Өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн тамирчдаас Ш.Даваадорж хэмээх эрхэм “Дэлхийн цом”, ДАШТ-д цөөнгүй түрүүлж, медальтай ирэх болсноор Монголын сэлэгчдэд урам өгч, амжилт гаргах замыг нь зассан. Түүнд очоогүй улс, оролцоогүй тэмцээн ховор. Усанд сэлэлтээр 1983, бодибилдингээр 1988 оноос өнөөг хүртэл хичээллэж буй тэрбээр Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төвд дасгалжуулагчаар ажиллан мэргэжлийн тамирчид бэлтгэж байна. Түүний удирдлагад бэлтгэл базаасан гурван сэлэгч олон улсын болон дэлхийн тэмцээнд түрүүлсэн билээ. Тухайлбал, АНУ-ын Виржиниа мужийн Вашингтон хотод 2024 онд зохион байгуулсан мөстэй усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд зээ охиноо оролцуулахын зэрэгцээ өөрөө ч бас өрсөлдсөн юм. Тэрбээр 50 метрийн мэлхий, далайн гахай, өврөөр даллах сэлэлтийн төрөлд тус бүр түрүүлсэн бол М.Цэнгүүн өсвөр үеийнхний 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, өвөөгөө баярлуулсан. Дээрх тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон тэдний хувьд хамтдаа медаль гардсан анхны тохиолдол болсон юм. Түүний хувьд тухайн жил ажлынхаа үр дүнг харуулсан гайхалтай он байв. Тус тэмцээний дараахан Эстони улсад болох өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д хоёр шавиа оролцуулахаар Таллин хотыг хамт зорив. Тэнд болсон тэмцээнд 40 орны 1500 гаруй тамирчин өрсөлдөхөд А.Эрмүүн залуучуудын ангилалд тэргүүлж, өсвөр үеийнхэд С.Мөнх-Оргил 25, 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тус бүр мөнгөн медаль зүүсэн нь Азийн орнуудаас Монголын тамирчид хүчтэй өрсөлдөгч болсныг баталсан билээ. Тэгвэл өнгөрсөн жил Шведийн Скелефтеа хотод өвлийн усанд сэлэлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болоход манай улсын баг 21 орны 600 орчим тамирчинтай өрсөлдсөнөөс тэрбээр гурван хүрэл, С.Мөнх-Оргил дөрвөн, М.Цэнгүүн гурван алтан медалийг өврөөр даллах, мэлхий, далайн гахай сэлэлтийн 25, 50 метрийн зайд хүртжээ.
АВАРГЫН ЦОМ ДАРААЛАН ГАРДАЖ, ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ
Тэрбээр хойд хөршийн Москва хотод суралцаж байх хугацаандаа өвлийн усанд сэлэлтийн төрөл байдгийг мэдсэн ч тухайн үеийн залуусын адил бодибилдинг, фитнесээр хичээллэн спортын гараагаа эхлүүлжээ. Бодибилдингийн тамирчны хувьд булчингийн ачааллыг тайлах, биеийн галбираа хадгалах зорилгоор усанд сэлж сурсан нь хожим өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн шилдгүүдийн нэг болох суурийг нь тавьсан байна. Олон улсын мастерс ангиллын тэмцээнд 2015 онд улсаа төлөөлөн анх оролцохдоо хошой алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн нь түүнд амжилт гаргах урам өгсөн гэдэг. Үүнээс хойш өөрийгөө дасгалжуулан ахмадын ДАШТ, “Дэлхийн цом”, олон улсын тэмцээнд дөрвөн жил тасралтгүй өрсөлдөж, 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн юм. Түүний хувьд 2020-2024 он тамирчны карьераа үргэлжлүүлж, аваргаа хамгаалсан жил байв. Польш, Швед, Франц, Словени, АНУ-д хөл тавьж, ДАШТ-д Ази тивийг төлөөлөн оролцохдоо алтан цом дараалан гардсан билээ.
