Манай улсад жуулчны виз авч ирсэн Өмнөд Солонгосын иргэний цогцсыг иргэд олж цагдаагийнханд мэдэгджээ. БНСУ-ын 57 настай иргэн энэ оны нэгдүгээр сарын 12-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ганцаараа аялахаар ирсэн аж. Гэвч түүнээс хойш буцаж гараагүй бөгөөд хэрхсэн нь тодорхойгүй болсон гэнэ.
Гэтэл Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худаг орчмоос орон нутгийн малчид “Эрэгтэй хүний удсан цогцос байна” гэсэн мэдээлэл цагдаагийнханд өгснөөр тус аймгийн Цагдаагийн газрынхан үзлэг, шалгалт хийж гадаадын иргэн биедээ ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан болохыг тогтоожээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд чухам яаж яваад Хүй долоон худаг орчимд нас барсныг тогтоох ажиллагаа хийж байгаа юм. Иргэн нь амиа алдсаныг БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныханд мэдэгдсэн гэдгийг ч эх сурвалжууд хэллээ.