Монгол, Солонгос, Францын судлаачид манай улсын говийн бүсэд газар хөдлөлтийн идэвхтэй хагарал нээн илрүүлснээ мэдээллээ. Тодруулбал, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбар, БНСУ-ын Дэлхий судлалын хүрээлэнгийн Байгалийн аюулт үзэгдэл судлалын салбар, Францын Дэлхийн физикийн хүрээлэнгийн Идэвхтэй тектоник судлалын салбарын судлаачид Өмнөговь аймгийн Даланзадгадаас баруун хойд зүгт 53, Булган, Ханхонгор сумаас 28 км-ийн зайд Монгол орны газар хөдлөлтийн каталогт байгаагүй идэвхтэй хагарлын цэг нээсэн байна.
Газрын гадаргууд зүүн хойноос баруун урагшаа суналттайгаар ойролцоогоор 80 орчим км мөргөцөг үүсгэсэн тус хэсэгт 2011 оны наймдугаар сарын 26-нд газар 5.8 магнитудын хүчтэй хөдөлж, түүнээс хойших хэдэн сард сул хүчтэй чичирхийлэл 1000 гаруй удаа бүртгэгдсэн нь судлаачдын анхаарлыг татаж байжээ. Одоо тухайн бүсэд жилд ойролцоогоор газар сул хүчтэйгээр 200-300 удаа хөдөлдөг гэнэ. Дээрх хүрээлэнгийн судлаачид тэнд хамтарсан малтлага, судалгаа хийснээр идэвхтэй хагарлын цэг гэдгийг нь баталжээ.
Энэхүү хагарал нь долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт үүсгэх эрсдэлтэйг ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын доктор Д.Баттогтох анхааруулав. Судлаачид шинээр илрүүлсэн хагарлаа тухайн бүсийн газар зүйн нэршлээр нь Хөөвөр гэж нэрлэжээ. Хөөврийн талаас холгүй газарт Америкийн алдарт судлаач, аялагч Рой Чапман Эндрюсийн одоогоос 100 орчим жилийн өмнө нээсэн палеонтологийн баялаг дурсгал бүхий Баянзагийн хөндий бий аж.
Н.МИШЭЭЛ