Гэхдээ түүнд амжилт амархан ирээгүй. Тамирчдад тулгардаг бэрхшээлтэй тэр ч бас нүүр тулсан юм. Бэлтгэл сургуулилалтаа хийхээс гадна амрах завгүй хөдөлмөрлөж, байр, автомашинаа зарж, тэмцээнд оролцох зардлаа олж байсан аж. Тэрбээр энэ тухайгаа “Тухайн үед нэг тэмцээнд өрсөлдөхөд таван сая гаруй төгрөг зарцуулна. Би өмнө нь хувиараа бизнес эрхэлдэг, гурван өрөө байртай байв. Амжилтын төлөө бизнес эрхлэхээ больж, байраа зарж, нэг өрөө болгоод, зөрүү мөнгийг нь тэмцээний зардалд зориулсан. Тэмцээний зардал дутахаар нь автомашинаа барьцаанд тавьчихна. Өглөө, орой байнга бэлтгэл хийдэг болохоор ажил хийх зав гарахгүй. Тиймээс зээлийн хүүгээ төлөхийн тулд амралтын өдрүүдэд барилгын туслахаар ажилладаг байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл уйгагүй хичээж зүтгэсний хүчинд дэлхийн аварга болсон доо” хэмээн дурссан удаатай.
Тэрбээр Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоог 2016 оны гуравдугаар сард үүсгэн байгуулж, дараа жил нь Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоо болон Дэлхийн мөстэй усанд сэлэлтийн холбоонд албан ёсоор гишүүнээр элсжээ. Эх орондоо огт хөгжөөгүй өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн спортыг хүндхэн нөхцөлд эхлүүлж, өөрийн зүтгэлээр дэлхийн тавцанд Монголын нэрийг таниулсан ч улсаас мөнгөн урамшуулал авч үзээгүй юм. Тухайн үед харьяа яамныхантай уулзаж, энэ талаар ярилцахаар очиход ихэд гайхан “Ганцхан тамирчинтай спорт, холбоо байдаг юм уу. Тэгээд ч мөстэй болон өвлийн усанд сэлэлт олимпын бус төрөл” хэмээсэн аж.
Хэдийгээр сэтгэл гонсойлгосон хариулт сонссон ч эх орондоо энэ спортыг хөгжүүлэн, сурталчлах, хүүхэд, залуусыг хичээллүүлэх нь түүний чин хүсэл байлаа. Тиймээс өөрийн биеэр үлгэрлэн, олонд усанд сэлэлтийн спортод ийм сонирхолтой хоёр төрөл байдгийг ойлгуулсан юм. Түүнийг Монголын усанд сэлэлтийн шигшээ багийн анхны тамирчдын нэг байсныг хүмүүс хожим амжилт гаргасных нь дараа мэджээ.
БЭЛТГЭЛ ХИЙХ АРГА БАРИЛ НЬ АМЖИЛТ ГАРГАХАД ИХЭЭХЭН НӨЛӨӨЛЖЭЭ
Өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн ДАШТ хоёр жилд нэг удаа, хоорондоо сөөлжиж болдог. Монголд бэлтгэл хийх зориулалтын хүйтэн устай бассейнгүй тул тэрбээр тэмцээн болох газар тав хоногийн өмнө очиж, орчин нөхцөл, цаг агаар, уур амьсгалд нь дасан зохицох бэлтгэл хийдэг байна. Бассейнд сэлэх нь мөстэй усанд шумбахаас өөр. Дүрэм нь өвлийн усанд сэлэлтийнхтэй төстэй ч усных нь хэм адилгүй. Хүйтэн газар хаана байна, тэнд өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулдаг аж. Бассейны ус дунджаар +26-28 хэм байдаг бол мөстэй усанд сэлэлтийн тамирчид -2-оос +2 хэмтэй усанд уралддаг. Хэрэв бэлтгэл дутуу оролцвол эрсдэх аюултай тул сэлэгчид сургуулилалтаа сайтар базаадаг аж. Тэрбээр Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд техникийн бэлтгэлээ хийж олон улсын тэмцээнд өрсөлддөг. Долоо хоногийн зургаан өдөрт өглөө бүр 05.00 цагт босож, бассейнд хүмүүс ирэхээс өмнө хийх түүнд илүү үр дүнтэй байдаг аж. Үүнийхээ хажуугаар дугуй унаж, хүчний бэлтгэлийг ч давхар базаана. Энэ талаар “Өдөр бүр 3500-8000 метр орчим сэлж, 6000 орчим калори шатаана. Энергиэ нөхөхийн тулд уураг, амин дэмтэй бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Хоолоо сайн идэж, бэлтгэлээ шаргуу хийхгүйгээр амжилтад хэзээ ч хүрэхгүй. Тэгэхээр бэлтгэл, хоол, нойр, амралтыг тааруулж, зөв тохируулах нь хамгийн чухал. Усан спортоор хичээллэх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Энэ спортоор хичээллэж, чихрийн шижин өвчнөөс ангижрах бүрэн боломжтой. Би дөрвөн хүнийг усанд сэлэлтээр жил гаруй хугацаанд хичээллүүлж эдгээсэн. Миний хувьд 50 насны босго давсан гээд хойш суухгүй. Мөстэй усанд олон жил сэлж, амжилтаа ахиулсаар байх болно” хэмээн ярилцах зуураа өгүүлсэн байдаг.
