Манай улсад англи хэлний нийт 6200 гаруй багш бий. Тэдний 62 хувь нь мэдлэг чадварын хувьд олон улсын стандартын шаардлага хангахгүй байгааг Боловсролын яамнаас мэдээлэв. Харин 32 хувь нь англи хэл заах олон улсын стандарт хангасан түвшний мэдлэгтэй байна гэсэн судалгаа гарчээ. Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах, түвшин ахиулах цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж буй. Үүний нэг болох “EF Efekta” байгууллагынхан нийслэлийн Налайх, Багануур, Баганхангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 7000 гаруй сурагч, мэргэжлийн боловсролын төвийн оюутнуудад англи хэлний төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн төрийн албан хаагч, англи хэл, мэдээлэл зүйн 2000 гаруй багш, нийт 10 мянга гаруй хүнд хиймэл оюунд суурилсан сургалтыг дээрх байгууллагынхан үзүүлж буй аж.
Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид онлайнаар англи хэлний сургалтад хамрагдсанаар багшийн хомсдолыг арилгах, ачааллыг нь бууруулах, хичээлийг бүтээлчээр заах боломжтой болжээ. Мөн “EF Efekta” байгууллагын зүгээс багш нарын чадварыг дээшлүүлэх зорилгоор англи хэлний сургалтын төвүүдэд богино хугацаанд үнэ төлбөргүй сургах эрх олгосон талаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланд танилцуулсан байна. Багш нарт урт хугацааны чанартай, тогтвортой хөтөлбөр хэрэгтэй гэдгийг салбарын сайд нь онцолсон юм.
Ташрамд, олон улсын судалгаа (EF english proficiency index)-наас харахад 2024-2025 оны тайланд монголчуудын англи хэлний түвшин “бага” буюу нийт хүн амын 5-10 хувь нь англиар ярьдаг гэжээ. Энэ үзүүлэлтээр дэлхийн 116 орноос 84 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Ч.Туяа