НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах тул түүний суудалд өрсөлдөх хүмүүсийн нэрийг дэвшүүлэхийг Ерөнхий Ассамблейн дарга уриаллаа. Нэр дэвшигчид энэ сарын 20-ноос эхлэх мэтгэлцээнд оролцоно. Одоогоор Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелет, НҮБ-ын худалдаа, хөгжлийн Бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Грипспан, Сенегалын Ерөнхийлөгч асан Маки Салл нар нэр дэвшээд байна. Тэдний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй юм.
Хэвлэлүүдэд бичиж буйгаар НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг төвөгтэй асуудлууд хүлээж байна. Юуны урьд НҮБ санхүүгийн хямралд ороо буй. Үүнд мэдээж дайн, зөрчилдөөнүүд хурцдаж байгаа нь нөлөөлсөн.

74 настай Мишель Бачелет Чили улсын Төрийн анхны эмэгтэй тэргүүн байв. Тэрбээр НҮБ-д ажиллах асар их туршлагатай, энд хүний эрхийн дээд комиссараар ажиллаж байсан. Түүний нэрийг Бразил, Мексик улс дэвшүүлжээ. Бачелетийн эцэг нь Чилийн Агаарын цэргийн хүчний генерал байж. Мишель Бачелет Чилийн их сургуулийн анагаах ухааны салбарт нь суралцаж байхдаа Социалист намын залуучуудын жигүүрт нэгдсэн. Эцэг Альберто нь Сальвадор Альендегийн Засгийн газрын эсрэг эргэлт хийн унагаж, 1973 онд эрх мэдлийг гартаа авсан Аугусто Пиночеттэй хамтарч ажиллахаас татгалзсаны улмаас баривчлагдан, шоронд хоригдож байгаад эхлээд Австрали руу, дараа нь зүүн Германд цагаачлав. Мишель Бачелет 1979 онд эх орондоо эргэж ирээд анагаахын чиглэлээр дахин суралцаж, 1982 онд мэс засалч болжээ. 1994 онд Эрүүл мэндийн дэд сайд болж удирдлага, анхны тусламжийн асуудлыг хариуцаж ажиллав. 1996 онд Социалист намын Төв хорооны гишүүнээр сонгогдож, 1998-2000 онд улс төрийн асуудал эрхэлсэн комисст нь оржээ.
Ерөнхийлөгч болсон Рикардо Лагос түүнийг 2000 онд Эрүүл мэндийн сайдаар томиллоо. 2002 онд Өмнөд Америкт Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайдын албыг хаших болж. Энэ албанд байхдаа Бачелет улсдаа нэрд гарсан улс төрчийн нэг болсон байна. Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд өөрийгөө бэлтгэхийн тулд 2004 онд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарав. Сонгуулийн II шатанд 53.5 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдоод 2006 оны гуравдугаар сард албан ажилдаа оржээ. Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд нийгмийн хангамжийн салбарт реформ хийж, тэтгэврийг нэмж, төрүүлсэн хийгээд үрчилж авсан хүүхэд тутамд тэтгэмж өгч, улсынх нь 17 сая хүн амын нэг сая нь ийм тусламж авч байв. 2006 онд 13.7 хувь байсан ядуурлын түвшин 2009 онд 11.5 болон буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлт 3.2 хувь болжээ. Бараг 800 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Вашингтонтой нягт хамтран ажиллаж, Панам, Перу, Колумби, Япон, Австрали, Турк улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав. Төрийн тэргүүнээр нэг хүн хоёр дараалан сонгогдохыг Чилид Үндсэн хуулиар хориглосноос Бачелет 2010 онд сонгуульд нэрээ дэвшүүлсэнгүй. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд II шатанд нь 62.9 хувийн саналаар ялж, 2014 оны гуравдугаар сарын эхээр тангаргаа өргөcөн аж.
Чилид Пиночетийн үеийн Үндсэн хууль үйлчилж байсан тул Бачелетийн нэг гол зорилго нь түүнийг өөрчлөх явдал байлаа. Харамсалтай нь, Үндсэн хуулийг шинэчилж чадсангүй. Гадаад бодлогодоо бусад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл баримтлав. 2018 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусжээ. Бачелет 2018 оноос НҮБын Хүний эрхийн дээд комиссараар ажиллаж байхдаа БНХАУ-д анхны айлчлалаа хийжээ. Мишель Бачелет франц, англи, герман, португал хэлтэй, анагаах ухааны, тэр дундаа СПИД-ийн асуудлаар нэлээд олон өгүүлэл бичсэн аж. Дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн тоонд 2006, 2017 онд 17 дугаарт, 2021 онд 85 дугаарт (Forbes) орж байв. Хоёр удаа нөхөрт гарч, гурван хүүхэдтэй болсон, одоо нөхөргүй, усанд сэлж, уулын цанаар гулгадаг.

