
Япон Улсын сайн дурын эмч нарын багийн манайд олон жилийн турш хэрэгжүүлсэн эрүү, нүүрний төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхийг засах эмчилгээний төсөл УИХ-ын нэр бүхий гишүүний балгаар зогсжээ
Манай улс хөгжиж буй ч дотооддоо тулгарсан аливаа асуудлаа шийдчих хэмжээнд хүртлээ бие даагаагүй л байна. Ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй, байхаас байхгүйн зовлон нь их тул олон жилийн турш гадаадынхныг царайчилж, хүүхдүүддээ төрөл бүрийн мэс засал үнэ төлбөргүй хийлгэж, ДОХ, сүрьеэтэй өвчтөнүүдээ хүртэл хүмүүнлэгийн төслийн шугамаар эмчлүүлж ирсэн. Энэ нөхцөл байдал одоо ч хэвээрээ. Гэтэл сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн, сайд, дарга нар гадаадын сайн дурын эмч нарын ажлыг дэмжихийн оронд төвөг саад учруулж, багаж хэрэгсэл, эм тариаг нь хилээр оруулж ирэхгүй гацаах, тэднийг нэр хүндээ өсгөх, улс төрийн сурталчилгааны хэрэгсэл болгон ашиглах явдал газар авчээ.
Хамгийн сүүлд л гэхэд Япон Улсын сайн дурын эмч нарын багийн манайд олон жилийн турш хэрэгжүүлсэн эрүү, нүүрний төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхийг засах эмчилгээний төсөл УИХ-ын нэр бүхий гишүүний оролцоотойгоор зогссон тухай таагүй мэдээлэл нийгмийн сүлжээнд тархав. Уг мэдээлэл цацагдсаны дараа япон эмч нарыг аймаг, орон нутгаас сонгогдсон гишүүд байнга дагаж, өөрсдийн урилгаар ирсэн мэтээр танилцуулдаг, орчуулагчийг нь ятгахын тулд бэлэг сэлт өгч, тэдэнтэй уулзуулахыг шахаж шаарддаг, дарамталдаг тухай ч олон хүн бичжээ. Иймэрхүү, төрийн бус болон олон улсын байгууллага, гадаадын донор, сайн дурынхны санаачилгаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд улс төрчид нэрээ “нааж”, зураг хөргөө нийтлүүлэх, сурталчилгаандаа ашигласан жишээ өмнө нь ч хэд хэд давтагдаж байв. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хүүхдүүдэд Японы шүдний эмч нар гурван жил дараалан үнэ төлбөргүй эмчилгээ хийхэд тойргийн гишүүд нь гавьяаг нь хулгайлсан удаатай. Эдгээр тохиолдол нь Монгол төрийн нэр хүнд, эрүүл мэндийн салбарын олон улсын хамтын ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэх хэмжээний доголдол билээ. Үүнд хэн нэгэн хүнийг нэр цохон буруутгахаас илүүтэй түүний цаана хөндөгдөж буй асуудлыг авч үзэх нь зүйтэй юм. Цаашлаад манайд хүмүүнлэгийн шугамаар ирж буй гадаадын эмч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, дарамт шахалтгүй байлгах, тэдний тусламжийг хүртэгсдийн эрх ашгийг хамгаалах цаг хэдийн болсон гэсэн үг.
27 ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА НУРАН УНАВ
Япон эмч нарын Монгол дахь эрүү, нүүрний төрөлхийн гажгийн эмчилгээний хамтын ажиллагаа нь богино хугацааны төсөл биш байв. Тус улсын Аичи Гакуин их сургуулийн эрдэмтэд болон Японы Уруул, тагнайн сэтэрхийн сангийн мэргэжилтнүүдийн 2023 онд хамтран хэвлүүлсэн судалгаанд Монгол Улстай 1997 оноос хойш энэ чиглэлээр хамтран ажиллаж буйгаа онцолжээ. Үүний хүрээнд орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг түшиглэн хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээс гадна хэл яриа, сонсголын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлж ирсэн аж. Уг ажил нь гадаадын эмч нар Монголд ганц, хоёрхон хоног мэс засал хийгээд, зураг авхуулаад буцдаг жишгээс өөр. Алслагдсан бүсийн иргэдэд өндөр түвшний эмчилгээ хийх, орон нутгийн эмч нарыг чадавхжуулах зорилготой олон жилийн хамтын ажиллагаа байсан гэнэ.