Түүний эл спортод гаргасан амжилтыг нь үнэлж БНХАУ, Турк улс тамирчнаа болгох санал тавьж, сар бүр цалинжуулахаас гадна уураг витамин, тэмцээн, бэлтгэлийн зардлыг даах талаар ярилцсан ч тэрбээр зөвшөөрөөгүй аж. Түүнд эх орныхоо нэрийн өмнөөс гадаадын томоохон тэмцээнүүдэд оролцож түрүүлэх нь жаргалтай санагддаг байна.
Олон улсын хэмжээний мастер Ш.Даваадоржийн өрсөлдөгчдөө ялдаг нууц нь энгийн. Тэр нь тэвчээр хатуужил, сахилга бат юм. 50 гаруй насандаа ч залуу тамирчидтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд өдөр тутмын нарийн хуваарийг ягштал мөрддөг аж. Урт хугацааны зорилго тавьж, сэтгэл зүйн бэлтгэл ч бас давхар хангана. Хүйтэн усанд орохын өмнөх бие халаалт, амьсгалын дасгалыг сайн хийдэг нь түүнийг 27 хэмийн хүйтэнд, хоёр хэмийн мөстэй усанд ч барианд амжилттай орох нөхцөл бүрдүүлдэг гэхэд болно. Түүний медаль хүртсэн тэмцээнүүдийг харахад хүч, хурд шаардсан ойрын зайн төрлүүдэд түлхүү төвлөрч амжилт гаргасан байдаг. 25, 50 метрийн зайд голчлон уралддаг бөгөөд барианд дөхөх тусам хамгийн дээд хурдаар сэлэх тактикийг баримталдаг аж. Бүх төрлөөр жигд сэлэх чадвар нь амжилт гаргахад нөлөөлдөг байна. Хамгийн их хүч, техник шаарддаг далайн гахай болон мэлхий, өврөөр даллах сэлэлтийн төрөлд ч түрүүлдэг нь түүний гар, хөлийн таталтын техник, биеийн тэнцвэр өндөр түвшинд хөгжсөнийг харуулдаг.
УР ЧАДВАР, ТУРШЛАГАА ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭХЭЭР ЗОРЬСОН НЬ
Тэрбээр ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин. Хэдийгээр тэмцээнд оролцож завгүй явах нь их ч өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа хойч үедээ өвлүүлэн, улсдаа, мэргэжлийн тамирчид бэлтгэхээр зорьж, дасгалжуулагчаар ажиллах болжээ. Өдгөө тэрбээр 20 гаруй шавьтай. Тэднээс онцлох амжилт гаргасан нь түүний зээ охин М.Цэнгүүн юм. Өвөө нь өөрийнхөө удирдлагад түүнийг багаас нь усан спортоор хичээллүүлж, бэлтгэл хийх бүрдээ дагуулан ирж, сэлэлтийн суурь техникийг эхнээс нь зөв эзэмшүүлжээ. Багш, шавь хоёр АНУ-ын Виржиниа мужид 2024 оны нэгдүгээр сард болсон мөстэй усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд хамт оролцож түрүүлэн түүхэн амжилтыг бүтээсэн. Түүний шавь бэлтгэх сургалтын зарчим бол өөрийн биеэр үлгэрлэх юм. Тиймдээ ч тамирчдадаа зөвхөн зөвлөх бус, сахилга баттай, тууштай байх, цаг баримтлах соёлыг ч заадаг байна. Мөн аюулгүй байдал болон үе шаттай дасгалжуулалтаас уснаас айх айдсыг арилгах, амьсгалаа зөв хуваарилах, улмаар сэлэлтийн дөрвөн төрлийн техникийг зөв эзэмшүүлэх дарааллыг баримталдаг. Мөстэй усанд сэлэлтээр хичээллэх хүсэлтэй шавь нараа хүйтэн усанд шууд оруулалгүй, биеийн онцлогт нь тохируулан аажмаар дасгах, бие халаалтыг бүрэн хийлгэх зарчмыг хатуу мөрдүүлдэг аж.
