
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)- ийн Туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэн, энэ оны нэгдүгээр сараас эхлэн Туяа эмчилгээний төв болгосон билээ. Тэгвэл тус төвийг өчигдөр нээв. Ингэснээр үндэсний хэмжээнд хавдартай иргэдэд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмжид нийцүүлэн клиник болон эмнэлгийн физикийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, чанарын баталгаажуулалт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг цогцоор нь хэрэгжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, олон улсын жишигт нийцсэн, өндөр нарийвчлалтай туяа эмчилгээг иргэд эх орондоо авах боломжтой болж буй.
Түүнчлэн хорт хавдрын туяа эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, олон улсын стандарт, дэвшилтэт технологийг нутагшуулах, мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацыг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, эмчилгээний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг эмч нар онцолсон. Ташрамд, манай улс анх 1959 онд туяа эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд 2019 онд орчин үеийн шугаман хурдасгуурыг ашиглалтад оруулсан байна. Харин 2024 онд элэг, уушгины хавдарт SBRT, 2026 онд тархины хавдрын SRS эмчилгээг тус тус нэвтрүүлжээ.
Ч.БОЛОР