Анагаахын шинжлэх ухаанд Симсийн толь хэмээн нэрлэсэн нэгэн багаж бий. Эмэгтэйчүүдийн үзлэг хийхэд ашигладаг уг багажийг XIX зуунд бүтээсэн Америкийн мэс засалч Марион Симс давсаг, үтрээний цоргыг мэс заслаар эмчлэх арга боловсруулсан зэрэг олон гавьяатай. Гэвч шинжлэх ухааны “нэрийн өмнөөс” харгис туршилтыг ч цөөнгүй хийсэн. Тэрбээр Алабама мужид 1845-1849 онд хар арьст эмэгтэйчүүдэд мэдээ алдуулагчгүйгээр хагалгааг олон удаа туршжээ. Үүнийх нь төлөө орчин цагийн америкчууд түүний гавьяаг үл харгалзан Нью-Йорк дахь хөшөөг нь 2018 онд буулгуулсан түүхтэй.
Калифорни дахь Сан-Квентин шоронгийн ерөнхий эмч Лео Стэнли бараг 40 жил буюу 1913-1951 онд хоригдлуудыг туршилтын зэвсэг болгосон харгис түүх бий. Тэрбээр тестостероны үйл ажиллагаа нь хэвийн бус эрчүүд хүчирхийлэл үйлддэг учраас уг дааврын ялгарлыг нэмэгдүүлснээр гэмт хэрэг гарах нь даруй буурна гэсэн өөрийн үзэл баримтлалыг батлахаар давуу талаа ашиглан цуврал туршилт хийсэн. Ингэхдээ цаазлуулсан хоригдлын төмсгийг тэр даруй хэдэн хормын дотор аваад амьд нэгэнд нь шилжүүлэн суулгадаг байжээ. Ингээд зогсохгүй амьтдын төмсгөөс гаргаж авсан үл мэдэгдэх шингэнийг хоригдлуудын эрхтэнд тарих зэргээр хэдэн мянган туршилтынхаа талаар нэгбүрчлэн тэмдэглэсэн баримт нь бий.
Үүнтэй төстэй харгислал үйлдсэн өөр нэгэн бол Португалын эмч Эгас Мониш. Тэрбээр тархины “гажсан” хэсгийг нь авах, эсвэл үйл ажиллагааг зогсооход тухайн хүн сэтгэцийн өвчнөөсөө сална гэж батлахаар 1935 онд туршилт хийв. Үр дүн гарахгүй байсан ч үргэлжлүүлсээр, олон хүнийг тэнгэрт илгээсэн түүний тэнэглэлийг нэг өвчтөн нь тасалсан аж. Нэг туршилтынх нь “туулай” эмчийг буудаж хороосон бол 1949 онд Нобелийн сангаас Эгас Монишид анагаахын шинжлэх ухааны шагнал хүртээжээ.
Америкийн эмч Хенри Эндрюс Коттон мөн л өөртөө итгэж, муйхарласан. Трентон хотын сэтгэцийн эмнэлгийн захирлаар ажиллаж байхдаа “Сэтгэцийн өвчин нь бие махбодын далд халдвараас үүдэлтэй” гэсэн онолоо батлахаар 1907 онд өвчтөнүүдэд туршилт хийж, зориудаар эд эрхтэнүүдэд нь халдвар үүсгэгч элдэв бичил биет тарьсан нь хэдэн мянгаар тогтохгүй гэнэ. Тэрбээр сүүлдээ өөрийн болон эхнэр, хүүхдүүдийнхээ шүдийг суга татаж, нэг хүүгийнхээ гэдсийг тайрч, туршсан түүхтэй “галзуу” нөхөр.