Тэрбээр 2024-2026 онд олон тэмцээнд оролцолгүйгээр тамирчдынхаа бэлтгэл сургуулилалт, ур чадвар, техник, арга барилыг нь сайжруулан амжилт гаргуулахад анхаарсан. Эрэгтэй сэлэгчдээс А.Эрмүүнийг ДАШТ-д бэлтгэхдээ сэлэлтийн үндсэн техник, амьсгал хуваарилалт болон хурдны бэлтгэлийг ердийн температуртай усан санд тогтмол хийлгэсэн. Мөн биеийг нь огцом хүйтэнд цочирдуулахгүй байх, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх зорилгоор байгалийн задгай (Туул гол, харзны ус зэрэг +5 градус орчим хүйтэн) усанд богино хугацаагаар сэлүүлж, дасгах бэлтгэлийг ч хослуулжээ. Түүнчлэн олон улсын мөстэй болон өвлийн усанд сэлэлтийн тэмцээнээс 90 гаруй медаль хүртсэн туршлагадаа тулгуурлан, +1.5 хэмийн мөстэй усанд орсны дараах бие махбодын хариу урвалыг хэрхэн удирдах, богино зайд (25, 50 метрт) хэрхэн огцом хурд авах талаарх тактик, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байв. Хэдийгээр бэлтгэл хийх орчны хувьд харзны ус нь тэмцээнийхээс 3.5 градусаар дулаан байсан ч зөв хуваарилалттай бэлтгэлийн үр дүнд А.Эрмүүн Европын шилдэг тамирчдыг ялж, түрүүлэн дэлхийн аварга болсон юм. Шавь нь ердийн усан санд сэлэлтийн суурь техникийг эзэмшсэнийхээ дараа багшийнхаа зөвлөгөө, арга барилаар хүйтэн болон мөстэй усанд сэлэх тусгай бэлтгэлд шилжиж, олон улсын тэмцээнд амжилт үзүүлсээр байна.
Тэгвэл С.Мөнх-Оргилыг ч бас А.Эрмүүний адил амжилтад хөтөлсөн билээ. Түүнийг 2024 оны өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д бэлтгэхдээ мэлхий сэлэлтийн богино зайн тэсрэлт, хэмнэл барих техник болон хүйтэн усны дасан зохицох арга зүйг хослуулсан бэлтгэлийн тактикийг ашигласан аж. Мэлхий сэлэлт нь гар, хөлийн нэгэн зэрэг хүчтэй түлхэх болон гулсах нарийн хэмнэл шаарддаг төрөл. Багш нь түүний гар, хөлийн далайц, усан доорх гулсалтыг уртасгах, богино зайд огцом хурд авах техникийг нарийвчлан суулгасан байна. +1.5 хэмийн мөстэй усанд ороход хүний амьсгал давхцаж, булчин агших эрсдэл өндөр байдаг. Ялангуяа толгойгоо уснаас гаргаж амьсгал авдаг мэлхий сэлэлтийн үед хүйтэн агаар, усанд цочирдохгүйгээр амьсгалаа жигд барих тактикийг мөн эзэмшүүлсэн нь тэмцээний үед хэрэг болжээ. Тэрбээр томоохон тэмцээний үед сэтгэл зүйн дарамтыг даван туулах, гарааны өмнө биеэ зөв халаах, усанд орсон эхний секундээс хэмнэлээ алдахгүй сэлэх талаар багшийнхаа олон жилийн тэмцээний туршлагад суурилсан зөвлөгөөг хэрэгжүүлснээр Эстони улсын Таллин хотод болсон ДАШТ-ий хоёр зайд мөнгөн медаль хүртсэн билээ.