
БНСУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас солонгос үндэсний хоолны ур чадварын тэмцээн зохион байгуулах гэж буйгаа мэдээллээ. 13 болон түүнээс дээш насны Монгол Улсын иргэд оролцох бөгөөд гэр бүл болон найз нөхдөдөө зориулсан, Солонгосын уламжлалт исгэсэн бүтээгдэхүүнээр шинэлэг хоол хийж өрсөлдөх юм байна. Ингэхдээ тус улсад, эсвэл солонгос компанийн үйлдвэрлэсэн хүнсний ногоо, жимс, амтлагч зэрэг бүтээгдэхүүнээс багадаа нэг, түүнээс дээш төрлийг ашигласан байх шаардлагатай аж. Тухайлбал, исгэсэн хүнсний бүтээгдэхүүнээс хар цуу, гүчүжан, дэнжан, давсалсан далайн байцай, кимчи зэргээс сонгох гэнэ. Оролцогчид хоёр хүртэлх хүнтэй баг бүрдүүлж болох ба ахлагч нь заавал монгол хүн байх шалгууртай.
Уралдаанд бүртгүүлэхдээ Солонгосын ЭСЯ-ны албан ёсны цахим хуудаснуудад байршуулсан Google form маягтыг бөглөж, урьдчилсан шатны сэдэвт тохирсон өөрийн нэрийн хоолны танилцуулга болон хийх үйл явцыг харуулсан 1-3 минутын дүрс бичлэг илгээх юм. Эл шатнаас шилдэг 10 баг шалгаруулах аж. Эцсийн шатны шалгаруулалтыг ирэх сарын 12-ны бямба гарагт 13.00- 17.00 цагт танхимаар зохион байгуулж, багууд бичлэгт үзүүлсэн хоолоо хоёр хүний порцоор хийж, өрсөлдөх юм байна. Тэргүүн байрын эздэд цом, 3 000 000, дэд байрт шалгарсан оролцогчдод өргөмжлөл, 1 500 000, гутгаар байр эзэлсэн багийг өргөмжлөл, 500 000 төгрөгөөр шагнаж, төгсгөлийн шатанд шалгарсан бүх оролцогчдод солонгос хүнсний бүтээгдэхүүний багц бэлэглэнэ. Тэмцээнд мэргэжлийн тогоочид өрсөлдөхгүй.
М.ГЭГЭЭ