Манай улс нэг сая жуулчин хүлээж авах зорилтдоо хүрэхэд 42 мянган аялагч дутуу байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, 2026 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголд 958 472 жуулчин ирээд байна. Энэ нь Монголын утаагүй үйлдвэрлэлийн салбарын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
Манайд ирсэн нийт жуулчдын 76.9 хувийг орос, хятад, солонгос жуулчид эзэлж байна. 11 сарын хугацаанд хойд хөршөөс хамгийн олон буюу 330 629, Хятадаас 241 959, Өмнөд Солонгосоос 165 973 жуулчин аяллын зорилгоор Монголын хилээр нэвтэрсэн аж. Тэдний ард япон, казахстан, америк, герман, турк, франц жуулчид жагсжээ.
Салбарын мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар ирэх сарын эхэн үе гэхэд манай улс нэг сая дахь жуулчнаа хүлээж авах гэнэ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон энэ түүхэн үйл явдлыг өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлтгэж буй бөгөөд тур оператор компаниуд уг санаачилгыг нь идэвхтэй дэмжиж байна.
Ж.Сувд