
Өнөөдөр бид харж байгаа байлдааны дроны хувьсгалын анхны алхмыг 100 гаруй жилийн өмнө Дэлхийн I дайны үед хийсэн байх юм. Чухам тэр үед л агаарын болон газрын хүнгүй нисдэг төхөөрөмжүүдийн эхний загварууд бий болж тэдгээрийг хэрэглэх заавар гарч байжээ. Алсын удирдлагатай нисдэг, явдаг, мөлхдөг төхөөрөмжийн дор хаяж арваад загварын тухай мэдээллийг Дэлхийн I дайны тухай материалаас олж үзэж болно. Тэгэхдээ Францын “Schneider” компанийн “Матар” болон дэслэгч Маттеиний “Могой” гэх газрын хоёр дроныг л тулалдаанд ашигласан байдаг. Хуурай замын нисгэгчгүй төхөөрөмж бий болгох шалтгаан нь байлдаж буй армиуд түгжигдмэл (гарцгүй) байдлаас гарах явдал байжээ. 1914 оны намраас байрлал сэлгэх байлдааны тактик өөрчлөгдөж, дайснууд газар ухаж, олон зуун километр бэхлэлт сайтай хонгил байгуулах болсон байна. Дайсагнагч талууд тусгайлан ухсан нүхэн урхи бүхий 500800 метр өргөн газрыг төмөр утсаар хэрж дундын бүс гээчийг хийх болж, түүнийг богино хугацаанд гэтлэх боломж бараг л байхгүй болсон байна. Ийм нөхцөлд пулемёт, хээрийн их буунууд дайралт, давшилтыг цус асгаруулсан тулаан болгон хувиргаж, үүний цорын ганц үр дүн нь олон мянган цогцос л байх болжээ. Цэргүүд ухсан нүхэнд (окоп) байхаас залхаж, генералууд болохоор “үхлийн бүс”-ийг хэрхэн давж дайны бэхллэлтийг яаж давах вэ гэж тархиа гашилгах болов. Алсын удирдлагатай, өөрөө явдаг, төмөр утсан саадыг дэлбэлж, тэсэлдэг, улмаар пулемет, их бууны цэгийг устгах чадалтай төхөөрөмжтэй болох нь л энэ байдлаас гарах нэг боломж гэж харагдах болсон байна. Тухайн үеийн техникийн ач тус энэ бүү хэл юм хийх боломж олгов. Зохион бүтээх ид ажил 1915-1916 онд тохиожээ. Францын анхны танкийг бүтээсэн “Schneider” компани 1915 оны эхээр “Torpille terrestre crocodile” буюу “Газрын матар” гэж нэрлэж болох төхөөрөмж хийхээр төлөвлөж буйгаа цэргийн байгууллагадаа уламжилжээ. Уг төхөөрөмж “А”, “Б” гэсэн хоёр хувилбартай байсан бөгөөд “Б”-г нь 1915 оны долоодугаар сард талбайд туршилт хийлгэхээр армидаа шилжүүлэв. “Матар Б” нь 1.6 метр урт, 80 см өргөн, 60 см өндөр гинжит тэргэнцэртэй байлаа.
