Монгол, ОХУ-ын хамтарсан хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатарт өчигдөр зохион байгууллаа. Тодруулбал, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын удирдлага, сэтгүүлчид, мэргэжилтнүүд форумд оролцож, дэлхийн мэдээг үндэсний онцлогт нийцүүлэн хүргэх арга, хиймэл оюуны хэрэглээ, орчин үеийн медиа хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тус форумыг ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн яам, “Россия сегодня” мэдээллийн агентлаг болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог болжээ. Үүний хүрээнд Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг мэдээллийн салбар, сэтгүүлчдээр дамжуулан бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв. Мөн талууд цаашид ямар төслийг хамтран хэрэгжүүлэх болон хамтын ажиллагааны чиглэлийн талаар саналаа нэгтгэхийн зэрэгцээ хэлэлцүүлгийн үр дүнг мэдээлэх юм байна.
С.Цэрэн