Анагаахын шинжлэх ухааныг аймшгийн “кино” болгосон өөр нэг түүх 1932-1972 онд мөн л Америкт өрнөсөн. Алабама мужийн Таскиги хотын эмнэлэгт хийсэн цуврал туршилтаар тэмбүү өвчин ямар үе шаттай, хэрхэн өрнөж, халдварладаг хийгээд үйлчлэх эм, бэлдмэл нь юу болох, хэр тэсвэрлэх зэргийг мэдэх зорилготой. Туршилтад хар арьстнуудыг хамруулж, бэлгийн замын халдварт өвчнийг зориудаар халдаасны дараа эмч нар “Үүнийг эмчлэх арга одоогоор байхгүй” хэмээн төөрөгдүүлж, элдэв эм, тариаг дураар туршиж байв. Тухайн үед тэмбүүгийн эсрэг эм, тарилга хэдийн гарсан байсан ч туршилтын хугацаанд олон зуун хүн нас барсан, тэр дундаа гэр бүлээрээ сүйрсэн нь ч бий. Энэ бол зориудаар хоморголон устгасан гэмт хэрэг мөн гэж үздэг. Тэгвэл 2010 онд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Гватемал улсаас албан ёсоор уучлалт хүссэн нь ийм нэг туршилттай холбоотой. Америкчууд 1946 онд тэмбүүг пенициллинээр эмчилж болох, эсэх туршилтад тус улсын 1300 гаруй иргэнийг хамруулсны дийлэнх нь хоригдол, сэтгэцийн өвчтөн байв. Энэ мэтээр түүхэнд хар мөртэй туршилт олон. Золиосгүй шинжлэх ухаан үгүй гэсэн муйхарлал өнөө үед ч байсаар. Анагаахын туршилтад голчлон мэрэгчид болон хүн төрхт сармагчингуудыг хамруулдаг нь мөн л нэг төрлийн хүчирхийлэл бөгөөд өнөө цагт ийм балмад явдлыг зогсоохыг олон улсын түвшинд шаардах болжээ.
Тэгвэл шинжлэх ухааны хөгжилд өөрийн хүсэлтээр бие махбодоо тушаасан хүний түүх цөөнгүй. Гэхдээ ихэвчлэн “нас барсны минь дараа намайг ашиглаарай” гэсэн утга бүхий гэрээслэлтэй. Тэд эд, эрхтэнээ хандивлахаас эхлээд суурь судалгаанд бүхлээр нь ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Жишээ нь, Америкийн иргэн, герман эмэгтэй Сьюзан Кристина Поттер Колорадогийн их сургуулийн онцгой нэг төсөлд өөрийгөө хандивласнаар цогцсыг нь хөлдөөж, 27 000 хэсэгт хувааж, зүсэлт бүрийн зургаар нь анагаахын салбарынханд зориулсан дэлхийн хэмжээнд хамгийн дээд нарийвчлалтайгаар хүний биеийн бүтцийн гурав хэмжээст загвар бүтээсэн. Тэнгэрт хальсныхаа дараа “Үхэшгүй цогцос” хэмээн нэрлэгдсэн тэр эмэгтэй 87 наслахдаа сүүлийн 30 гаруй жилийн турш арьс, хөхний хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчний улмаас нийт 26 удаа хагалгаа хийлгэсэн бөгөөд шинжлэх ухаанд биеэ тушаах бэлтгэлийг 2000 оноос хойш эмч нарын удирдлага дор хийжээ.
Хүн, амьтны биеийн эд, эсийг удаан хугацаанд хадгалж, цогцсыг хатаах технологи боловсруулсан (занданшуулах арга гэдэгтэй адил хуванцаржуулах технологи гэж шинжлэх ухаанд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн) Германы эрдэмтэн Гюнтер фон Хагенсын “Хүний биеийн ертөнц” үзэсгэлэн дэлхийд алдартай. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард нас барсан бөгөөд гэрээслэлийнх нь дагуу хуванцаржуулах технологийг нь ашиглан цогцсыг нь мөнхжүүлжээ. Түүнчлэн алдарт дуучин Бобби Дарин, Холливудын жүжигчин Баттерфлай Маккуин, Ричард Хейдн нарын олон хүн шинжлэх ухааны хөгжилд өөрийгөө тушаах гэрээслэл үлдээсэн бол амьд сэрүүн үедээ туршилтын “туулай” болсон эрдэмтэн, мэргэжилтэн ч цөөнгүй. Тэдний нэг нь Австралийн Перт хотод амьдарч буй Барри Маршалл. Хеликобактерийг нээсэн эрдэмтэн бөгөөд ходоодны шархлаа нь стрессээс бус, уг бичил биетийн нөлөөгөөр үүсдэг гэж батлахаар өөртөө туршсан. Хеликотой уусмал ууж халдвар аваад өөрийгөө эмчилсэн тэрбээр 2002 онд Нобелийн шагнал хүртсэн.