Гинжийг нь бэржээхэн туузаар хийж модон савхнууд бэхэлж өгсөн аж. Төхөөрөмжийг хоёр цахилгаан мотор хөдөлгөнө. 145 килограмм жинтэй аппарат 40 кг тэсрэх бодис даах чадалтай. Туршилтын эцэст уг аппарат цэргийнхний санаанд нийцэв гэнэ. “Матар” гүнзгий намаг гаталж чадсан байна. Ингээд хэд хэдэн аппаратыг фронт руу илгээв. Тухайн үеийн нисгэгчгүй төхөөрөмжүүдэд байсан гол сул тал тэнд илэрсэн нь “Матар” сохор байж. Өөрөөр хэлбэл, телекамер гээч юм тэр үед бүтээгдэж бий болоогүй байлаа. Тэгэхлээр түүнийг алсаас удирдаж залах оператор хэрэгтэй байх нь. Энгийнээр хэлэхэд тэр оператор дроны хөдөлгөөнийг окопноос ажиглаж байх ёстой гэсэн үг. Үзэгдэх зай хэдэн арван метр хол, хотгор гүдгэртэй газар, дайсны гал дундуур хөдөлж буй 60-хан см өндөр биетийг олж харна гэдэг аюултай бөгөөд үр дүн тун багатай ажил байв. Харанхуйд бол ер боломжгүй. Хагас жил орчмын дараа 1916 оны зургаадугаар сард Францын арми өөрөө явагч “Матар”-ыг ашиглахаа больжээ. Францын хэрэгжүүлсэн өөр нэг төсөл нь дэслэгч Маттейний бүтээсэн “Могой” гэдэг аппарат юм. Тэр нь “Матар”-ынхаас их энгийн бүтэцтэй. Хөдөлгөөний зарчмын хувьд татлага (трос) бүхий тусгай зангууг Лебелийн М-1886 маркийн винтовоор төмөр утас тийш харвана. Татлага нь дронтой холбогдсон байна. Окопонд байгаа оператор эхний ороомогт бэхэлсэн татлагыг сунгахад тэр нь аяндаа эргэлдэж хоёр дахь ороомгийг эргэлдүүлж аппаратыг урагш хөдөлгөнө. Түүнийг даган 30 савтай, ХХ зууны эхээр хэрэглэж байсан хүчтэй тэсрэгч бодис (мелинит) бүхий хэлхээг сунгана. Тэгээд татлагыг хөдөлгөхөд бодис бүхий хэлхээс дэлбэрч, бэхлэлтэд 10 метр хүртэлх өргөнтэй хонгил зам гаргана. Дэслэгч Маттейгийн энэ зарчмыг Францын цэргийнхэн илүү хэмээн үнэлж, 3000 ширхгийг турших зорилгоор хийв. Уг аппаратыг Оросын цэргийн байгууллага судалж үзээд яриангүй ашигтай эд хэмээн үнэлжээ. Гэхдээ жинхэнэ тулаанд үр дүн муутай, дунджаар таван тохиолдлын гуравт нь дрон дэлбэрээгүй гэж тайланд өгүүлсэн байв.
Тэгэхдээ газрын энэ төхөөрөмжийг фронтоос буцаан татсан гол шалтгаан нь 1916 оны есдүгээр сарын 15-нд анхны танкууд байлдааны талбарт гарч ирсэн явдал байжээ. 1915 онд Францын зохион бүтээгч Поль Обрио, Густав Габэ хоёр 200 килограмм ачаа даах газрын дроны өөрсдийн хувилбарыг бий болгожээ. Энэ нь гурван гинжтэй, эгц саадыг давах зориулалттай аппарат байв. Нэг мотороор хөдөлдөг, зөвхөн хойшоо, урагшаа явна. Цахилгаан зай (батерей) нь удирдах товчлуурын хамт операторт байна. Хожим нисэх онгоцны нэрд гарсан зохион бүтээгч болсон Германы инженер Антон Флеттнер супер дроны төслөө 1915 оны зун санал болгожээ. Тэрбээр радио удирдлагатай жижигхэн танкийг бүтээгээд эзэн хааныхаа генералуудад үзүүлэв. Уг “танк” жижигхэн ган дугуйтай, өехий дор нь онцгой хүнд хэцүү нөхцөлд явахад зориулагдсан хоёр гинжтэй байж. Хааны генералууд үүнийг нь үнэлсэнгүй. Мөн онд америк Виктор Виллар, британи Стаффорд Талбот хоёр уурын хөдөлгүүртэй, хуурай замын аппарат бүтээв. Энэ нь овор багатай дугуйтай тэргэнцэртэй байсан бөгөөд урд хэсэгт нь дэлбэрдэг бөмбөг бэхэлж, голд нь уурын тогоо байрлуулан, ард нь уурын хөдөлгүүр зоожээ. Энэ хөдөлгүүр дугуйг эргэлдүүлнэ. Оператор татуургыг угзарч бөмбөгийг дэлбэлнэ. Газрын ийм аппаратуудаас өмнө нисдэг дрон бүтээх ажил идэвхтэй хийж байв. Энэ түүх 1910 оноос эхтэй. Америкийн иргэн Элмер Сперри одоо бид авто нисгэгч гэж нэрлээд байгаа төхөөрөмж хийхийг мөрөөддөг ч ажлынх нь явц удаан, бүтээлээ арилжаанд нэвтрүүлэх боломж тун тааруу байлаа. Тэгж байтал Дэлхийн I дайн эхэлж, уг төсөлд шинэ түлхэц бий болжээ. 1916 онд Сперри хүүтэйгээ хамтран нарийвчлан боловсруулсан “нисдэг бөмбөг” хэмээх төслөө флотод танилцуулав. Энэ нь “Curtiss” компанийн 700 кг орчим жинтэй, 7.6 метр урт далавчтай төхөөрөмжийг өөрчлөн сайжруулсан 470 килограмм ачаатай, 80 километр зам туулах чадалтай аппарат байлаа. Харьцуулахын тулд өгүүлэхэд тухайн цагийн хүнд их буу гэгдэж байсан Германы 420 мм-ийн зэвсэг 800 кг жинтэй 14 километр зайд тусдаг байсан бол Оросын 305 мм-ийн калибрын гаубиц 377 кг хүнд, 13.5 км зайд тусдаг байв. 1917 онд АНУ-ыг дэлхийн дайнд оролцсоны дараа Сперригийн энэ зэвсгийг ихэд сонирхох болж флотын удирдлага нь Засгийн газраасаа 200 мянган ам.долларын санхүүжилт авсан байна. Уг зэвсгийг байлдааны хөлөг онгоцноос харвах болов.
