Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр саяхан болж өнгөрсөн билээ. Орчин үед дижитал технологиудын тусламжтайгаар зэрлэг амьтан, ургамлын төрөл, зүйл, тархац нутаг, тоо толгой, нөөц, амьдралын онцлогийг нь судлах боломж илүү нэмэгдэн, биологийн олон янз байдлыг хамгаалахад томоохон түлхэц болоод байгаа. “Зэрлэг амьтны хамгааллын санхүүжилт-хүн ба дэлхийдээ хөрөнгө оруулъя” уриатай тэмдэглэн өнгөрүүлсэн дээрх өдрийн хүрээнд Өмнөговь аймгийнхан нэн ховордоод буй амьтдын тоо толгой, тархац, нөөцийг судалсан байна. Тухайлбал, ирвэс, аргаль, янгир, хулан, хавтгай, ёл зэргийн тоо толгойг аймгийн хэмжээнд гаргажээ.
“Улаан ном”-д бүртгэгдсэн, устаж болзошгүй ангилалд багтаад буй цоохор ирвэс нь Монгол орны Алтай, Хангай, Соёны нуруу, баруун, говийн бүсийг дамнан нутагладаг бөгөөд улсын хэмжээнд хамгийн сүүлд 950 орчим тоологдсон юм. Тэгвэл Өмнөговийн Гурвантэс сумын Тостын нуруунд 10 ирвэс, зургаан гүем, Сэврэй сумын Сэврэй ууланд 10, Ноён сумын Хүрэн ханын хэцэд зургаан ирвэс дөрвөн зулзагатайгаа, нийт 36 орчим нутаглаж буйг тогтоосон байна.
Харин аргаль 9539 км талбай хамран 1330-1400, янгир 6650 км газарт 1700-1800 тоологджээ. Түүнчлэн Сэврэй уулын бүс дэх 52 158 км талбайд хар сүүлт 60 600, 12 249 км талбайд хулангийн тоо толгой 12 100 байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд аргаль, янгирын агнуурын бүс нутаг болох Манлай, Ханбогд, Номгон, Хүрмэн, Ноён, Мандал-Овоо, Цогт-Овоо сумд “Агнуур зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөө” боловсруулан батлуулж, дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж буй аж.
О.Оргилох