Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчны тасалдлаас сэргийлэх, авто зам, дэд бүтцээс үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор Богд хан ууланд экологийн гарц байгуулахаар болсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэлтэй, байгалийн үнэ цэнтэй экосистем бүхий тус бүс нутагт хотжилт, зам, дэд бүтцийн нөлөө нэмэгдэхийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөн тасалдах болжээ. Тэрчлэн халиун буга, бор гөрөөс, цагаан зээр зэрэг туруутан амьтад авто болон төмөр зам, стандартын бус хашаа, хашлагад боогдсоноос бэртэж гэмтэх, үрэгдэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Иймд салбарын яамныхан Эн Си Ди групптэй хамтран зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц нээхээр санамж бичиг байгуулжээ.
Биологичид Богд хан ууланд 54 зүйлийн хөхтөн, 194 зүйлийн шувуу бүртгэжээ. Тухайн бүсэд экологийн гарц байгуулснаар нийслэлийн ногоон бүсэд бүртгэгдсэн 250 орчим зүйлийн бодгалийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тасалдуулахгүй байх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нь нэмэгдүүлэх, түймэр зэрэг гэнэтийн эрсдэлийн үед амьтад аюултай бүсээс саадгүй гарах нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой гэнэ.
Ж.Сувд