Гэвч туршилтаас хэтэрсэнгүй, тэгээд ч дайн дуусаж “нисдэг бөмбөг”-ийг эрх баригчид сонирхохоо байжээ. Нэрд гарсан зохион бүтээгч Чарльз Кеттеринг 1918 онд “Цох” нэртэй агаарын төхөөрөмж санаачилсан нь ямар нэг нисэх онгоцыг өөрчлөн сайжруулсан техник биш байлаа. Нисдэг аппараттай илүү төстэй энэ төхөөрөмж Сперригийн бүтээснээс бараг бүтэн хагас дахин бага, далавч нь 4.5 метр, жин нь 240 кг, 80 кг ачаатай 120 км зам туулах чадалтай, гол нь ердөө 200 ам.долларын үнэтэй. Бас “Цох” нэрэндээ тохирсон дуу чимээ багатай. 1917 оны намар хийсэн туршилтаар Сперригийн зэвсэг 50 км “яваад” байнаасаа 3.5 км зайд унасан аж. Тухайн үедээ үүнийг байж болох үр дүн гэж үзжээ. Хоёр дайны хооронд (1920-1930-аад он), түүгээр ч барахгүй II дайны явцад ч техникийн өндөр хөгжилтэй орнууд эдгээр аппарат дээр ажиллаж байсан ч “нисдэг бөмбөг”-нүүдийн байндаа тусах чадвар (цэц) доогуур байсан нь тэдгээрийг олноор үйлдвэрлэж хэрэглэх ажилд саад болжээ. Англичууд, оросууд, францууд, италичууд, германчууд өөрийн гэсэн төсөлтэй байв. 1942 онд бүтээсэн бөмбөгдөгч Б-29 “супер цайз” 12 тонн ачаатайгаар дээд тал нь 12 мянган километр нисэж чаддаг байсан гэнэ. Сайн дрон нь маш энгийн, хямд, хөнөөх чадвар сайтай байх ёстой, эс тэгвэл ашиггүй гэсэн үг. 1849 оны тавдугаар сард Австрийн цэргүүд Венецийг бөмбөгдсөнийг түүхэнд анх удаа байлдааны нисдэг аппарат ашигласан тохиолдол гэж үздэг. Австрийн эсрэг бослого 1848 онд дэгдэж, түүнийг дарахаар Вена 15 мянган цэргээ генерал Йозеф Радецкийгаар удирдуулан явуулжээ. Австричууд эцэст нь босогчдын эсрэг байлдааны нисдэг төхөөрөмж ашиглахаар шийдэж, салхи хотын зүг чиглэхийг хүлээж байгаад бөмбөгнүүд болон тэдгээрийг төлөвлөсөн хугацаанд хаях цагийн механизм байрлуулж хөөргөхөөр бэлтгэв. Салхины чиг гэнэтхэн өөрчлөгдсөнөөс эхний оролдлого бүтсэнгүй. Сарын дараа хоёр дахь удаагаа бөмбөгнүүд хөөргөж, салхи ч “хуурсангүй”, ачаагаа яг хот дээр унагаж орхив. Үүнд урамшсан австричууд гурав дахь довтолгоондоо 200 орчим бөмбөлөг хэрэглэжээ. Цэргийн түүхчдийн бичсэнээр уг довтолгоо гойд үр дүн үзүүлээгүй, айхавтар сүйтгэл учруулаагүй ч тэнгэрээс унасан дэлбэрэгч бөмбөгнүүд хотыг хамгаалагчдыг ихээхэн алмайруулсан гэдэг.