Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг Улиастайд 280 ортой цэцэрлэгийн шинэ барилгыг Улсын комисс энэ сарын 18-нд хүлээн авлаа. Тус хороонд цэцэрлэгийн буюу 2-5 насны 450 хүүхэд амьдардаг аж. Тэдний 100 гаруй нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй байж.
Тус хороонд нийслэлийн 211 дүгээр цэцэрлэг нь 150 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд дэргэдээ гэр цэцэрлэг ажиллуулдаг байжээ. Тухайн гэр цэцэрлэгийн суурин дээр 280 хүүхдийн багтаамжтай барилга барьснаар хамран сургах тойргийн багачууд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж нэмэгдэн, стандартын шаардлага хангасан, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөл бүрдэв. Шинэ цэцэрлэгийг долоон тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Жамъян пайтан” ХХК гэрээт хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга барьж, ашиглалтад оруулжээ. 1987 онд барьсан тус сургууль 640 хүүхэд л хүлээн авах хүчин чадалтай хэдий ч үүнээсээ хоёр дахин олон сурагч суралцдаг ачаалал өндөртэй байж. Харин өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар орчин үеийн стандартын шаардлага хангасан номын сан, спорт болон урлагийн заал, гал тогоотой болжээ.
Ч.Болор