Хүний бие махбод хэр хэмжээний хурдатгалыг тэсвэрлэх чадвартайг батлахаар пуужингийн чарганд сундлаад цагт 1 000 гаруй км хурдалсан “тэнэг” хүний түүх 1950-иад оных. Жон Пол Стапп бол АНУ-ын цэргийн эмч бөгөөд энэ мэт эрсдэлтэй олон зүйлийг биеэрээ туршсан. 1999 онд 89 насандаа бурхан болсон тэрбээр туршилтынхаа үеэр хавиргаа хугалж, нүднээсээ салах шахсан талаар дурсамждаа өгүүлсэн нь бий.
Шинжлэх ухааны нээлт, туршилтууд үүнчлэн асар их гарз, золиос шаардаж, урт зам туулдаг боловч төгсгөлд нь ямартай ч ус, тос нь ялгарч үр дүнтэй, эсвэл сөрөг үр дагавартай нь тодорхой болдог. Дээр дурдсан жишээнүүд ч адил. Тэгвэл Америкийн сэтгэл судлаач, доктор Жеймс Хирам Бедфордын хувьд хамрагдсан судалгаа, туршилтынхаа үр дүнг хүлээгээд 60 дахь жилтэй золгох гэж байна. Төсөөлөх боломжгүй хөгжлийн үр дүнд түүнийг амилуулж чадах болов уу
АНХДАГЧ “МӨСӨН” ХҮН ХААНА БАЙНА ВЭ
1893 онд төрж, хорвоог 73 жил туулахдаа сэтгэл судлалын салбарт тодорхой мөр үлдээсэн эрдэмтэн Жеймс Бедфорд ирээдүйн шинжлэх ухааны хөгжилд бат итгэж, амьдралд дахин хөл тавих найдвар тээсээр нүд анив. Түүнийг үдэх ёслол өргөн хүрээнд болоогүй. 1967 оны нэгдүгээр сарын 12-нд бөөр, уушгины хорт хавдрын улмаас амьсгал хураасан Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын профессорын цогцоcд тусгай бодис DMSO буюу диметил сульфоксид тарьж, хуурай мөсөөр хасах 79 градус хүртэл “царцаагаад”, дараагийн шатанд
Аризона мужийн Финикс хот дахь Эдвард Хоупын “Cryo-сare” төвд мэргэжилтнүүдийн өндөр хяналт дор шингэн азотоор гүн хөлдөөжээ. Тодруулбал, Цельсийн хасах 196 градуст хөлдөөсөн цогцос нь өдгөө Аризона мужийн Скотсдейл хот дахь Alcor Life Extension Foundation буюу криохадгалалтын судалгаа, үйлчилгээгээр дагнадаг шинжлэх ухааны байгууллагын байгууламжид хадгалагдаж байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг гурвантаа байгууллага хооронд шилжүүлсэн нь энэ салбарын хөгжил, санхүү зэрэгтэй холбоотой.
Тодруулга
Крионик буюу хүн, амьтныг нас барснаас хойш тодорхой цаг хугацаанд амжиж, эд, эсийн задралыг удаашруулах зорилгоор хөлдөөж, хадгалах аргыг туршсан анхны хүн нь Ж.Бедфорд. Энэ салбар харьцангуй залуу бөгөөд олон улсын крионикийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 12 буюу анхны үйлчлүүлэгчийнхээ таалал төгссөн өдөр тэмдэглэдэг. Ингэхдээ түүний дурсгалыг хүндэтгэж, “Бедфордын өдөр” хэмээдэг. Өнөөгийн байдлаар дэлхий хэмжээнд 700 гаруй “хүн” крионик технологиор “гүн нойрсож” буй гэсэн баримт бий. Тухайлбал, АНУ-ын хэмжээнд 640 гаруй хүн, 113 тэжээвэр амьтан дараагийн амьдралаа хүлээж байна. Түүнчлэн Австрали, Хятад, Европын зарим орны төвүүдэд энэ технологиор” нойрссон” үйлчлүүлэгчид бий.
Тэгвэл ирээдүйд дахин амилах хүсэлтэй 6000 гаруй хүн гэрээслэлдээ крионик хөлдөөх технологийг тусгаж, тухайн байгууллагуудын гишүүн болжээ.
Дээр хүн зэрэг хэдэн үгийг хашилтад авсан шалтгаан нь тухайн амийг тасарсны дараа буюу үхсэнийх нь хойно хөлдөөх үйл явцыг хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг албан ёсоор нас барсан гэж зарласан буюу үхлийг нь мэргэжлийнхэн тодорхойлсны дараа крионик технологийг хийдэг нь хууль эрх зүйн шаардлагатай холбоотой. Хууль ёсоор нас барсан гэдэг нь зүрх зогсож, амьсгал тасарсан үе буюу клиник үхлийг хэлдэг. Энэ мөчид тархины эсүүдийн ой санамж, хувь хүний мөн чанар зэрэг мэдээлэл устаж амжаагүй байдаг. Хүний ой санамж үхээгүй энэ үед хөлдөөх үйл явцыг хийдэг байна.
