
Шатахуун хомсодсонтой холбогдуулан АНУ-ын ЭСЯ-наас иргэддээ хандан онцын шаардлагагүй бол Монгол Улс руу зорчихгүй байх, аялахаар төлөвлөсөн тохиолдолд хойшлуулахыг зөвлөж, агаарын болон авто тээвэр саатах эрсдэлтэйг анхааруулаад буй. Тэгвэл Монголын аялал жуулчлалын холбоо энэхүү зөвлөмжийн хариу хүсэлтийг тус улсын ЭСЯ-нд өнгөрсөн баасан гарагт хүргүүлжээ. Хүсэлтэд “Монгол Улсын Засгийн газар, шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, аялал жуулчлалын салбарынхан шатахууны нөөц хомсодсоноос үүдэлтэй хүндрэлүүдийг арилгахаар шуурхай арга хэмжээ авч, гадаадын иргэд, жуулчдыг саадгүй зорчуулах бодлого хэрэгжүүлж эхэллээ.
Аймаг, орон нутгийн удирдлагууд ч ийм бодлого баримталж, боломжит зохицуулалтууд хийж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах АНУ-ын ЭСЯ-ны үүрэг хариуцлагыг бүрэн ойлгож, хүндэтгэлтэй хандаж байна. Шатахууны нөөц, хангамжийг шат дараатай нэмэгдүүлж буй Засгийн газрын үйл ажиллагаа, жуулчдыг саадгүй, аюулгүй зорчуулах чиглэлээр төр, хувийн хэвшлийнхний хамтран хэрэгжүүлж байгаа зохицуулалт зэргийг харгалзан үзэж энэ сарын 3-ны өдөр гаргасан зөвлөмжөө эргэн харахыг хүсье” гэжээ.
Ж.СУВД