Манай Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндсэний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн ч Тайванийн эмч нарын багтай хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг олон жилийн турш хэрэгжүүлж, хөдөө, орон нутгийн багачуудад, тэр дундаа уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд эмчилгээ, хагалгаа хийдэг. Гэвч салбарын санхүүжилт, хүний нөөцийн хомсдолоос үүдэн эрэлтийг төдийлөн хангаж чадалгүй өнөөдөртэй золгожээ. 2009 оноос эхлүүлсэн уг төслийн хүрээнд 300 орчим өвчтөнд мэс заслын тусламж үзүүлж, 14 мэргэжилтэн бэлтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ төрлийн эмчилгээгээ бие даан хийж хүчрэхгүй, төр засгийн тогтвортой дэмжлэггүйгээс олон жилийн турш гадаадынханд ийн даатгаж, санхүүжилт, мэргэжилтнүүдийнх нь тусламжид түшиглэж ирсэн аж. Гэвч улс төрийн ашиг хонжоо хайгч хэдхэн хүнээс болж тухайлбал, Монгол, Японы хооронд 27 жилийн турш бэхжүүлсэн дээрх хамтын ажиллагаа эдүгээ нуран уначхаад байгаа юм.
Сүүлийн жилүүдэд уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийтэй төрөх хүүхдийн тоо олширч, 1314 амьд төрөлт тутамд нэг тохиолдож буй гэсэн судалгаа бий. Энэхүү гажиг нь зөвхөн гоо сайхны асуудал бус, хүүхдийн хооллолт, хэл яриа, сонсгол, шүд, эрүү, нүүрний хөгжил, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд хүртэл нөлөөлдөг эмгэг юм. Ганцхан удаагийн мэс заслаар ч эдгэрчихдэггүй, шат дараалсан эмчилгээний явцад засардаг онцлогтойг ЭХЭМҮТ-ийнхөн учирласан. Мэс заслын эмчээс гадна эрүү, нүүрний гажиг, хэл засалч, чих, хамар, хоолойн болон хүүхдийн, мэдээгүйжүүлгийн эмч тэргүүтэй олон хүний хамтын ажиллагааны үр дүнд хийгддэг нарийн төвөгтэй ажиллавар аж. Хүүхэд өсөж томрох тусам нэмэлт эмчилгээ, давтан хяналт шаарддаг юм билээ.
Ялангуяа орон нутгийн хүүхдүүдийг эмчлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь зөвхөн тоног төхөөрөмж биш, нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтайгаас гадна хөрөнгө мөнгөгүйн улмаас хүүхдүүд хотод ирж эмчлүүлэх боломж хомс байдаг. Нийслэлд эмчилгээ хийдэг ганц баг нь ЭХЭМҮТ-д бий ч ачааллаа дийлдэггүй. Тиймээс л гадаадын сайн дурынхны тусламж, тэдний орон нутгийн эмч нарыг сургах ажил манайд нэн үнэ цэнтэйг тус төвийнхөн хэлсэн юм. Түүнээс ч илүү хүүхдүүдэд эмчилгээ ус, агаар мэт хэрэгтэй байхад улс төрчид урдуур нь дайрч, эмч нарын алтан цагийг уулзалт, танилцуулга, зураг авалтад үрж, тэднийг зугтахад хүргэсэн нь жигшүүртэй хэрэг биш гэж үү.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦӨЛӨӨР ХАНГАДАГ
Тэгвэл олон улсад сайн дурын эмч, мэргэжилтнүүдэд арай өөрөөр ханддаг. Тэдэнд хүндэтгэл үзүүлэхээс гадна мэргэжлийн болон хүний эрхийн баталгаатай орчин бүрдүүлэхийг чухалчилдаг. Ажиллах хугацаа, үүрэг хариуцлага, санхүүжилт, аюулгүй байдал, өвчтөний эмчилгээний дараах хяналт зэргийг хүртэл урьдчилан зохицуулдаг байна. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “International cleft lip and palate foundation”-ийнхэн хөгжиж буй орнуудад сайн дурын мэс заслын баг илгээн ажиллуулахдаа улс төрийн болон шашны зорилгоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй байх шалгуур тавьдаг нь манай зарим гишүүн, сайд дарга нар шиг хүмүүсээс хамгаалж буй арга хэлбэр юм. Үүний сацуу тус байгууллагын удирдамжид өвчтөний аюулгүй байдал, эмчилгээний үр дүн, орон нутгийн эмч нарын оролцоо, урт хугацааны хариуцлагыг ч бүхэлд нь “хуульчилсан” байна. Ерөнхийдөө улс төрийн дарамт, хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах нөхцөлөөр хангадаг гэсэн үг. ДЭМБ-аас ч 2010 онд баталж, 2026 онд шинэчилсэн Эрүүл мэндийн ажилтны олон улсын шилжилт хөдөлгөөний ёс зүйн кодод энэ төрлийн хамтын ажиллагаа нь зөвхөн нэг талд ашигтай байх бус, хоёр улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэх зарчмыг тусгажээ. Үүнийг нь ч улс орнууд бодлого, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж ирсэн байдаг.