Орчин үеийн анагаах ухааны хөгжил крионикоор гүн хөлдөөсөн цогцсыг амилуулах хэмжээнд хүрээгүй учраас тухайн амь нас барахаас өмнө энэ аргыг хэрэглэх хориотой. Уг нь амьд үед нь хөлдөөвөл ирээдүйд сэрэх магадлал өндөр ч хууль эрх зүйн орчин одоогоор ийм байна.
Өөрийн хүсэлтээр “мөс” бологсдыг зүгээр л хадгалаад байхгүй. Тодорхой хугацаанд үзлэг хийж, “амин” үзүүлэлтийг нь хянадаг аж. Жишээ нь, нэгэн жарны өмнө 100 000 ам.доллар төлж, хөлдөөлгөсөн Ж.Бедфордын цогцсыг 1991 оны тавдугаар сард буюу 24 жилийн дараа мэргэжилтнүүд шалгасан талаараа “Бие дээр дахин талсжаагүй хяруутай, цусны харагдах ул мөр тод улаан хэвээр байсан нь задрал байхгүйг баталж байна. Үнэлгээг энгийн нүдээр ажиглах аргаар хийсэн. Цогцсыг капсулаас нь гаргаж, шинэ криостат руу шилжүүлэхийн өмнө шингэн азотын нээлттэй ванн (усанд орох онгоц)-д богино хугацаанд байрлуулсан. Бүрэн бүтэн байдлыг нь хамгаалахын тулд эд, эс, цусны шинжилгээ хийгээгүй. Нүд хагас нээлттэй хэвээр, эвэрлэг бүрхэвч нь шохойн цагаан өнгөтэй болсон. Ам, хамраас цусархаг шингэн ялгарсан нь нас барахаас өмнө уушгины хорт хавдрын үсэрхийллийн үр дагавар. Цогцос бүрэн сайн хадгалагдаж байгааг тогтоов” гэж тайландаа тэмдэглэжээ. Хэдийгээр хадгалалт горимын дагуу сайн байгаа ч цээж, хүзүү, баруун гарын арьсан дээр улайлт болон өнгө алдсан хэсгүүд илэрсэн бөгөөд үүнийг 1967 онд хэрэглсэн бодисоос болж үүссэн гэж үзжээ. Мөн анхны хөлдөөх үйл явцад ашигласан хуурай мөсний даралтаас болж хамар нь бага зэрэг хавтгайрсныг мэргэжилтнүүд тайлагнажээ.
1967 онд хүн төрөлхтний түүхэнд анх удаа крионик аргаар хөлдөөх ажиллагаанд Калифорнийн Крионикийн нийгэмлэгийн Рено Абле, Данте Брунол, Роберт Прехода, Роберт Нельсон нар оролцсон бөгөөд бүгд бурханд одсон. Тэдний нэг нь мөн л дахин “төрөхөөр” шинжлэх ухааны хөгжлийг хүлээж, тус нийгэмлэгийн байгууламжид “амьдарч” байна.
