Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс ажилтнуудынхаа нийгмийн баталгааг дэмжих, хүүхдүүдэд нь ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Хүүхэд хөгжлийн төвийг энэ сарын 13-нд нээв. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ээлжийн болон уртасгасан цагаар ажиллах нь түгээмэл бөгөөд ийм нөхцөлд хүүхдийнхээ сурч боловсрох, хөгжих, аюулгүй байдлыг хангах нь эцэг, эхчүүдэд тулгамдсан асуудлын нэг байжээ.
Тус төвийг тухайн эмнэлгийн ажилтнуудын 1-5 дугаар ангийн багачуудад зориулан тохижуулж, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох, ном унших, тоглох, бүтээлчээр сэтгэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлсэн гэнэ. Мөн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулах аж. Ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дэмжих нь зөвхөн ажилтанд төдийгүй тэдний гэр бүл, хүүхдийн сайн сайхан байдалд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тус эмнэлгийнхэн үзэж буй.
Ч.Цэлмэг