Японы эмч, мэргэжилтнүүд гэхэд ЖАЙКА байгууллагынхаа хяналт, удирдлага дор 1965 оноос сайн дурын хөтөлбөрөө эхлүүлж, 2025 оны байдлаар нийт 99 улсад үүрэг гүйцэтгэжээ. Тэд хэзээ ч дур мэдэн аль нэг улсад очиж ажилладаггүй. Сонгогдсон эмч, мэргэжилтнүүд нь ихэнхдээ богино хугацаанд мэс засал хийгээд өнгөрөх бус, урт хугацааны техникийн хамтын ажиллагааны түвшинд ажилладаг тогтолцоотой. Ийм системээр ажилладаг сайн дурынхныг манай улс төрчид өөрсдийнх нь урилгаар ирсэн мэтээр бохир пиартаа ашиглаж, гутаасан явдал нь олон улсад шившигтэйд тооцогдохоор байгаа биз.
Гадаадынхны тусламж, хүмүүнлэгийн төслүүдийг зөв зохион байгуулбал үр дүнд нь олон иргэнээ илаарьшуулаад зогсохгүй эх орондоо мэргэшсэн эмч нарыг үнэ өртөггүй бэлтгэх, тоног төхөөрөмжөө сайжруулах (сайн дурынхны олонх нь эмчилгээнд ашигласан багаж, тоног төхөөрөмжөө хандивладаг), эмчилгээний чанараа дээшлүүлэх, ирээдүйд бусдын тусламжгүйгээр илүү олон хүнд туслах боломж бүрдэх сайн талтай. Харамсалтай нь, ийм чухал хамтын ажиллагааг төрөөс тогтвортой дэмжихийн оронд олон улсын байгууллагынхныг хавчиж, элдэв зөвшөөрөл, бичиг цаасаар айлган сүрдүүлж залхаадаг, төрийн албан тушаалтнууд нь ёс зүйгээ уландаа гишгэж, ашиг хонжоо хайсаар тэднийг үргээх болсон нь хөөрхийлөлтэй.
Цаашид ийм алдаа гаргахгүйн тулд ядахдаа Эрүүл мэндийн яам нь гадаадын сайн дурын эмч нарыг хүлээн авах нэгдсэн журамтай болох хэрэгтэйг учир мэдэх хүмүүс хэлж буй. Хүмүүнлэгийн төсөл бүрд хүлээн авагч эмнэлэг, гадаадын түнш, холбогдох төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхойлсон гэрээ байгуулах шаардлагатай гэв. Ингэснээр албан тушаалтан солигдоход, эсвэл улс төрчдийн оролцоотойгоор төсөл гацдаг, бүрмөсөн зогсдог явдлыг таслан зогсоох боломжтой аж.
Улмаар олон улсын төслүүдийн үр дүнг ил тод тайлагнах, хэчнээн мэргэжилтэн сургасан, ямар тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн зэргийг нийтэд мэдээлснээр хүмүүнлэгийн төслүүдийг улс төрчид “хулгайлах”-аас сэргийлэх, сурталчилгаанд ашиглах явдлыг арилгах нөхцөл бүрдэнэ. Эцэст нь хэлэхэд, олон улсын сайн дурын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон итгэлцэл, туршлагыг хамгаалах, тэднийг хүнд сурталгүй, мэргэжлийн түвшинд хүлээн авах, хэн нэгэн буруутай этгээдээс үүдэн хүмүүнлэгийн төслүүд зогссон бол эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнүүдийн өмнөөс хариуцлага хүлээлгэдэг тогтолцоонд шилжих цаг хэдийн ирээд байна.