30 ГАРУЙ “НАСТАЙ” НЯРАЙ
Анагаахын шинжлэх ухааны нэгэн тэсрэлт болсон крионикийн технологийн гайхалтай үр дүнгийн талаар дэлхийн хэвлэлүүд 2022 онд онцгой шуугиантай мэдээлсэн. Тодруулбал, 30 гаруй жилийн турш криобанкинд хадгалсан үр хөврөлөөс ихэр хүүхэд “ургасан” юм. Орчин үеийн анагаах ухаанд үр хөврөл, өндгөн болон эр бэлгийн эсийг хөлдөөж хадгалаад, “амилуулах” нь түгээмэл үзэгдэл. Гэвч олон арван жилийн дараа хүүхэд болсон нь цөөн. Анхны тохиолдол нь 2020 онд төрсөн Молли Гибсон хүү. Түүний “ургасан” үр хөврөл 27 жил хадгалагдсан. Харин алдарт ихэр Лидия болон Тимоти Риджуэйгийн үр хөврөл 1992 оны дөрөвдүгээр сараас хойш 30 жил, 192 хоног “хөлдөөгчид” байсан. Гурван арваныг дамжсан анхны дээд амжилт гэсэн үг. Шингэн азотод Цельсийн 128 градуст хадгалж байгаад эхийн умайд шилжүүлснээр төрсөн хүүхдүүдийн үр хөврөлийн биологийн эцэг эх нь тухайн үед 50, 34 настай байв. Тэд гэр бүл биш, өндгөн эсийн эзэн эмэгтэй нь донор байжээ. 1992 онд үр удмаа “хөлдөөгчид”үлдээсэн аав удалгүй тархины эсийн хатуурлын улмаас нас барсан. Ихрүүдийг төрөх үед Риджвэйсийн гэр бүл дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд “Бурхан минь, Лидия, Тимоти хоёрыг хадгалах саванд хийх үед бид таван настай байсан” гэсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн онд дээд амжилтыг эвдсэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 31 жил, 56 хоног хадгалсан үр хөврөл хүн болон мэндэлсэн юм. 1994 онд бүрэлдээд, “дуншиж дуншиж” 2025 онд мэндэлсэн хүүгийн биологийн эцэг, эх нь тухайн үед дөрвөн үр хөврөл хадгалуулжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхийн хэмжээнд хөлдөөсөн үр хөврөл шилжүүлэн суулгах аргаар төрсөн хүн 17 сая орчим бий. 1984 онд “хөлдөөгчний” анхны хүүхэд төрснөөс хойш их статистикийн тойм ийм бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо эрчимтэй өсөж буй.
ХЭЛЭХ ҮГГҮЙ ТЭНЭГ
Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө өөрийгөө болон бусдыг, ялангуяа амьтдыг харамгүй тамлаж, зовоосон хамгийн хачин, гаж гэмээр зарим мэргэжилтэн, тэдний туршилтыг багцлав. Илья Иванов бол зохиомол хээлтүүлэг, эрлийзжүүлх чиглэлээр мэргэшсэн Зөвлөлт, Оросын биологич. Энэ аргыг боловсруулж, практикт нэвтрүүлсэн түүний хамгийн маргаантай судалгаануудын нэг нь хүн ба сармагчны холимог үр төл бүтээх оролдлого. Эрэгчин шимпанзегийн бэлгийн эсийг хүний өндгөн эстэй “эвцэлдүүлэх” санаагаа Африк болон Сухумид хэрэгжүүлж байсан түүнийг Францын Засгийн газар эрс эсэргүүцсэн түүхтэй. Зөвлөлтийн мэс засалч Владимир Демихов эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Ингэхдээ хамгийн адгийн туршилтуудыг хийсэн нь түүхэнд тэмдэглээстэй буй. Тэрбээр хоёр толгойтой нохой бүтээж, хэд хэдэн нохойн хөлний байрлалыг солих зэргээр харгислал үйлдэж байв.
1962 онд Оклахома хотын амьтны хүрээлэнд сэтгэцийн эмч Л.Жолион Вест, Честер Пирс нарын Энэтхэг заанд хийсэн харгислалыг туршилт гэх аргагүй. Тэдний зорилго сэтгэцийн өвчний биохимийн мөн чанарыг судлах. Эрэгчин заануудыг өдөөхийн тулд 297 миллиграмм LSD буюу галлюциноген тарьж байв. Энэ нь хүний ухамсар, сэтгэл санаа, сэтгэхүй болон гадаад ертөнцийг хүлээн авах өөрчилдөг сэтгэцэд нөлөөт бодис юм. Тунг нь хэтрүүлснээр хий юм харах, сонсох зэргээр мэдрэхүйн гажуудал үүсдэг байна. Заанд хийсэн тун нь хүнд хийдгээс даруй 3000 дахин их. Ингэж тариулсан заанууд удалгүй ухаан алдан, таталт өгч, тарчилж үхдэг байжээ.
Америкийн сэтгэл судлаач Харри Харлоу эхийн хайр, халамж хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд нялх моншнуудыг ашигладаг байснаараа алдартай. Тэднийг зориуд эхээс нь салгаж, даавуугаар бүрсэн төмөр “ээж”-тэй өсгөсөн байжээ. Мөн моншнуудыг харанхуй хонгилд бүтэн жилээр хорьж, сэтгэл гутралд оруулж туршина. Үүнийг нь түүхэнд “цөхрөлийн нүх” хэмээжээ.
Э.Хана