Тэгвэл 65 настай Рафаэль Гросси Аргентиний дипломатч, Австри, Бельги, Словени, Словак улсад элчин сайдаар, Вена хотод төв нь байдаг олон улсын байгууллагад ажиллаж байв. 1985 онд Аргентиний Католик их сургууль төгсөж, 1998-2001 онд НАТО-д улсаа төлөөлж байжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын зэвсэг хураах асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ. НҮБ-ын Женев дэх салбарт Аргентиний төлөөлөгч байж. 2010-2013 онд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (МАГАТЭ) ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байгаад 2019 онд ерөнхий захирал нь болжээ.
Рафаэль Гросси 2023 онд МАГАТЭ-гийн ерөнхий захирлаар 2027 он хүртэл улиран сонгогдлоо. Гэргий Синтия Эчаваррия нь дипломатч мэргэжилтэй, хоёр нөхрийн найман хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг.

Гуравдах нэр дэвшигч 70 настай хатагтай Ребека Гринспан эдийн засагч мэргэжилтэй, Коста-Рикагийн иргэн, тус улсын Дэд Ерөнхийлөгчөөр 1994-1998 онд ажиллаж байсан. Нэрийг нь төрөлх Коста-Рика улс нь дэвшүүлсэн. НҮБ-ын худалдаа, хөгжил эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргаар 2021 оны есдүгээр сар хүртэл ажилласан. 2010-2014 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч захирлаар ажиллаж байж.
Эцэг, эх нь Польшийн цагаач, еврей гаралтай. Эдийн засаг, урлагийн бакалавр, магистр зэрэгтэй. Коста-Рикагийн их сургуулийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор. 1986-1998 онд хэд хэдэн яам тэргүүлж байв. Түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриш 2012 онд худалдаа, хөгжлийн асуудал эрхэлсэн найм дахь ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Энэ албанд ажилласан анхны эмэгтэй юм. 2006-2010 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт Латин-Америк, Карибын сав газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслагч, бүс нутгийн захирлаар ажилласан туршлагатай.
2021 онд Гринспаныг Аргентиний Ерөнхийлөгч Альберто Фернандес улсынхаа Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн олон улсын тусгай зөвлөхөөр томилсон бол Коста-Рикагийн Ерөнхийлөгч Родриго Чавес 2026 онд болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн байна.
Грипспан 2014, 2015 онд Латин-Америкийн тэргүүлэх 50 оюун ухаантан гэгдэж, 2017 онд “Forbes excellence awards” шагнал хүртэв. Түүний мэргэжлийн амжилтыг нь хүлээн зөвшөөрч Европын их сургууль хүндэт докторын зэрэг олгожээ.

Cүүлчийн нэр дэвшигч 64 настай Маки Салл Сенегал улсын Ерөнхийлөгчөөр олон жил ажиллажээ. Тэрбээр энэ хугацаанд улсынхаа дэд бүтцийн хөгжил, улс төрийн тогтвортой байдалд ихээхэн анхаарсан. Маки Салл НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд өөрөө нэрээ дэвшүүлжээ. Тэгэхдээ нэрийг нь дэвшүүлж буйг илтгэх баримт бичгийг НҮБ дахь Бурунди улсын байнгын төлөөлөгч НҮБын Ерөнхий Ассамблейн даргад уламжилжээ.
Маки Салл 2012-2024 онд Сенегалын Ерөнхийлөгчөөр ажиллаад суудлаа дараагийн хүнд өгснөөс хойш Марокко улсад аж төрж байгаа. Тэрбээр 2004-2007 онд Ерөнхий сайд, 2007-2008 онд Үндэсний ассемблейн тэргүүн байсан аж.
Салл Сенегалын социалист намын ажилтны гэрт төрсөн. 1988 онд их сургууль төгсөж уулын инженер мэргэжилтэй болов. Сүүлд нь Францад суралцаж, усны хайгуул, геофизикчийн мэргэжил эзэмшжээ. 1990 онд сөрөг хүчний Ардчилсан намд нэгдэж, 1998 онд нарийн бичгийн дарга нарынх нь нэг болж аж үйлдвэрийн асуудал хариуцаж байлаа. 2001 оноос Уурхай, эрчим хүчний, 2003 оноос Дотоод хэргийн сайд, 2004-2007 онд Сенегал улсын Ерөнхий сайдаар, дараа нь парламентын даргаар ажиллажээ.
Намынхаа даргатай зөрчилдсөний улмаас 2008 онд энэ албанаас огцорч, өөрийн гэсэн нам байгуулан сөрөг хүчинтэйгээ нэгдэв. 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн II дахь шатанд өрсөлдөөд Ерөнхийлөгч болов. Авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлж, эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулав. Үүгээр 2035 он болтол 21 тэрбум ам.долларын хөрөнгө гадаадаас татахаар боллоо. Энэ хөрөнгийн голыг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулахаар төлөвлөжээ.
Эдгээр нэр дэвшигчдээс Бразил, Мексик улс дэмжиж буй, Чилийн Ерөнхийлөгч асан хатагтай Мишель Бачелет, МАГАТЭ-гийн ерөнхий захирлаар 2019 оноос ажиллаж буй Рафаэль Гросси нар нэлээд хүчтэй гэгдэж байна.
Долоодугаар сараас эхлэн нэр дэвшигчдийн аль нэг нь олонхын дэмжлэг хүлээх хүртэл Аюулгүйн зөвлөл хэд хэдэн шаттай санал хураалт явуулах юм.
Р.Жаргалант