цаана суужээ. Чарльз Хён хөрөнгөө өвлүүлэх талаарх шийдвэрээ өөрчлөхийг үгүйсгэхгүй, “10 жилийн дараа аль нэг нь өөрийгөө хэн болохыг харуулж чадвал магадгүй л юм” гэж хэлэх болсон байна. Хүү Жонатантайгаа нарийн бичгийн даргаараа дамжуулж харилцана. “Аав аа, уулзъя гэдэг л юм, тэр. Би зав алга, бид уулзах шаардлагагүй гэж хариулдаг” гэж Хён өгүүлсэн байдаг.
Р.Жаргалант