Нийслэлийн ЗДТГ-ын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг зохиолч Э.Мишээл “Үр минь чамайг хүлээж байна” бүтээлээрээ хүртлээ. Уг шагналд зураач О.Золбоотөгөлдөрийн “Зүүд урлаач” зурагт ном, “Эргэлт.мн” сайтын “Сүүлчийн нүүдэлчид” сэтгүүл зүйн цуврал болон Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёогийн “Оройн ганц мод” роман зэрэг бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.
Шилдэг бүтээлээр шалгарсан “Үр минь чамайг хүлээж байна” ном нь хорвоод дөнгөж хөл тавьсан бяцхан хүүхдийн өмнө орчлон ертөнцийн юмс үзэгдэл бүхэн шинээр нээгддэг тухай өгүүлдэг. Уул, гол, од, гэр гэх мэт энгийн нэршлийг амьтай, амьгүй зүйлстэй холбон шигтгэсэн нь хүүхдийн үгсийн санг баяжуулахаас гадна эцэг, эхчүүдэд дулаан мэдрэмж төрүүлэхүйц бүтээл болсон аж.
Италийн Болонья хотноо зохион байгуулдаг хүүхдийн номын үзэсгэлэнгийн “BRAW amazing bookshelf” жагсаалтад багтсан уг номыг “Гэрэн паблишинг” хэвлэлийн газраас 2024 онд эрхлэн гаргажээ. Тус байгууллага нь “Миний, чиний, бидний гэр”, “Сургуульд юу болдог вэ”, “Залхуу Никийн адал явдал” зэрэг цуврал бүтээлийг бяцхан уншигчдын хүртээл болгоод буй юм.
У.Сүрэн